Хөрсний эвдрэлийн зэрэглэл
Тухайн газрын хөрс нь янз бүрийн хэмжээнд эвдрэлд орсон байж болно. Хөрсний эвдрэлийн зэрэглэлийг харьцуулсан судалгаагаар тодорхойлно. Тухайн газрын хөрстэй адил нөхцөлд орших хүний үйл ажиллагааны нөлөөлөлд ороогүй болон эвдрэлд орсон газрын хөрсний зүсэлт хийж, морфологи тогтцын бичиглэл, хөрсний дээж авч харьцуулан судална.
Хөрсөн бүрхэвч байхгүй болсон газар онцгой их эвдрэлтэй хөрс гэдэг зэрэглэлд багтана. Тухайлбал, уурхайн карьер, хөрс үүсгэгч чулуулаг газрын гадарга дээр ил гарах гэх мэт. Хүчтэй эвдрэлд орсон хөрсний “А” давхарга байхгүй болж зөвхөн “В” давхаргын тодорхой хэсэг нь үлдсэн байна. Хөрсний эвдрэлийн зэрэглэлийг ялзмагийн нөөцөөр тогтооход хөрсний үе давхаргуудын зузаан, ялзмагийн агууламж, эзлэхүүн жин гэсэн үзүүлэлтүүдийг тогтоосон байх шаардлагатай.
Хөрсний эвдрэлд газарзүйн хүчин зүйлүүд тодорхой нөлөө үзүүлнэ. Хэт налуу газарт байгалийн элэгдэл, эвдрэл илүү их явагддаг онцлогтой. Гуу жалга бол хөрсөн бүрхэвчийн шугаман элэгдэл, эвдрэлийн гол үзүүлэлтийн нэгд тооцогдоно. Тухайн газрын хөрсний эвдрэлийг хээрийн нөхцөлд шууд тогтоох хамгийн хялбар арга нь ялзмагт давхаргын зузааны багасалтыг ижил нөхцөлд орших эвдрэлд ороогүй хөрстэй харьцуулан судлах арга юм.
Судалгаа явуулж буй газрын хөрсний эвдрэлийн зэрэглэлийг өнгөн хөрсний эвдрэлийн шинж чанарын үзүүлэлтүүд болон хөрсний эвдрэлийн газарзүйн үзүүлэлтүүдийг ашиглан тодорхойлж, хөрсний эвдрэлийн зэрэглэлийн дагуу зураглаж талбайг тодорхойлно. Хөрсний зураглалын аргазүйг ашиглахаас гадна, агаар сансрын зураг, газарзүйн мэдээллийн системийг өргөн ашиглана.