Хөрсний эвдрэлийн зэрэглэл тодорхойлох.2024
Хөрсний эвдрэлийн зэрэглэлийг харьцуулсан судалгаагаар тодорхойлно. Тухайн газрын хөрстэй адил нөхцөлд орших хүний үйл ажиллагааны нөлөөлөлд ороогүй байгалийн унаган төрхөөрөө байгаа хөрс болон эвдрэлд орсон газрын хөрсний зүсэлт, морфологи тогтцын бичиглэл хийж, хөрсний дээж авч харьцуулан судална.
Хөрсөн бүрхэвч байхгүй болсон газар онцгой их эвдрэлтэй хөрс гэдэг зэрэглэлд багтана. Тухайлбал, уурхайн карьер, хөрс үүсгэгч чулуулаг газрын гадарга дээр ил гарах гэх мэт. Хүчтэй эвдрэлд орсон хөрсний "А" давхарга байхгүй болж зөвхөн "В" давхаргын тодорхой хэсэг нь үлдсэн байна.
Хөрсний эвдрэлийн зэрэглэлийг ялзмагийн нөөцөөр тогтооход, хөрсний үе давхаргуудын зузаан, ялзмагийн агууламж, эзлэхүүн жин гэсэн үзүүлэлтүүдийг тогтоосон байх шаардлагатай. Тухайн газрын хөрсний эвдрэлийг хээрийн нөхцөлд шууд тогтоох хамгийн хялбар арга нь ялзмагт давхаргын зузааны багасалтыг, ижил ландшафтын нөхцөлд орших эвдрэлд ороогүй хөрстэй харьцуулан судлах арга юм.
Хөрсний дээжийг MNS 3298:1991, MNS ISO 5367:2004, MNS ISO 11464:2002, MNS 5546:2005 стандартуудад заасны дагуу авч шинжилгээнд бэлтгэх, шинжилгээ хийх ажилбар хийгдэнэ. Судалгаа явуулж буй газрын хөрсний эзлэхүүн жин хөрсийг ашиглаж байгаа нөхцөлөөс хамаарч богино хугацаанд өөрчлөгдөж байдаг үзүүлэлт тул үе давхарга тус бүрт эзлэхүүн жинг заавал тодорхойлно. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын 2016 онд Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн баталгаажсан Монгол оронд зонхилон тархсан “хөрсний эзлэхүүн жингийн дундаж үзүүлэлт”-ийг өөрийн хийсэн судалгаатай харьцуулан баталгаажуулах, шалгах зорилгоор ашиглаж болно.