Хөрсний үнэлгээний засварын коэффициентүүд
Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээнд тухайн судалгаанд хамрагдсан талбайн хөрсний шинж чанар, байгаль газарзүйн хүчин зүйлийн бодит үр дүнг шингээх зорилгоор хөрсийг үнэлэх засварын коэффициент хэрэглэнэ.
Тухайн газрын хөрсний шинж чанарын үзүүлэлтийн коэффициент Кр-г тодорхойлохдоо хөрсний чулуу, механик бүрэлдэхүүн, давсжилт, карбонат илрэх гүн, солилцоот натри, урвалын орчинд харгалзах коэффициентүүдийг үржүүлснээр хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээнд ашиглагдах бодит засварын коэффициент гарна.
Тухайн газрын хөрсний газарзүйн үзүүлэлтийн засварын коэффициент Кg-г тодорхойлохдоо гадаргын налуу, гуу жалгын нягтрал, ургамлан бүрхэвч, гадаргын хад чулуу, бичил овон, товон, гадаргын элсэн бүрхэц, ус чийгийн байдал зэрэг харгалзах коэффициентүүдийг үржүүлсэнээр хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээнд ашиглагдах бодит засварын коэффициент гарна.
Хөрсний засварын коэффициентүүд Кр, Кg- ийн харгалзах утгууд нь хөрсний өөр өөр шинж чанарыг заасан тул харгалзах итгэлцүүрүүдийн геометр дунджаар тодорхойлно.
Тухайн газар нутаг бүрийн хөрсний шинж чанар өөр өөр байдаг учраас хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээ хийх гэж байгаа газарт газрын хянан баталгаа, зураглалын ажил хийснээр үнэн бодитой хөрсний чанарын үнэлгээ хийгдэнэ.