Хөрс, хөрсөн бүрхэвчийг үнэлэхэд баримталсан зарчим
Хөрс гэдэг нь газрын гадаргын дээд хэсэгт орших үржил шимт үе давхарга бөгөөд хурдас чулуулаг, уур амьсгал, ургамал, амьтан, газрын гадарга, цаг хугацааны хүчин зүйлүүдийн нарийн төвөгтэй үйлчлэлийн үр дүнд бий болдог. Хөрс үржил шимтэйгээрээ байгалийн бусад баялагаас ялгагдах бөгөөд хөрсний үржил шим гэдэг нь ургамлыг шаардлагатай шим тэжээлийн бодис усаар хангах, үндэсний системийг агаар болон тохиромжтой дулааны нөхцөлд байлгаснаар ургамлын ургах, ургац өгөх нөхцөлийг бүрдүүлэх чадварыг хэлнэ.
Хөрс үржил шимт чанараа алдах үйл явцыг хөрсний доройтол гэх бөгөөд хөрс доройтох дараах үндсэн 3 шалтгаан байдаг. Үүнд:
a) Хүний үйл ажиллагаанд удаан хугацаанд ашиглагдсан, эсвэл уур амьсгалын хуурайшилтын нөлөөгөөр хөрс нь эрдэсжиж хөрсний ерөнхий үржил шимийн бууралт болдог.
b) Хөрс бохирдох нь хүний үйл ажиллагаатай холбоотой бөгөөд хөрсний бохирдлын түвшин нь бохирдуулагч бодисын шинж чанар, тархалт, нэвчилтийн гүн, хөрсний шинж чанар, хур тунадас, газрын байрлал зэрэг олон үзүүлэлтээс хамаарна. Хөрсний бохирдол болон элэгдэл эвдрэл нь хоорондоо салшгүй холбоотой тул бохирдолтод өртсөн хөрс ихэнх тохиолдолд тодорхой хэмжээгээр мөн эвдрэлд ордог. Гэхдээ эвдрэлд ороогүй хөрс бохирдож болно.
c) Хөрс байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр элэгдэж эвдэрнэ. Газрын эвдрэл нь хөрсний эвдрэлээс арай илүү өргөн ойлголт бөгөөд хөрс болон түүний доод талын хурдас чулуулаг элэгдэл эвдрэлд орохыг хамтад нь газрын эвдрэл гэж үзнэ. Хөрсний эвдрэлээр хөрсний үржил шимт чанар алдагддаг учраас хурдас чулуулгийн эвдрэлийг бодвол экологийн хувьд арай илүү хохирол болно. Учир нь ургамал ургахгүй, амьд организмын амьдрах орчин алдагдах нь цаашдаа амьдрах орчинд нөлөөлнө гэж үзнэ.
Үржил шимт хөрстэй газрын үнэ нь хот, суурин, төв замд ойрхон байрлалтай, услах боломж зэргээс хамаарч янз бүр байна. Гадаад орнуудад 1.0 га тариалангийн газар 300–7000 доллар хүртэл хэлбэлзэж байгаа нь зах зээлийн үнэ, ханш болохоос хөрсний үржил шимийн үзүүлэлтээр тооцсон экологийн үнэ, цэнэ биш юм. Газрын зах зээлийн үнэлгээний туршлагаас харахад үржил шимт газар нь үндсэн хөрөнгөд тооцогддог бөгөөд байнга үнэ ханш нь өсч байдаг зүй тогтолцтой явж иржээ. Тиймээс хөрс, хөрсөн бүрхэвчид үзүүлсэн хохирлыг хөрсний үржил шимийн үзүүлэлтэд үндэслэх зарчмыг аргачлалд баримталсан болно.