Jump to content

Хөрс боловсруулалт (Органик хүнсний ногоо тариалах)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөрс боловсруулалтын үндсэн зорилго нь зохих хэмжээний нягтралтай, жижиг үрлэн бүтэцтэй, тэгш гадаргуутай, өндөр үржил шим бүхий зузаан хагалагдах үеийг бий болгоход оршино. Нөгөө талаар хар ухаанаар ойлгоход үр ургах аятай таатай үрийн хэвтэр бэлдэх зорилготой юм.

Хөрс боловсруулалтыг гүн ба өнгөц гэдэг ба гүн боловсруулалт нь 25 см гүнд, өнгөн боловсруулалт нь 14-15 см гүнд хийхийг хэлнэ. Мөн жил дараалан хагалгаа боловсруулалт хийж байгааг хөрсний өнгөн боловсруулалтын технологи хийгдэх юм байна гэж ойлгож болно. Үүнтэй холбогдож тухайн жилийн агротехинологийн мөрдөгдөх хуудас, зардлууд тооцогдох учир хөрс боловсруулалтын технологийг ургамлын ээлжлэн тариалалттай уялдуулж тухайн жилдээ боловсруулж байх шаардлагатай.

Хавж боловсруулах арга байдаг ба гүн хаван сийрүүлэгчээр үндсэн боловсруулалтыг 30 см хүртэл гүнд сийрүүлэх үйлдэл болно. Гүн хаван сийрүүлэхэд сүрэл болон ургамлын үлдэгдэл газрын гадаргуу дээр үлдэж, хөрсийг салхинд хийсэхээс хамгаалдаг. Мөн өвөл цас тогтож, хөрсний чийгийн нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гүн хавсан хөрс хаврын цасны усыг гүйцэд шингээж авна.

Хөрс боловсруулалтыг цомхтгох нь хөрсийг аль болохоор цөөхөн боловсруулах, машины нэг явалтаар олон үйлдэл хийхийг хэлнэ. Мөн зарим шаардлагагүй боловсруулалтыг хасах зэргээр цомхтгосон технологийг хэрэглэж болно.

Тарилтын өмнөх боловсруулалт нь таримлын үрийн ургаж, соёолоход тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Хүлэмжний хөрсийг боловсруулахдаа голдуу гараар болон бага оврын техник ашиглана. Хүлэмжний хөрс салхинд элэгдэх нь бага тул намар ургац хураасны дараа боловсруулан орхиод, өвөл цас оруулж болно. Эсвэл хавар үндсэн боловсруулалтыг гүн хийж, цэнэг усалгаа хийнэ. Дараа нь тарихын өмнөх боловсруулалтыг хийнэ.