Хөрөг зураг
Хөрөг зураг (франц. portrait, орос. портрет) гэдэг нь бодит байдал дээр оршиж байсан эсвэл оршиж байгаа хүн эсвэл хэсэг хүмүүсийг уран зургийн аргааар дүрсэлсэн зураг юм. Уран зургийн бие даасан салбар юм.
Хөрөг зургийн төрлийг хөгжүүлэхэд хүний анатоми, найруулгыг эзэмшиж зөв бүтээх чадвар, хүний зан чанар, бие даасан байдлын ач холбогдлын талаархи санаа бодлыг хөгжүүлэх зэрэг зургийн техник, ур чадварын ахиц дэвшил гэсэн хоёр чиг хандлага нөлөөлсөн байна. Хүний боломж, оюун ухаанд итгэсэн, түүний хүч чадлыг харуулж чадсанаараа хөрөг зураг хамгийн дээд оргилдоо хүрдэг гэж үздэг.
Өмнөх олон нийгмүүдэд хөрөг зургийг эрх мэдэл, эд баялгийг илэрхийлэх чухал арга гэж үздэг байсан. Дундад зууны болон сэргэн мандалтын үед хөрөг зургийг ихэвчлэн урлагийн бүтээлд оруулдаг байсан нь захиалагчийн ивээл, хүч чадал, нэр төрийг баталгаажуулдаг байсан.
Улс төрд төрийн тэргүүний хөргийг төрийн өөрийнх нь бэлгэдэл болгон ашигладаг. Ихэнх улс оронд удирдагчийн хөргийг төрийн чухал байруудад өлгөх нь түгээмэл байдаг. Одоогийн захирагч буюу хуучин захирагчийг мөнгөн тэмдэгт, зоос, марк дээр ашигладаг уламжлалтай. Удирдагчийн хөрөг зургийг хэт ихээр ашиглах нь хувь хүнийг тахин шүтэх шинж тэмдгүүдийн нэг юм (жишээлбэл, Ю.Цэдэнбал, И.Сталин, Туркменбаши).