Хөхтөмөр
Хөхтөмөр (Хялбаршуулсан ханз: 扩廓帖木尔; Уламжлалт ханз: 擴廓帖木爾; пиньинь: Kuò kuò tiē mù ěr; ?-1376) бол Монгoлын Юань улсын сүүл үед тодрон гарсан шилдэг жанжин, төрийн сайд юм. Хятадын түүхийн зохиол дахь нэр нь Ван Бао Бао (王保保). Хятадын Хэнань мужийн Гуаньжоугийн Гүши сяньд суурьшсан Монголын баяд овгийн Сайнчи даху ноёны (1316-1365)[1] хөвгүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Угсаа гарал, бага залуу нас
[засварлах | кодоор засварлах]Хөхтөмөр жанжны уг гарал нь Хубилай хааны үед хятад нутагт цэрэг захиран суурьшсан Монголын Баяд овгийн Хөхчү ноёны жич Сайнчи даху ноёны ахмад хөвүүн бөгөөд ээж нь хорь найман овгийн Аргун ноёны охин. Хөхтөмөрийг хятадын түүхийн ном зохиолд "монгол нэртэй хятад хүн" гэж бичдэг бөгөөд энэ хандлага саяхан хүртэл байсан ч, 1990 онд БНХАУ-ын Хэнань мужийн Луо ян хотын Маншань уулын ойролцоох Си лиү мяо гэх суурингаас Сайнчи даху ноёны онгон, гэрэлт хөшөөг олж, судлагааны эргэлтэнд оруулснаар хятадын эх сурвалж дахь Хөхтөмөр бол монгол нэр авсан, хятад хүн гэдэг асуудал худал болохыг батласан билээ. Энэхүү хөшөөний бичээс нь Хөхтөмөр, Цагаантөмөр нарын уг гарал, түүхэн явдлыг өөр талаас харж, үнэн худлыг батлах баримт болсон.
Сайнчи даху ноёны гэрэлт хөшөөний бичээст Хөхтөмөр нь "...багаас цэцэн сэргэлэн, авьяас билэг хэтэрхий байсан боловч багадаа өвчин эмгэгт ороогдов. Эхийн овогт Жунсян ван[2] өсгөж хүмүүжүүлэв. Тэрээр Жунсян ванг дагалдан явж, хэрэг учирт хавсран олон зүйлийг сурч авав..."[3] гэснийг үзвэл багад нь нагац ах Цагаантөмөр нь өргөмөл хүүгээ болгожээ.
1352 онд Цагаантөмөр ноён 25 настайдаа[4] Хэнань мужийн Шэньчиү шяниас журмын цэрэг цуглуулж, улаан алчууртны бослогыг дарахаар зүтгэж эхлэх үеэс Хөхтөмөр цэргийн үйлд оролцож эхлэсэн бололтой. 1362 онд Цагаантөмөр жанжин Шаньдун мужийн Иду хотод бүгсэн улаан алчууртны бослогын нэг удирдагч Ван Шичэнийг бүслэн байлдах зуур Цагаантөмөрийн харъяат жанжин Тянь Фэнь гэгч Ван Шичэнтэй хуйвалдаж, эзэн ноёноо барьж алжээ. Энэ явдлын дараа Хөхтөмөрийг дараагийн удирдагчаар нь томилж босогчдын бүгсэн Иду хотыг эзлэн, Ван Шичэн, Тянь Фэнь нарын зүрхээр Цагаантөмөрийн онгоныг тахижээ.[5] Үүний дараа тэрээр Гуаньбао жанжныг Жүжоу хот руу довтлуулж эзлэн авснаар Шаньдуны бүх бослогыг дарсан.
1362-1375
[засварлах | кодоор засварлах]Хөхтөмөр нь өргөмөл эцгийнхээ дараа их жанжин болсон тул их хааны зарлигаар тайвэй, төвлөн засах яамны пинжан жэнши түшмэл, Хэнань, Шаньдун мужийн цэргийн явдлын хүрээлэнгийн мэдэгч түшмэл, зүүн ордны хэргийг хариуцсан түшмэл зэрэг цол, албан тушаалд өргөмжилж, Шаньдун мужийн цэргийг Бай Суожу жанжинд хариуцуулж, гол хүчээ Тайюань хот руу шилжүүлсэн. Түүнийг Тайюаньд төвлөрөх болсноос хойш салжуудын Бортөмөр жанжин түүнтэй эзэмшил нутаг, эрх мэдэл булаалдан тэмцэх болсноор бослого дарах ажил удааширч, улс төрийн эргүүлгэнд орооцолдох нь нэмэгдсэн.
Тухайн үед Тогоонтөмөр хааны нагац ах Лодиша нарын түшмэд хунтайж Аюушридарын хүн чинсан Чосгиныг эрх мэдлээ урвуулан ашиглаж, авилга хээл хахуульд автсаныг илчлэн тушаалаас нь буулгасан ч, удалгүй Чосгин дахин чинсан болсонд, Лодиша хуучны танил Бортөмөрийн цэргийн хүрээнд очин амь хоргодов. Харин Аюушридар Лодишаг буцаан өгөхийг Бортөмөрт тушаан элч илгээснийг үл тоон элчийг алсан байна. Мөн Бортөмөрийг цэргээ удирдан Сычуанийг түвшитгэ гэж дахин элч ирснийг сэжиглэж, элчийг алж дүү Дөчинтөмөрт цэрэг захируулж, Дайду хот руу дайрсанд цэргийн явдлын хүрээлэнгийн мэдэгч түшмэл Есү угтан байлдаж ялагдсны дараа хунтайж зугтан Хөхтөмөр жанжны хүрээнд ирсэн. Харин Бортөмөр нийслэл хотыг эзлэн Чосгин чинсан, Пак Буха тайган зэрэг Өлзийхутаг хатан, Аюушридар хатан хоёрын талын ноёдыг барьж цаазлаж, төрийн эрхийг гартаа оруулсан.
1365 онд Бортөмөрийг амь үрэгдсний дараа хунтайж Аюушридарийг хамгаалсан тул тайбо, зүүн гарын чинсангаар өргөмжлөгдөв. Дайду хотод ирэхдээ цэргийн хүчээ хотоос гадна үлдээж хотод орсон нь хаан сэнтийд санаархаж байсан хунтайжд таалагдсангүй тул удалгүй Аюушридар, Өлзийхутаг хатан хоёрын фракцтай тэмцэх болсон нь 1368 онд дуустал үргэлжилсэн.
Тус онд хааны зарлигаар Хөхтөмөрийг Хэнань ван өргөмжлөн, хунтайжийн нэрийн өмнөөс өмнөд газрыг дайлаар мордуулжээ. 1366 оны 2 сард их цэргийг удирдан өмнө зүг хөдлөж, Хэнаньд цэргээ түр байрлуулж, хятад зөвлөхийнхөө үгээр Гуанжунд (Шиань хотын ойр хавийн нутгийг төлөөлүүлж хэлдэг хятад үг) байсан Ли Сичи, Төрбай, Күнсин, Жан Лянби нарын ноёдын цэргийг чуулуулж, хамтаар өмнөд мужийг дайлах гэсэнд, дээрх дөрвөн жанжид үл тоомсорлож цэргүүдээ хөдлөгсөнгүй учраас, Хөхтөмөр жанжин эхлээд Гуанжунд байсан тэдэн рүү дайран орсон ч, 1367 он гартал байлдав. 1367 онд Хөхтөмөрийн доорх Могао, Гуаньбао нарын жанжид цэргээ удирдан Хөхтөмөрийн ялыг тоочин Хөхтөмөрөөс урваснаар Хөхтөмөрийн өмнөдийг дайлах явдал дотоодын дайнаар солигдсон. Энэ далимаар хунтайж болон түүнийг дагалдагч нар Хөхтөмөрийг буруушаан бүх албан тушаалыг нь хураалгав. 1368 оны 5 сард Тайюаньд байсан Хөхтөмөрийг Могао, Гуаньбао нар зүүн талаас нь довтлож байгаад олзлогдон, цэргүүд нь Хөхтөмөрт бууж өгсний дараа түүний бүх цол, албан тушаалыг сэргээв.
Гэвч 1368 оны 8 сард Мин улсын их хэмжээний цэргийн хүч Шаньдун, Хэнань мужийг эзлээд, Дайду руу дөхөж байгаа чимээгээр Тогоонтөмөр хаан хотоо орхин Шанду руу зугтаж, Хөхтөмөрийг зүүнш дайлж нийслэл хотыг эргүүлэн авахыг тушаасан ч, амжилтгүй болж Хөхтөмөрийн хуаран Сюй Дагийн удирдсан цэрэгт ялагдаж Тайюаниас зугтан Ганьсу муж руу зугтав. Чуулалт хаалга, Гу бэй коугийн ард байсан монгол цэргийн гол хүчийг Инчан хотод нийслэллэх болсон Тогоонтөмөр хаан захирч байв. Баруун хэсэгт Хөхтөмөр жанжны удирдлага доор 10 түмэн цэрэг Ганьсу зэрэг баруун мужуудыг алдахгүйг хичээхийн хамт байлдааны ажиллагаагаа гол хүчтэйгээ уялдуулан зохицуулахыг хичээж байсан бол зүүн хэсэгт Нагачу жанжны удирдлаганд 20 түмэн цэрэг Бээжингээс зүүн тийш Ляоян муж, Ляохэ голын хөвөөн дээрх Зиньшан ууланд байрлаж байв.
Эдгээр хүчнээс Хөхтөмөр жанжин л хятад цэрэгтэй шургуу байлдаж, үе үе сүрхий цохилт өгчээ. Харамсалтай нь нөгөө хоёр жигүүрийн цэрэг түүнд олигтой дэмжлэг үзүүлэхгүй байлаа. Иймээс төвийн болон зүүн жигүүрийн цэрэг цохигдон ухрахад Хөхтөмөр жанжин цэргийнхээ эмх цэгцийг алдалгүй алгуурхан ухарч, ганцаардан түгжигдэх аюулаас сэргийлэхээс өөр аргагүй болжээ. Ийнхүү хаант төрийн дотоодын бослого хямралын эрхэнд Юань улс мөхөж, монголын хаад эргээд уугуул монгол нутагтаа ирж, Хархорумд нийслэллэн суух болов. Аюушидар хааны үед монгол улсаа бөөгнүүлэн төвхнүүлэхийн тулд Хархорумд цэргийн гол хүч байх ёстой гэж үзээд, Ганьсуд их цэргийн хамт байрлаж байсан Хөхтөмөр жанжныг дуудан ирүүлж, монгол цэргийн ерөнхийлөн удирдах захирагчаар тохоон томилжээ. Юань гүрний үед Хөхтөмөрийн удирлага доор байсан цэргийн эрхтнүүд цэргийнхээ хамт Монголд хүрэлцэн ирснээр маш их хүч бүрдээд байв.
1372 онд Мин улсын 150,000 их цэрэг Монголд гурван замаар нэвтрэн орж ирэхэд Аюушридар хаан болон түүний удирдсан цэргүүд Сюй Да жажнаар захируулсан Мин улсын цэргүүдийг Туул голыг орчимд бут ниргснээр Хятадын цэрэг зугтан одсон. Мин улсын хоёр жанжнаар удирдуулсан хятадын 15 түмэн цэрэг гурван замаар түрэмгийлэн орж ирээд Хангайн уулын ард их сүржнээр хороолон буудаллажээ. Тэд монголчуудыг цохин эрхэндээ оруулж, Хархорум хотыг эвдэн сүйтгэх зорилготой иржээ. Мин улсын ерөнхийлөн захирах жанжин Сюй Дагийн удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Хөхтөмөрийг түүний эсрэг байлдуулахаар томилсон байна. Тэрбээр хятадын цэргийн хүчийг өдөөж, түүнийг нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн цохих байлдааны арга мэхийг амжилттай хэрэглэсэн байна. Сюй Да жанжин үлдсэн цөөн цэргийн хамт хамгаалалтанд орж, сүүлдээ ухран зугтахад хүрчээ. Ийнхүү Хөхтөмөр жанжин тангараг тавьсан амандаа хүрч Мин улсын нэрт жанжныг сүйртэл цохисон нь түүнийг ихэд алдаршуулсан байна. Энэ үед хятадын бусад замын цэргүүд нь мөн л бут цохигдон, ухарч гарахаас өөр аргагүй болжээ.
Ийнхүү Мин улс байгуулагдсанаас хойш хятадын цэрэг анх удаа хамгийн том ялагдал хүлээжээ. Мин улсын хаан Хөхтөмөр жанжны удирдсан Монголын цэргийн хүчин чадал их, Монголыг хүчээр дайлж болохгүй гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрөв. Энэ үеэс эхлэн нэг хэсэгтээ Мин улсын цэрэг монгол газар довтлохыг зүрхэлсэнгүй. Энэ үед Монголын хаан хятадыг эргүүлэн авах санаархлаасаа няцаагүй байсан бөгөөд дараа жилээс нь монголчууд хятадын нутаг руу Шаньси, Хучжоу, Ляонин, Хэбэйн ойролцоох газраар довтолсноор Мин улс стратегийн ач холбогдолтой нутгуудаа монголчуудад алджээ. Тэдгээр нь одоогийн Хэбэй муж дахь Синхэ, Фунин тойрог, Ляонин муж дахь Суйжин зэрэг газар байв. Дээрх нутгийг алдсанаар Мин улсад алдсан Дайду хотын баруун хойд, зүүн хойд талаас аюул учирч, Ляодуны хойг хүрэх замыг таслажээ.
Мөн тэр үед Аюушидар хаан Курё улсын ванд хандан захиа хүргүүлж: "Их самуун дэгдэж хойд зүг рүү саланги нэгээрээ шилжин суухад хүрэв. Өнөө Хөхтөмөрийн хамтаар харилцан зүтгэсээр сэргэн мандах цаг ойртоод байна. Ван та бидний нэгэн адил эзэн Чингисийн удмын хүн бөлгөө. Учир иймд тэнгэрийн доор шудрага журам тогтооход хүчин зүтгэж, хүч хавсрах"-ыг сануулсан байна.[баримт хэрэгтэй]
Гэвч Хөхтөмөр жанжин Мин улсын үлдэгдэл цэргийг нэхэн хөөж, бут цохисоор Алтайн нуруу хүрч, Хар нохойн зоо гэдэг газар 1376 оны дундуур[6] нас баржээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Хуланц өвөө: Хөхчү ноён, Юнжун жүний ноён цолоор нэхэн өргөмжлөгдсөн.[1]
- Хуланц эмээ: Хиан овогтон, Юньжун жүнь фүрэн цолоор нэхэн өргөмжлөгдсөн.[1]
- Элэнц өвөө: Хижү ноён, Юнжун жүний ноён цолоор нэхэн өргөмжлөгдсөн.[1]
- Элэнц эмээ: Баяууржин, Юньжун жүнь фүрэн цолоор нэхэн өргөмжлөгдсөн.[1]
- Өвөө: Баяууртай ноён, Жигуо гүн[1]
- Эмээ: Өлзийлүн, жигуо фүрэн цолоор нэхэн өргөмжлөгдсөн.[1]
- Эцэг: Баяд овгийн Сайнчи даху ноён (1316-1365)
- Эх: Хорь Найман овгийн хүн. Цагаантөмөр ноёны дүү
- Нагац ах: Хорь Найман овгийн Цагаантөмөр жанжин
- Дүү: Тойнтөмөр[3], цэргийн түшмэл
- Дүү: Налуй[3], ямар нэгэн түшмэл болоогүй
- Охин дүү: Гуаниннү[3] (1371 онд Мин Тайзу хааны 2-р хүү Чинь ван Жу Шуаны хатан болсон)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 Д, Идэр (2012). Юань улсын их түшмэл Хөхтөмөр (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. p. 26.
- ↑ Цагаантөмөр жанжны хятад цол
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 Д, Идэр (2012). Юань улсын их түшмэл Хөхтөмөр (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. pp. 39–40.
- ↑ Д, Идэр (2012). Юань улсын их түшмэл Хөхтөмөр (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. pp. 44–45.
- ↑ Д, Идэр (2012). Юань улсын их түшмэл Хөхтөмөр (1 ed.). Улаанбаатар. p. 65.
- ↑ Д, Идэр (2012). Юань улсын их түшмэл Хөхтөмөр (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. pp. 120–125.