Цагаантөмөр

Цагаантөмөр
Төрсөн1328
Юань улс, Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэн, Инжоу, Шэньчиү сянь
Нас барсан1362 оны 7 сарын 6
Юань улс, Шаньдун, Иду хот
Үхлийн шалтгаанХүнд хорлогдсон
ҮндэстэнМонгол үндэстэн
Юугаараа алдаршсанЦэргийн ноён
ЗалгамжлагчХөхтөмөр

Цагаантөмөр жанжин нь (1328-1362 оны 7-р сарын 6) Найман аймгийн хүн хэмээдэг. Монголын Юань улсын сүүл үед гарч байсан Улаан Алчууртны бослогыг дарахад хүчин зүтгэж байсан нэрт хүмүүн билээ.

Угсаа гарал[засварлах | кодоор засварлах]

Түүний элэнц эцэг Хөхтэй нь өмнөд Сүн улсыг дайлаар мордоход оролцож, хожим нь Хэнань мужид нутагшин суужээ. Иймээс түүнийг Инжоу газрын Шэньчиү нутгийн хүн гэдэг.[1] Өвөг эцэг нь Наймантай, эцэг нь Аргун болой. Цагаантөмөр жанжны өргөсөн нэрийг Тин Рүй хэмээдэг.[2]

Юань улсын сударт Цагаантөмөр жанжны гадаад төрх байдлыг дүрсэлсэн байдаг. Тэрхүү тэмдэглэлд: "Цагаантөмөр жанжны биеийн өндөр нь долоон тохой, хүнгэнэсэн чанга дуу хоолойтой, хөмсөг нь өргөн бөгөөд хүр хорхойн үүртэй адил, том давхраатай нүдтэй бөгөөд зүүн хацартаа гурван бут сахалтай. Тэр сахал үс нь уурлах үед босож их сүрдмээр болдог бөгөөд үнэхээр нэгэн үеийн баатар зоригтой хүн" гэжээ.[3]

Түүний угсаа гарал дээр судлаачид уйгур хүн, монгол хүн, кидан хүн, хятад хүн, найман хүн гэх мэтээр нэгдсэн бус үзэл бодолтой байдаг. Түүхч Чулууны Далай үзэхдээ "...Цагаантөмөрийг уйгур хүн гэж хятад сурвалжид бичсэн байдаг. Гэвч түүний бүхий л үйл явдлыг судалж үзвэл гарцаагүй монгол хүн байжээ..." гэж үзсэн байдаг.[4] Харин хятадын түүхчид уйгур хүн хэмээн үздэг. Юань улсын судрын 141-р боть Цагаантөмөрийн цадиг"Цагаантөмөр бол уулдаа умард орноос гаралтай" хэмээн тэмдэглэсэн байдаг. Үүнийг нь хятад судлаачид Биэ ши ба ли буюу одоогийн Шинжаан уйгурын Жимузар хэмээх газар гээд, түүнийг Уйгур гаралтай гэж нотлохыг хичээдэг. Энэ үзлийг одоогийн олонх ном бүтээлд өргөн ашиглаж байдаг.[5]

Харин Оросын эрдэмтэн Л.А.Боровкова нь Цагаантөмөр жанжинг Кидан хүн гэж бичжээ. Тэр хүн чухам ямар учраас ингэж нэрлэсэн нь ойлгомжгүй.[6]

Бас хятадын У Сы түүвэр, Мин улсын Тайзү хааны бичмэл зохиолын түүвэр, Чуан хэний Тогоонтөмөр хааны түүх гэсэн сурвалжид Цагаантөмөрийг Ли овогтой хэмээн тэмдэглэсэн байна. Магадгүй энэхүү Ли овгийг хожмын Мин улсын сударч түшмэд зохиож бичсэн бололтой.[7] Учир нь түүний зээ хүү Хөхтөмөр жанжныг мөн адил Ван хэмээх хятад овогтой гэж Мин улсын бүх сурвалжид бичсэн байдаг. Гэтэл тэр нь 1990 онд Сайнчи даху ноёны онгон олдож, онгоны бичээс нийтэд ил болсноор тэдгээр сурвалжийн мэдээ худал болох нь илчлэгдсэнтэй адил байх үндэстэй.

Өвөр монголын эрдэмтэн Н.Алтаншаа, монголын судлаач Д.Идэр, хятадын судлаач Дан бао хай, Чин улсын Хуан жинь рү гэдэг хүний зохиосон Ся сянь-ий ойллого сурвалж зэрэгт Цагаантөмөр нь найман гаралтай гэж бичсэн.[8]

Сайнчи даху ноёны (Хөхтөмөрийн эцэг) тахилын хөшөөн дээр бичсэн нь, "...Түүний хатан Хорь Найман овогтон ноёнтноос таван жилийн урьд Луо ян-д ... насандаа нас нөгчсөн ... Ууган хөвгүүнийг Хөхтөмөр хэмээдэг... Эхийн овогт Жун Сянь ван (Цагаантөмөрд улсаас шагнасан цол) өсгөн хүмүүжүүлэв..."[9]

Ингэхээр тэр бол Уйгур хүн биш Хорь Найман овгийн хүн болж байна.

Цэрэг дайны ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Хэнань мужид түшмэл байгаад, 25 насандаа цэрэг удирдан босогчдыг идэвхтэй дарж эхэлсэн. Цагаантөмөр жанжин Хэнань, Шаньдун мужуудыг бослогоос чөлөөлж хяналтдаа оруулж, 1352-1362 он хүртэл бүтэн арван жил тэрхүү бослогын гол гол хүчийг бут цохиж, тэдний умардад давших замыг хааж байгаад 1362 оны 7 сарын 6-нд И доу хотод өөрийн туслах жанжин Тянь Фэньд хорлогдон үхсэн. Түүнийг үхснээс хойш Юань улсын төр Хятад орны босогчдыг цаашид идэвхтэй дарахад бэрхшээлтэй тулгарах болсон. Цагаантөмөр жанжин бол дагнан монгол цэрэг захирдаг, Мухулай жанжны цэрэг захирах, байлдах тулалдах аргаас суралцсан нэгэн байв. Түүний үйлсийг өргөмөл хүү Хөхтөмөр жанжин өвлөн авч босогчдын цэрэгтэй тулалдаж байв.

Түүний онгон нь одоогийн БНХАУ-ын Хэнань мужийн Луо ян хотын, Жинь гуо сянь-ий нутагт Ман уулын орчимд Вань фү сүмийн хажууд байдаг.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 42. ISBN 978-99962-2-012-8
  2. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 42. ISBN 978-99962-2-012-8
  3. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 43. ISBN 978-99962-2-012-8
  4. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 43. ISBN 978-99962-2-012-8
  5. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 44. ISBN 978-99962-2-012-8
  6. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 44. ISBN 978-99962-2-012-8
  7. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 44. ISBN 978-99962-2-012-8
  8. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 44. ISBN 978-99962-2-012-8
  9. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 44-45. ISBN 978-99962-2-012-8