Jump to content

Цагаан цээнэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Paeoniaalbiflora: Нэн ховор ургамал. Зузаан үндэслэг иштэй, 40-80см өндөр, олон наст өвс. Иш бүдэг ногоон, заримдаа улаавтар. Навч 7-12см урт, цувраа байрлалтай, хошоод гурвалсан, 6-10см урт бариултай. Навчинцар зууван юлдэрхүү хэлбэртэй, нарийн мөгөөрслөг шүдлэг бүхий ширүүн захтай. Цэцэг ганцаар эсвэл хэд хэдээр байрласан, цагаан, том, 3-5см голчтой. Дэлбийн хэлтэс тонгоруу өндгөрхүү юм уу өндгөрхүү дугуй хэлбэртэй, хурц, тахир үзүүртэй. Үр боловсорсны дараа хэтэвч ханзарч үрээ гүвдэг. Гурван хэтэвчит цана маягийн жимстэй.

Хянган, Дорнод Монголын тойргийн Халхын гол, Онон Улзын сав газраар, Монгол Дагуурын тойрогт, нугатай энгэр, хээрийн болон алаг өвст нуга, толгодын энгэрийн болон голын хөндийн хийгээд уулын өвөр хормой, сийрэг сөөгөнд дунд ургадаг.

Ган, хуурайшилтаас хөрсний чийг буурч хатах, ургах орчин элсний нүүдэлд дарагдах, бэлчээрийн талхагдалтад орох, эм, гоёл чимэглэлийн зориулалтаар ногоо, цэцэг, үндэс, үндэслэг ишийг хавтгайруулан түүж бэлтгэх зэрэг шалтгаанаас тархац нутаг хумигдан, нөөц хомсдож байгаа устах аюулд орсон ургамал.