Цагаан шөнө (гитарын гоцлол)

"Цагаан шөнө" гитарын гоцлол Монголын анхны поп-рок гитарчин ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүхийн гитар хөгжимд зориулсан бүтээлүүдийн нэг. Энэ гоцлолын аялгуу С.Баатарсүхийг 1980-аад оны эхээр Говь-Алтай аймагт байхад нь түүнд анх сонсогдсон гэдэг. 1995 онд тэрээр энэ аялгуугаа гитарын гоцлол болгожээ.

Гоцлол:  

Гоцлол 1990-ээд оны сүүлээр Монголын Радиод "Цагаан шөнө" нэрээр авагдсан.

1998 онд "Цэнхэр залаа" хуурцаг, 2016 онд “Цэнхэр залаа” цомог, 2019 онд түүний эхлүүлсэн гоцлол гитарын цомогт "Цагаан шөнө" нэрээрээ орсон.

Аялгуу төрсөн тухай зохиогчийн дурсамжаас:

1982 онд би хөгжмийн их сургууль (Уралын консерваторт долоон жил суралцан хөгжмийн зохиолч мэргэжил эзэмшсэн) төгсөж ирээд “Хөдөө орон нутагт гурван жил ажилла” гэхэд нь Ардын Дуу Бүжгийн “Алтай” чуулгыг сонгож, тус чуулгын уран сайхны удирдагчаар 1985 он хүртэл ажилласан.

1984 онд манай “Алтай” чуулга баруун бүсээс шалгарч улсад түрүүлсэн амжилт үзүүлсэн тэр жил, нэг удаа би хотоо, гэрээ, найзуудаа санаад болдоггүй, тэгэхлээр нь ганцаараа хээр гарч чулуу сандайлаад шөнө болтол суучихсан.

Тэр шөнө их саруул шөнө байсан, арваас хорин метрийн зайд байгаа юм харагдахаар, арван метрийн зайд байгаа хүн бараг танигдахаар тийм нэг сонин цагаан шөнө байсан.  

Бүрий болох үеэр хэдэн нохой хүрээд ирсэн, сүүлээ шарвагануулан зарим нь хөл шөргөөлж, зарим нь гар, бүр хацар нүүр долоох гэж ч байх шиг. Гэхдээ тэд надад нэг их төвөг болоогүй, хоорондоо эрхэлж тоглож байснаа нэг харахнээ амраад хэвтээд өгсөн байсан. Ноход чимээ аваад явах хүртэл хэр удаан тэгж сууснаа би мэддэгггүй юм. Тэгсэн чуулгын миний хэдэн шавь гартаа мод, чулуу, төмөр шийдэм барьчихсан “Бид нарын санаа зовоод” гэсээр ирснээ нөгөө хэдэн нохойг “Наадуул чинь чонотой нийлээд зэрлэгшчихсэн, мал амьтан, хүн хүртэл барьчихдаг юм” гэлээ.

Алтай нутгийн тэр нэгэн сонин цагаан шөнө тэгж гэрээ, гэрийнхнийгээ, хотоо, найз нөхдөө санаад хээр гарч чулуу сандайлаад сууж байхад минь энэ гоцлолын аялгуу надад анх сонсогдсон.

Гитарын гоцлол төрсөн тухай зохиогчийн дурсамжаас:

1995 онд миний гар саажиж мэдээгүй болоход ээж, эгч ах дүү төрөл төрөгсөд, гэр бүл, найз нөхөд гээд хайртай дотны хүмүүс маань надаас ч илүү сэтгэл нь зовж, гар минь эргээд мэдээ ороход надаас ч илүү баярлаж байгааг нь хараад, тэднээсээ алс хол Алтайд байхдаа, тэднийгээ санаж, хээр гарч чулуу сандайлаад сууж байхдаа сонссон аялгуугаа гитарын гоцлол болгосон.

Алтай нутгийн цагаан шөнө анх сонсогдсон аялгуу болохоор гитарын гоцлолоо "Цагаан шөнө" гэж нэрлэсэн.

Сонсох[засварлах | кодоор засварлах]

С.Баатарсүх гитараар гоцлон хөгжимдсөн:

1.МҮОНР, Цагаан шөнө (С.Баатарсүх гитараар гоцлон эстрад хөгжмөөр хөгжимдөнө)

2.1998 он, "Цэнхэр залаа" хуурцаг

3.2016 он, "Цэнхэр залаа" цомог