Jump to content

Цахилгаан автомашин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цахилгаан автомашин (англи. An electric car or electric vehicle (EV) —цахилгаан эх үүсвэр голлон ашиглаж цахилгаан хөдөлгүүрийн хүчээр явдаг тээврийн хэрэгсэл юм.

Хоёрдахь үеийн Nissan LEAF, 2018 он.

Цахилгаан автомашин нь цэнэглэгддэг тээврийн хэрэгсэл бөгөөд цахилгаан тээврийн нэг төрөл юм.

2025 оны 1-р сард дэлхийн цахилгаан автомашины борлуулалт 1.26 сая ширхэгт хүрсэн (2024 оны 1-р сартай харьцуулахад 18%-иар өссөн байна).

2024 оны сүүлээр BYD, Tesla, Geely, SAIC, VW компаниуд дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгчид байсан юм.

Tesla Model Y

Бусад тээврийн хээгсэлүүдтэй харьцуулахад

[засварлах | кодоор засварлах]

Өртөг: 2024 оны байдлаар дэлхий даяар цахилгаан тээврийн хэрэгслийн өртөг нь дотоод шаталтат хөдөлгүүртэй (ДШХ) тээврийн хэрэгслийнхтэй харьцуулах ойролцоо байсан. Батерейны өртөгөөс шалтгаалан цахилгаан тээврийн хэрэгсэл нь ДШХ-тэй автомашинаас арай илүү үнэтэй боловч тээврийн зардал багатай байдаг.

Томас Эдисон "Detroit Electric" цахилгаан автомашины дэргэд, 1913 он.

Цахилгаан автомашин үйлдвэрлэх явцад байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл өндөр байдаг ч 30-80 мянган км-ээс эхлэн цахилгаан машинууд ДШХ-тэй автомашинаас байгаль орчинд илүү ээлтэй болдог (үйлдвэрлэл, ашиглалтын аль алиныг нь харгалзан үзэхэд). Энэ нь ялангуяа цахилгаан автомашин үйлдвэрлэхэд ашигласан материал, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн байгаль орчинд ээлтэй эсэхээс хамаарна. Цахилгаан мотор нь 90-95% орчим үр ашигтай байдаг бол ДШХ-тэй машины хувьд 22-42% байдаг учраас урт хугацаанд ийм төрлийн хөдөлгүүр рүү бүх нийтээрээ шилжих нь ойлгомжтой болоод байна.

Жин: Хүнд батерейны улмаас цахилгаан авто машинууд ДШХ-тэй автомашинаас илүү хүнд жинтэй байдаг. 2023 онд цахилгаан автомашинуудын дундаж жин 2300 гаруй кг байсан бол Их Британид ДШХ-тэй автомашины дундаж жин 1500 кг, АНУ-д 1800 кг байжээ. Илүү хүнд жинтэй тул дугуй болон тоормосны колодк зэргээс ялгарах бичил тоосонцор ихэсдэг. Цахилгаан автомашинй дугуй нь илүү хурдан элэгддэг боловч хөдөлгүүрээр тоормосолдог учраас тоормосыг бараг шууд ашигладагүй юм.

Нийт автомашины жингийн хуваарилалт, хөтлөх дугуй ба тогтвортой байдалд нөлөөлдөг. Автомашины өмнөд хэсэг дахь капот доор байрладаг хүнд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинуудаас ялгаатай нь цахилгаан автомашин нь хүнд батерей нь төв доод хэсэгт байрлаж хүндийн жин илүү жигд тархсан байдаг. Энэхүү зохицуулалт нь автомашиныг илүү тогтвортой болгодог байна. Үүнээс үүдэн ихэнх цахилгаан машинууд нь дотоод шаталтат хөдөлгүүртэй машинууд шиг урд хөтлөгчтэй биш байдаг.

  • Хэрэглээний хувьд: хурдаа түргэн авдаг, бензин, тос болон түлшний үнэргүй байдаг, цахим хавсралтын тусламжтайгаар цэнэглэх цаг хугацааг хянах боломжтой байдаг. Мөн заавал нийтийн цэнэглэх төвд очихгүй бие дааж (гэртээ, зуслан, ажил дээрээ г.м.) цэнэглэх боломжтой байдагт хэрэглэгчид дуртай байдаг.
  • Ашиглалтын зардал: Цахилгаан эрчим хүчний зардал нь дотоод шаталтат хөдөлгүүрийн түлшний зардлаас бага байдаг, ялангуяа айл өрхүүдэд шөнийн тарифыг ашиглах үед давуу тал олгодог. Цахилгаан машин нь цахилгаан батерейгаа явдал дундаа цэнэглэх боломжтой байдаг. Зарим тохиолдолд цахилгаан тээврийн хэрэгсэл нь радиаторгүйн улмаас автомашины сөрөх хүч бага байдаг. Зарим цахилгаан тээврийн хэрэгсэл эзэмшигч нар өөрсдийн нарны зайн хавтантай бөгөөд энэ нь цахилгаан тээврийн хэрэгслийг нарны эрчим хүчээр цэнэглэх боломжийг олгодог.
  • Засвар үйлчилгээний зардал: Дотоод шаталтат хөдөлгүүр болон холбогдох нэгж, түүний дотор хурдны хайрцаг зэрэгт засвар үйлчилгээ хийх шаардлагагүй бөгөөд засвар үйлчилгээ хийхэд хялбар, үйлчилгээний хоорондох хугацаа уртасч, хуваарьт засвар үйлчилгээ, засварын зардал харьцангуй бага байдаг. Цахилгаан машин нь дотоод шаталтат хөдөлгүүрт байдаг моторын тос хэрэглэдэггүй.
  • Засгийн газрын дэмжлэг: Олон улс оронд цахилгаан тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг дэмжих зорилгоор үнэ төлбөргүй болон/эсвэл зориулалтын зогсоол, нийтийн тээврийн эгнээ ашиглах, төлбөртэй зам үнэгүй ашиглах, цахилгаан эрчим хүч, татварыг хөнгөлөх гэх мэт урамшуулал, татаас олгодог.
  • Байгаль орчинд ээлтэй байдал: Европын Тээвэр, Байгаль орчны холбооны 2020 оны 4-р сард хийсэн судалгаагаар цахилгаан автомашины үйл ажиллагаанаас ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, батерейны үйлдвэрлэлээс ялгарах хорт бодисын хэмжээ, цахилгаан автомашины хувьд ДШХ-үүр хэрэглэж буй автомашинаас 22%-иар бага байна.
  • Цахилгаан автомашины дуу чимээний түвшин дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины дуу чимээнээс хамаагүй бага байна.
  • Өвлийн улиралд машины доторыг халаалт: Цахилгаан машиныг хөдөлгүүр халахаас шалтгаалахгүй тусдаа цахилгаан төхөөрөмжөөр халаадаг учраас машин дотоод бүхээгийг маш хурдан халаадг давуу талтай.
  • Галын аюулгүй байдал: Олон тооны мэдээллээс харахад цахилгаан машинд гарсан галын хувь хэмжээ нь дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас бага байдаг юм.
  • Зардал: Цахилгаан автомашин нь ижил төрлийн дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас хамаагүй илүү үнэтэй юм. Цахилгаан зай хураагуур солих, засварлах зардал өндөр байдаг.
  • Цэнэглэх давтамж олон, үргэлжлэх хугацаа урт: Цахилгаан тээврийн хэрэгсэл нь нэг удаа дүүрэгсэн түлш дээр ажилладаг дотоод шаталтат хөдөлгүүртэй ижил ангиллын орчин үеийн автомашинуудаас явах зай нь богино байдаг. Үүнээс цахилгаан тээврийн хэрэгслийг ойр ойрхон цэнэглэх шаардлагатай болдог. Өнөөгийн байдлаар дотоод шаталтат хөдөлгүүрээр тоноглогдсон автомашины шатахуун түгээх станцтай харьцуулахад цахилгаан автомашины цэнэглэх станцууд мэдэгдэхүйц бага байгаа нь эцсийн дүндээ эдгээр төрлийн машины туулах орон зай хязгаарлагдмал байдаг юм. Дунджаар цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх хугацаа дотоод шаталтат хөдөлгүүртэй машиныг цэнэглэхээс хамаагүй их байдаг.
  • Өвлийн улиралын хүндрэл: Хүйтний улиралд цахилгаан тээврийн хэрэгсэл нь дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас хамаагүй илүү эрчим хүчний нөөцөө алддаг бөгөөд зүтгүүрийн батарей цэнэггүй болсон тохиолдолд хөдөлгөөнд оролцоход илүү хэцүү байдаг. Автомашины бүхээгийг халаах нь батерейны ашиглалтын хугацааг мэдэгдэхүйц бууруулдаг. Дотор талын зай нь хүйтэн хэвээр байгаа бөгөөд дотоод шаталтат хөдөлгүүртэй машинуудаас ялгаатай нь хөдөлгүүрээс гардаг дулаан байдаггүй.
  • Зай хураагуурын багтаамж буурдаг: Хэдэн жилийн хэрэглээний явцад цахилгаан автомашины зай хураагуурын багтаамж багасаж улмаар цэнэглэгдсэн үедээ туулах замын урт нь багасдаг.

Роберт Андерсоныг 1832-1839 оны хооронд анхны цахилгаан машин зохион бүтээсэн гэж үздэг.

Дараах туршилтын цахилгаан машинууд 1880-аад онд гарч ирэв.

  • 1881 онд Густав Пьер Трувэ Парисын олон улсын цахилгаан хэрэгсэлийн үзэсгэлэнд "Siemens" компаний сайжруулсан хөдөлгүүртэй цахилгаан автомашин танилцуулсан.
  • 1882 онд Вернер фон Зименс Берлинд дэлхийн анхны троллейбус болох "Электромот"-ыг танилцуулав.
  • 1884 онд Томас Паркер Английн Вулверхэмптон хотод өөрийн тусгайлан бүтээсэн өндөр хүчин чадалтай цэнэглэдэг батерейг ашиглан цахилгаан машин бүтээсэн. Үүнийг нотлох баримт нь 1895 оны гэрэл зураг байдаг юм.
  • Зарим хүмүүс үздэгээр 1888 онд Германы Андреас Флокен анхны "жинхэнэ" цахилгаан машин Flocken Elektrowagen загварыг бүтээжээ.
  • 1890 онд Эндрю Моррисон АНУ-д анхны цахилгаан машиныг танилцуулсан.