Jump to content

Цогт-Очирын Лоохууз

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөх Дан овогт Цогт-Очирын Лоохууз (1923 оны 6-р сарын 15-нд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн-2018 оны 5-р сарын 14-нд нас барсан) -Монгол улсын төрийн зүтгэлтэн, улс төрч юм.

Тэрээр ард малчин Цогт-Очирын 5 хүүхдийн 4 дахь хүүхэд байсан ажээ. Дээрээ хоёр эгч, нэг ахтай, дороо нэг охин дүүтэй байжээ. Эцэг Цогт-Очир нь тайж удамтай, малч, уран дархан хүн байсан агаад арьс шир элддэг, ажилч хичээнгүй, ноён нуруутай, шулуун шударга зантай нэгэн байсан ажээ.

Ц.Лоохууз 1935 онд баруун хязгаарт таван сумын дунд бага сургууль байгуулагдахад элсэн орж, 1939 онд сургуулиа дүүргэн, Улаанбаатар хотод Санхүүгийн техникумд гурван жил, шинэ байгуулсан Намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй суралцан төгсжээ.

Дөнгөж байгуулагдсан Намын Төв Хорооны Лекторын Товчоонд шилэгдэн орж ажилласан нам төрийн шилдэг ирээдүйтэй залуу гишүүн 1950 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд суралцах анхдагч нарын тоонд багтан хилийн дээс алхав. 1952-1955 онд Намын Төв Хороонд Тасгийн эрхлэгч, 1955-1956 онд Говь-Алтай аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1956-1962 онд Хөдөө аж  ахуйн яамны нэгдүгээр орлогч сайд, 1962 оноос СнЗ-ийн харьяа Сангийн аж ахуйнуудыг удирдах ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

Тэрээр БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэлээр хэвлэгдэхэд нь орчуулан хөрвүүлж, нам төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлвийн талаар өөрийн санал бодлыг хэвлэлд нийтлүүлж байх тэр үеэс нам төрийн ивээлд сэжигтэн болж эхэлсэн юм.

1964 оны МАХН-ын Төв Хорооны VI бүгд хуралаар “Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нараас намын эсрэг бүлэглэсэн явууллага хийсэн тухай” тогтоол гаргаж, намын жанжин шугамыг эсэргүүцсэн, урагшлах замд тохиолдож байгаа бэрхшээл, дутагдлыг дөвийлгөн ашиглаж, намын бодлого буруу мэтээр харуулахыг оролдсон, улс орны ололт, амжилтыг үгүйсгэсэн гэж буруутгасан байна.

Тиймээс Лоохуузыг удирдлагаас хол алс төрсөн Говь-Алтай аймагт нь томилжээ. Гэвч Лоохууз аймгийн МАХН-ын Хорооны дарга хийж байх үедээ тус нутгийг гайхалтай хөгжүүлж ямар чадалтайгаа харуулсан нь зөвхөн эхлэл байлаа. МАХН-ын Төв хорооны Сангийн Аж Ахуйг удирдах газрын дарга, Хөдөө Аж Ахуйн Яамны 1-р орлогч сайд байх үедээ урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор алдарт Гуулингийн сувгийг байгуулж,"Атар газар" эзэмших их хөдөлгөөнийг анхны шав тавихаас үр дүнд хүртэл нь зохион байгуулав. Мөн гахай, тахиа, туулай, булга, буга, каракуль хонь болон саалийн үнээний фирм, САА-нуудыг олноор байгуулжээ. ЗХУ-ын Тимирязевийн нэрэмжит Хөдө аж ахуйн Академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр аянга буулгаж тэр үеийн төр засгийн бурангуй үзлийг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж "Намын эсрэг бүлгийн толгойлогч" хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсан хүн.

1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үр дүнд тэрээр Төрөөс цагаатгагдсан байна. Тэрээр "коммунист" суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн. Цогт-Очирын Лоохууз нь АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болж байсан юм.

2014 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн байна.

Цогт-Очирын Лоохууз нь 2018 оны 5-р сарын 14-нд 94 насандаа таалал төгсжээ.