Цогт Гармаевич Бадамжав
Цогт Гармаевич Бадамжав (орос. Цогто́ Гарма́евич Бадмажа́пов, 1878 онд Верхнеу́динск, буюу өнөөгийн Улаан-Үд хотод төрсөн- 1937 оны 12-р сарын 15-нд цаазлуулж нас барсан) -Буриад худалдаачин. Хар хотыг олж нээсэн Монгол судлаач эрдэмтэн. Пётр Козловын аялалд орчуулагч, хөтөчөөр ажиллаж байсан.
Буриад Бадамжав нь 1912 онд эхнэр герман гаралтай Гармаевич Ида Павловна, дөрвөн охины хамт Нийслэл хүрээнд ирж суурьшжээ. Бадамжав 4 дагавар охинтой Ида Павловнатай ханилсан аж. Тэднийх Монголд ирж амьдарсан даруйдаа Гаваа, Дээвий, Осоржамаа гэх 3 охин төрүүлжээ. Ийнхүү Бадамжавынх 7 охинтой өнөр өтгөн айл байжээ.
Түүхч Отгоны Пүрэв "Монгол төрийн голомт" номондоо “Бадамжавын эхнэр Ида Павловна олон тэрсхэн охиноо дагуулан явж байгааг хүрээнийхэн их л сонирхон хардаг байсан тухай дурдсан нь бий.
Ц.Г.Бадамжав нь чинээлэг худалдаачин байсан бөгөөд Верхнеудинск /Улаан-Үд/, Хиагтаас бараа оруулж ирж Хятад руу гаргах, мөн Хятадаас Орос руу бараа гаргадаг байж. Тэрээр Базар Барадины удирдлага дор Хиагтын худалдааны "Собенников ба Молчановын ах дүүс" фирмд ажиллаж байжээ. Мөн “Монголтранс” нийгэмлэгийн Оросын талын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Цогт Бадамжав өндөр боловсролтой хүн байсан бөгөөд Рой Чапмен Эндрюс, Пётр Козлов нарын экспедицэд орчуулагчаар ажиллаж байжээ. Бадамжавыг Козловын экспедицэд ажиллаж байхдаа гэрэл зураг авч Монголд орчин үеийн гэрэл зургийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж үздэг. Монголоор аялсан Рой Эндрюсийн олон сонирхолтой зураг байдаг. Тэр зургуудыг Бадамжавыг авсан гэж түүхчид үздэг юм байна. Дамдины Сүхбаатар 1921 онд Нийслэл хүрээнд орж ирээд Бадамжавын хашаанд гэр, майхан барьж Түр засгийн газрын үйл ажиллагааг явуулж байсан түүхтэй.
1931 онд Бадамжавыг хилсээр баривчилсны дараа зургаан өрөө байр, Сүүж дэх зуслангийн байрыг нь хурааж авсан гэдэг. Бадамжавын байранд анх Намын төв хороо байрлаж байгаад дараа нь орос мэргэжилтнүүд, Хэвлэлийн төв газар, Сүхбаатарын музей, Тувагийн Элчин сайд байрласан.
1931 онд Бадамжавыг гэнэт баривчилж орос руу авч яваад Турукамск хотын шоронд 6 жил хоригдож байгаад 1937 оны өвөл Новосибирск орчим хилс хэрэгт тулгаад цаазаар авахуулсан гэдэг. Хожим 1960 онд түүнийг цагаатгасан байна.