Цоохор хонин гүрвэл
Монгол оронд төмөр гүрвэл, говийн махир хуруут гүрвэл, прежевальскийн нохой гүрвэл, замба гүрвэл, тойрмын хонин гүрвэл, цоохор хонин гүрвэл, монгол гүрвэл, толбот гүрвэл, могой гүрвэл, загалт гүрвэл, гавшгай гүрвэл, зулзагалагч гүрвэл хэмээх 13 зүйл гүрвэл бүртгэгдсэн байдаг аж.
Хонин гүрвэл нь элсэрхэг, нам дор элсэн манхантай, дулаахан газраар нутагладаг. Говь гурван сайханы байгалийн цогцолбор газар, баянбүрд, цав толгод, заган ой, харгана бүхий цөл, элсэн манхан нутагт элбэг тааралддаг. Хонин гүрвэл нарийн урт биетэй, зун цагт олон гууждаг, хос богинохон хөлтэй, урт сүүлтэй хэвлээр мөлхөж явдаг хуурай газрын амьтан юм. Ихэнх хонин гүрвэлийн биеийн урт 12-14 сантиметр, эрээн цоохордуу өнгөтэй, хоншоор богино бөгөөд дугуй, сүүлэн дээрээ хөндлөн бараан судалтай байдаг. Энэхүү хүйтэн цустай амьтан нүхэнд амьдарч, өдөр нь шоргоолж, хорхой шавж, таана, хүмүүлийн шүүсээр хооллодог байна.
Хонин гүрвэл хүйтэн өдөр наранд халсан халуун чулуу болон малын бууцанд хэвтэж дулаацдаг гэнэ. Хүйтний улирал эхэлж, ногоон ургамал хагдрах үеэр идэш хоол нь хомсдож, бие нь жижгэрч хармаг гэх бутлаг ургамал даган нутагладаг. Намрын эхэн сар гарч хүйтэн бороо орох үед хонин гүрвэлийн хөдөлгөөн удааширч, үзэгдэх нь ховордож эхэлдэг. Энэ нь хонин гүрвэлийн ичих хугацаа болж, хүйтэрч байгаагийн шинж ажээ. Хонин гүрвэл аравдугаар сарын дунд үед үзэгдэхгүй, бүрэн ичиж дуусдаг байна. Харин хавар дөрөвдүгээр сард ичээнээсээ гарч эхэлдэг гэнэ. Тавдугаар сард ичээнээсээ бүрэн гарч тэнхэрсэн хойноо хонин гүрвэлүүд үржилд орж 10-12 өндөг гаргадаг.
Эдгээрээс Улаан номонд орсон тойрмын хонин гүрвэл 59 мм биетэй, сүүл 70 мм урттай. Үндсэндээ түүний сүүл их биеэсээ урт байдаг юм. Тойрмын хонин гүрвэл урт сүүлээрээ биеэ хамгаалдаг бөгөөд өөрийхөө хоолыг сүүлээрээ боож олзолдог. Тэд хүзүүн дээрээ тод хөндлөн нугачаастай, шилэн хүзүүний орчим нарийн хөх хөвөө бүхий улаан ягаан өнгийн хос толботой байдгаараа бусад гүрвэлээс ялгагддаг байна. Нуруу, биеийн хажуу, сүүлний дээд хайрсууд арзгар өргөсөрхөг бөгөөд Ховдын Булган сумын Ярант, Салхитын хөтөл, Их, Бага, Онгог, Давхар хөтөлийн бэл зэрэг нутагт тархан нутагладаг аж. Тойрмын хонин гүрвэл цох, эрвээхэй, шоргоолж, бясаа, царцаа, ялаа зэрэг шавьжаар хооллоно. IV сарын эхээр хээлтдэг байна. Тус гүрвэл шонхор, хэрээ, цахлай, бамбай хоншоорт могойн хоол болдог учир устаж болзошгүй зүйлд оруулж, Монгол улсын Улаан номонд бүртгэсэн байна.