Цэдэнгийн Оюунбаатар
Овог нэр: Ц.Оюунбаатар
Ажил мэргэжил: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч
Олонд танигдсан үйл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллага бий болгож, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын Үндэсний холбоог эмхлэн тохижуулж, хууль, эрх зүйн орчныг нь сайжруулахын төлөө тууштай тэмцсэн хүний эрхийн тэмцэгч.
Хүний эрхийн төлөө тэмцсэн үйл хэрэг:
Тухайн үед нэр төдий байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус олон байгууллагыг нэгтгэхэд илүү анхаарч Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын Үндэсний холбоог эмхлэн тохижуулсан.
1998 онд Хөдөлмөрийн тухай хуульд 111 дүгээр заалтыг тусгуулж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь хөдөлмөрлөх эрхтэй” гэсэн товч боловч тодорхой энэ заалт эдгээр хүмүүс бусадтай л адилхан гэдгийг баталгаажуулсан.
2007 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн төслийн багт ажиллаж, долоон хуулийн төсөлд тэдний санал бодлыг тусган, УИХ-аас баталсан байдаг. Түүний нэг нь Авто тээврийн тухай хууль бөгөөд тэдний оруулсан санал ёсоор автобусны буудлыг зарладаг болсон байна.
2015 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооноос эдгээр зорилтот бүлгийнхний төлөө Засгийн газраас хийж байгаа болон орхигдуулсан ажлын талаар “сүүдэр тайлан” бичиж, хамгаалсан нь дэлхийд анх удаа тохиолдсон үйл явдал болжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулахаар улсын төсөвт суулгасан хөрөнгө мөнгө жил ирэх тутам нэмэгдэж байгаа ч зорилтот бүлэгтээ ирэх нь төдий л хангалттай биш байсан учир тодорхой хэмжээнд мониторинг хийж эхэлжээ. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний 150 мянган төгрөгөөр тооцож төлөвлөсөн нэг тэргэнцрийг БНХАУ-аас 54 мянган төгрөгөөр оруулж ирдэг байсныг хяналт шалгалтаар тогтоолгон, батлуулж чадсан байна.
Эх сурвалж: www.newsmall.mn; Монголын үнэн сонин 2019.12.09