Цэндийн Адьяа
Цэндийн Адьяа (1921 оны 3-р сарын 1-нд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт төрсөн- 1995 онд нас барсан ) -Монгол Улсын намын болон нийгмийн зүтгэтэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ц.Адьяа малчин эмэгтэй Цэндийн 4-р хүү болж төрсөн. Тэрбээр 12-тойдоо бичиг үсгийн бүлгэмд 3 сар сууж Өлзийноров гүнээр монгол үсэг заалгаж суралцсан, 16-тайдаа Улаанбаатарт ирж сестрагийн сургуульд нэг жил суралцаад 1938 оноос аймгийнхаа Цогтчандмань, Баян-Овоо, Аргалант сумын Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийг сумдын ХЗЭ-ийн үүрийн даргын албатай хавсарч хийсэн. 1939 оны хавар Улаанбаатар хотод Эрүүлийг хамгаалахын ажилтны улсын анхдугаар зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцсон.
Адъяа 1941 онд цэрэгт мордож, Цэргийн авто батальонд нэг жил суралцаж жолоочийн мэргэжил эзэмшсэн. Тэгээд Цэргийн ерөнхий сургуульд хоёр жил суралцаж хуягт танкийн мэргэжлээр төгсөж, Хэнтийн VI морин бригадын Хуягт суманд салаан захирагчаар ажиллажээ. Баруун хилээр Оспаны дээрэмчид цөмрөн орж ирэхэд 1944 оны 4-р сарын 8-нд тушаал ёсоор ҮI морин бригад түргэн жагсаалаар Улаанбаатар, Архангай, Говь-Алтайгаар дамжин Ховд аймгийн Үенч сумын Улаан толгой хүртэл 2000 км замын морин маршаар өдөр шөнөгүй явж туулсан байна.
Тэрбээр 1945 оны Чөлөөлөх дайнд идэвхтэй оролцож, Батлан хамгаалах яаманд автограшийн техникийн даргаар ажиллаж байгаад 1949 онд бэлтгэл офицероор халагджээ.
Ц.Адъяа Намын Шинэ хүчний дээд сургуулийг 1954 онд төгсөж, мөн Казахстан улсын Алам-Ата хотын Коммунист намын дээд сургуулийг 1965 онд төгссөн байна.
Ц.Адьяа Дундговь, Архангай аймгийн даргаар 1954-1961 онд, Сайд нарын зөвлөлд 1965 оноос зохион байгуулагч, 1966 оноос Завхан аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1971-1981 онд Төв аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1981 оноос МАХН-ын Төв Хороонд зөвлөх ажилтан, 1982-1985 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн байна.
Тэтгэвэрт гараад Адъяа гуай Хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн нэгдсэн туслах аж ахуйд зөвлөх, хотын Өндөр настны зөвлөлд Үйлдвэрчний хорооны дарга, Ахмадын “Зүүн хүрээ” ХХК-ийн захирал зэрэг ажлыг хийжээ.