Jump to content

Чак Норрис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Карлос Рэй (Чак) Но́ррис (англи. Carlos Ray «Chuck» Norris; 1940 оны 3-р сарын 10-нд Оклахома мужид төрсөн) — американийн кино жүжигчин, холимог тулааны мастер. Төрсөн дүү Аарон Норрисын тулааны кинонуудад гол дүр бүтээж алдартай болсон. Тэрээр мөн "Walker, Texas Ranger" телевизийн цуврал киноны Корделл Уокерын дүрээр алдартай болсон юм.

Чак Норрис, 2015 он

Түүний бага нас ядуу зүдүү амьдрал, байнгын оршин суух газаргүй амьдрал байжээ. Эх, хоёр дүүтэйгээ хагас ядуу амьдрал, дараа нь эцэг эх хоёр нь салж, хойд эцэгтэй болсон байна. Норрисын хойд эцэг Жорж Найт спортод дуртай болгосон гэдэг.

Сургуулиа төгссөн даруйдаа Агаарын цэргийн хүчинд алба хааж, 1959 онд Өмнөд Солонгос дахь цэргийн бааз руу илгээгджээ. Цэргийн баазад тэрээр Чак (Карлос - Чарльз гэдэг нэрний англи хувилбарын товчлол) гэх хоч авсан. Тэр үед тэрээр ангийнхаа найз Диана Холечектэй гэрлэсэн байв. Түүний хэлснээр энэ үе үнэхээр уйтгартай байсан тул спортоор хичээллэж, эхлээд Жүдо-гийн клубт элсэж, дараа нь Тан Су До бүлэгт элссэн. Гурван жилийн дараа цэргээс халагдахдаа хар бүстэй болсон байв.

1963 онд Чак Норрис анхны каратэгийн сургуулиа, жилийн дараа хоёр дахь сургуулиа нээжээ. 1965 онд тэрээр Лос Анжелесийн бүх оддын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, түрүүлсэн. 1968 онд тэрээр каратэгийн сургуулиудын сүлжээг нээсэн (нийтдээ 32 байсан). Тэр жилдээ каратэгийн хөнгөн жингийн дэлхийн аварга болж, долоон жил энэ аварга цолыг эзэмшиж байсан юм.

1960-аад онд Брюс Ли-тэй хамт бэлтгэл хийж байсан. "Дотоод хүч чадлын нууц: Миний түүх" (1987) номондоо Брюс Литэй уулзахаас өмнө (1966) Брюс өөрийн зэвсэглэлд - бүсээс дээш (толгой руу) өшиглөлтийг ашигладаггүй гэж мэдэгджээ: энэ нь Брюс Ли зохих уян хатан чанаргүй байсан учраас биш, харин тэр ийм цохилтыг бодитой гэж үздэггүй байсантай холбоотой ажээ. Гэсэн хэдий ч ийм цохилтгүйгээр тулааны ​​​​кино урлаг дахь карьерыг төсөөлөхийн аргагүй юм гэсэн Норрисын итгэл үнэмшлийг сонссоноор Ли дорно дахины тулааны урлагт байдаг бүх үндсэн дээгүүр толгой руу хийх цохилтыг зургаан сарын дотор эзэмшсэн гэдэг.

Норрис каратэгийн хичээл зааж өгч байсан жүжигчин Стив Маккуины тусламжтайгаар кино урлагт гараагаа эхэлжээ. Норрисын анхны харьцангуй алдартай дүр бол Брюс Лигийн тоглосон "Луугийн зам" кино юм.

1980-аад онд тэрээр Жан-Клод Ван Даммтай хамт бэлтгэл хийж, Ван Дамм АНУ-д ажил олоход нь тусалж, эхлээд Ньюпорт Бич дэх баарандаа, дараа нь түүнийг "Үйлдэлд алга болсон" киноныхоо нэг хэсэгчилсэн дүрд тоглоход туслаж байжээ.