Чацаргана тарих (Органик хүнсний ногоо тариалах)
Хөрс: Үржил шимтэй хар хүрэн, хүрэн, цайвар хүрэн, хөнгөн сэвсгэр хөрсөнд сайн ургана. Мөн голын хөндийн жижиг хайрга чулуутай, хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Хужир марзтай, хүнд шавранцар хөрс тохиромж муутай.
Нягтаршил: Нэг га-д 1514 эм, 152 эр буюу 1666 ширхэг мод таригдана. Мөр хоорондын зай 200 см Ургамал хоорондын зай 200-300 см
Усалгаа: Ургалтын үеийн идэвхтэй усалгаа 500-600 м3/га Цэнэг усалгааг 800 м3/га нормоор хийнэ.
Тарилтын бүдүүвч:
| эм | эм | эм |
| эм | эм | эм |
| эм | эр | эм |
| эм | эм | эм |
| эм | эм | эм |
| эм | эм | эм |
| эм | эр | эм |
| эм | эм | эм |
| эм | эм | эм |
Хөрс боловсруулалт:
Чацаргана тарих талбайг 1-2 жилийн өмнө бэлдэнэ. Хавар аль болох гүн 25-40 см хагалж, зуны чийг, тунaдас, хог ургамлын ургалтыг харгалзан хэд хэдэн удаа өнгөн боловсруулалт хийнэ. Талбайг боловсруулахын өмнө 1 м2 талбайд 10-12 кг шим бордоо хийх бөгөөд хүнд хөрсөнд элс хайрга хийж хөнгөрүүлэх, элсэн хөрсөнд бууц, ялзмаг нэмэх замаар бүтцийг нь сайжруулна.
Суулгах материал:
Шаардлага хангасан 1-3 настай суулгацыг хэрэглэнэ. Модлог мөчрөөр ургуулсан бол нэг настай, 15 см-ээс доошгүй өндөртэй, ногоон мөчрөөр ургуулсан бол 2-3 настай байна.
Тариалалт:
Олон настай, нэг байран дээр 10-12 жил, түүнээс ч олон жил ургадаг учир сүүдэрлэхгүй, нар бүтэн өдрийн турш ээдэг газар сонговол сайн. Манай орны нөхцөлд 4 сарын сүүлч, 5 сарын эхний хагаст тарих нь хамгийн ашигтай хугацаа юм. Нэг модонд 4-6 м² тэжээлийн талбай тохиромжтой бөгөөд 10-11 эм модонд нэг эр мод байх нь хамгийн ашигтай.
Тарихын өмнө чацаргана тарих шан буюу нүхэндээ 8-10 кг бууц хийх нь залуу ургамлыг 2-3 жилд шим тэжээлийн бодисоор хангах бүрэн бололцоотой. Чацаргана тарих нүхийг 80 см голчтой ухаж бэлтгэх ба суулгацын үндэсний хүзүүг хөрснөөс 10 см доор суулгана. Суулгахын хамт услах бөгөөд энэ усалгаанаас 2-3 хоногийн дараа хоёр дахь усалгааг хийх ба ууршилтыг нь багасгах зорилгоор бууцаар хучиж өгнө. Суулгацыг суулгасны дараа салаа ишийг тайрч нэг иштэй болгоно.
Арчилгаа:
Ургалтын эхний 5-6 жилд ургамлын ишний орчмыг цэвэр байлгах нь маш чухал. Чацарганы үндэс хөрсний өнгөн хэсэгт байрладаг учир сийрүүлэлтийг гүн хийж болохгүй, зөвхөн 10 см хүртэл гүнд хийхэд тохиромжтой. Ургамлын үндсийг гэмтээхгүйн тулд модтойгоо зэрэгцэн зогсоод үндэсний тархалтын дагуу цавчуураар сийрүүлнэ. Сийрүүлэлтийг усалгаа бүрийн дараа хийх, мөн усалгааны дараа хар өнгийн нийлэг хальсаар хучиж болно.
Чацаргана нь өөрийн үндсэн дээрх булцууны тусламжтайгаар агаараас азотыг шингээн авч, өөрийн хэрэгцээт азотын хэмжээг тохируулж байдаг. Иймээс эхлээд фосфорын бордоог илүүтэйгээр шаарддаг.
Таналт:
Таналтыг хавар модны шүүс хөдлөхийн өмнө эсвэл намар навч унасны дараа хийнэ. Харин өвчилсөн, хатсан, хугарсан хөлдсөн иш мөчрийг танахыг цэвэрлэгээний таналт гах бөгөөд үүнийг жимслэж байгаа модон дээр хавар болгон хийнэ. Мөн хэлбэржүүлэлт гэж модны титмийг хамгийн ашигтай хэлбэрээр засаж ургуулахыг хэлдэг бөгөөд нийт мөчрийн 70 % тарьсан эгнээний чиглэлд байж, мөчрүүд хоорондоо нийлж, саад болохгүй байхаар таналтыг хийнэ. Мөн модны мөчрүүд хоорондоо хэт шигүү байвал сийрэгжүүлэх таналтыг хийнэ. Харин мод насжих тусам жимс багасах тул энэ үед залуужуулах таналт хийнэ. Огтлол хийсэн 1 см– ээс илүү голчтой, бүдүүн салаа мөчрийг будах буюу цэцэрлэгийн тосоор тосолно.
Усалгаа:
Үндэс нь гүнд тархдаггүй учир чийгэнд дуртай, ялангуяа цэцэглэлт, жимслэлт, жимс өсөж томрох үедээ илүү их ус шаардана. Ердийн жил 7-8 удаа, хуурай гандуу жил 10-12 удаа усална. Намар цэнэг усалгааг 9 сарын сүүл, 10 сарын эхээр хийнэ. Өвлийн улиралд цасаар хучвал сайн.
Ургац хураалт:
Чацарганы жимс нь 8 сарын 3-р арав хоногоос эхлэн боловсорно. Энэ үед С витамины агууламж хамгийн өндөр байх бөгөөд амархан хагарч, няцардаггүй. Цаашлаад С витамин багасаж, тос илүү хуримтлагдаж, мөн каратинойдууд их агуулагдана. 9 сарын дундаас эхлээд жимс нь бүрэн бололтонд шилжихэд тосны хуримтлал ихсэж, жимсний хальс нимгэрдэг тул амархан хагарч хураах боломжгүй болдог. Иймээс хураалтыг зогсоож, хөлдсөний дараа хураавал зүгээр.