Чеслав Милош

Чеслав Милош (пол. Czesław Miłosz, 1911 оны 6-р сарын 30, Оросын эзэнт гүрний Ковно мужийн Шттеняйд төрж, 2004 оны 8-р сарын 14-нд Краков хотод нас барсан) - Польшийн яруу найрагч, орчуулагч, эссе зохиолч юм. 1980 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзэн.
Каунас мужийн Шетени тосгонд язгууртны гэр бүлд төрсөн. Вильнюс хотын Сигизмунд Августын нэрэмжит гимназид сурч төгссөн (1921-1929). Стефан Баторийн нэрэмжит их сургуульд эхлээд хүмүүнлэгийн тэнхимд, дараа нь хууль, нийгмийн ухааны тэнхимд шилжин суралцсан. Тэрээр 1930 онд оюутны "Алма Матер Вилненсис" сэтгүүлд шүлгүүдээ анх удаа хэвлүүлсэн. "Загар" яруу найргийн бүлгийг үүсгэн байгуулагчдын нэг. 1934 онд Вильнюс хот дахь Польшийн зохиолчдын эвлэл түүнд яруу найргийн анхны бүтээлийн төлөө Филоматын шагнал гардуулсан байна. Холын хамаатан Францын яруу найрагч Оскар Милоштой Парист очиж хэд хэдэн удаа уулзсан. 1935 оноос Вильнюс хотын радиод ажиллаж байгаад жилийн дараа хэт зүүний үзэл бодлоосоо болж халагдсан байна. 1937 онд Итали руу аялсны дараа тэрээр Варшав руу нүүж, радиод ажиллаж эхэлсэн юм.
1945-1951 онд Бүгд Найрамдах Польш Ард Улсын Гадаад хэргийн яаманд Нью-Йорк, Парис хотод соёлын атташегаар ажиллаж байжээ. 1950 оны сүүлээр Польшид буцаж ирээд Сталинизм газар авч байсан Польшид гарсан өөрчлөлтөд маш сөрөг хандлагатай байсан.
1947 онд түүний хүү Энтони (Антон) Вашингтонд төржээ. Түүний хоёр дахь хүү Ян Петер нь 1951 онд Чеслав Милош Парист албан ёсны томилолтоор явж байх үед мөн АНУ-д төржээ. Тэрээр Маккартиизмд автсан АНУ-ын виз авч чадаагүй учраас Польш руу буцахаас татгалзаж, Францаас улс төрийн орогнол хүсэж авсан юм.
1960 онд Америкийн хоёр их сургуулийн урилгаар АНУ-д очиж, Беркли дэх Калифорнийн их сургуулийн Слав хэл, уран зохиолын тэнхимийн профессор болжээ. 1976 онд тэрээр Гуггенхаймын тэтгэлэгт хамрагдсан. 1980 онд тэрээр утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн байна. 1982 онд "Польш Польшоороо байг" нэвтрүүлэгт оролцож Полшийн "Эв санааны нэгдэл" хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр 1993 онд Польшид эргэлт буцалтгүй нүүж ирж суурьшсан байна. Утга зохиолын олон шагнал хүртэж, 1994 онд Польшийн "Цагаан бүргэд" одонгоор шагнагджээ.
Чеслав Милош 2004 оны 8-р сарын 14-нд Краков хотод нас барсан.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- Царцсан цаг хугацааны тухай найраг (Poemat o czasie zastygłym, 1932)
- Гурван өвөл (Trzy zimy, яруу найргийн цомог, 1936)
- Аврал (Ocalenie, шүлгийн цомог, 1945)
- Эрх мэдэл булааж авах (Zdobycie władzy, роман, 1953)
- Эзлэгдсэн оюун ухаан (Zniewolony umysł, 1953)
- Өдрийн гэгээ (Światło dzienne, 1953)
- Иссагийн тал нутаг (Dolina Issy, 1955)
- Яруу найргийн трактат (Traktat poetycki, 1957)
- Төрөлх Европ (Rodzinna Europa, 1958)
- Тивүүд (Kontynenty, 1958)
- Хилэнцэт хорхойн дундах хүн (Człowiek wśród skorpionów, 1961)
- Попель хаан болон бусад хувилбарууд (Król Popiel i inne wiersze, 1961)
- Гучо (Gucio zaczarowany, 1965)
- Сан-Франциско булангийн дүр төрх (Widzenia nad zatoką San Francisco, 1969)
- Нэргүй хот (Miasto bez imienia, 1969)
- Хувийн хүний үүрэг (Prywatne obowiązki, 1972)
- Үүр цайх, нар жаргах газар (Gdzie słońce wschodzi i kędy zapada, 1974)
- Ульро нутаг (Ziemia Ulro, 1977)
- Шинжлэх ухааны цэцэрлэг (Ogród nauk, 1979)
- Сувдны сүлд дуулал (Hymn o perle, 1982)
- Тэвэрч барашгүй дэлхий ! (Nieobjęta ziemio, 1984)