Jump to content

Чехословакийн зөөлөн хувьсгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чехословакийн зөөлөн хувьсгал буюу Хамба хилэн хувьсгал (чех: sametová revoluce, словак: nežná revolúcia, зөөлөн хувьсгал) нь 1989 оны 11-р сараас 12-р саруудад социалист Чехословак улсад болсон тайван жагсаал цуглаан бөгөөд Төв болон Зүүн Европт болсон 1989 оны хувьсгалын нэг хэсэг юм. Энэ нь Коммунист намыг харьцангуй хурдан засгийн эрхээс зайлуулж, Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсад социалист системийг зохион байгуулалттайгаар задлахад хүргэсэн. Жагсагчид болон Чехословакийн Коммунист Намын аюулгүй байдлын хүчний хооронд анх мөргөлдөөн гарсан ч хувьсгал ерөнхийдөө цусгүй байсан тул ийм нэр авчээ.

Чехословак улс 1948 оноос хойш социалист дэглэм дор байсан. "Прагийн хавар" гэгддэг дэглэмийн анхны шинэчлэлийн оролдлогууд 1968 оны 8-р сард Варшавын гэрээний орнуудын цэргүүд орж ирснээр зогссон. 1969-1989 онуудад эхлээд Чехословакийн Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, дараа нь Ерөнхийлөгчөөр Густав Хусак улс орныг удирдаж ажилласан юм. Польш, Унгар, Зүүн Германд социалист дэглэмүүдийг түлхэн унагасны дараа Чехословакт эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн. 1989 оны 11-р сарын 17-нд Праг хотод оюутны жагсаал болж, удалгүй дэглэмийн эсрэг улс төрийн уриа лоозон гаргажээ. Жагсаалын үеэр 1 оюутныг хөнөөсөн тухай цуурхал тарсны дараа эсэргүүцэл, ажил хаялт олон нийтийн хамарч эхэлсэн юм.

1989 оны 11-р сарын 24-нд Ерөнхий нарийн бичгийн дарга Милош Якеш тэргүүтэй Чехословакийн Коммунист Намын Төв Хорооны Тэргүүлэгчид болон Нарийн бичгийн дарга нарын газар бүхэлдээ огцорсон. 1989 оны 11-р сарын 29-нд Чехословакийн Холбооны Хурлын хоёр танхимын ээлжит бус чуулганаар Чехословакийн Коммунист Намын дангаар төр барих эрхийг цуцалсан. 12-р сарын 10-нд Густав Хусак 1948 оноос хойш анх удаа тус улсын засгийн газрыг сөрөг хүчний улс төрчдөөс тал хувийг бүрдүүлж, дараа нь өөрөө огцров. Ерөнхий сайд Мариан Чалфа 12-р сарын 29 хүртэл ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. 1989 оны 12-р сарын 29-нд тус улсын парламент Прагийн хавар хөдөлгөөний удирдагч Александер Дубчекийг Холбооны Хурлын Ерөнхийлөгчөөр, тэрс үзэлтэн Вацлав Хавелыг тус улсын Ерөнхийлөгчөөр сонгосон. 1990 оны 3-р сарын 29-нд тус улсыг Чех болон Словакийн Холбооны Бүгд Найрамдах Улс болгон нэрлэж, социалист Чехословакийн түүхийн төгсгөл болсон юм.