Jump to content

Чингай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чингай буюу Чингай чинсан (1169-1252) нь Их Монгол Улсын Чингис, Өгөөдэй, Гүюг, Мөнх хаадын төрд зүтгэж байсан бичиг, цэргийн сайд. Угсаа гарлын хувьд "Юань улсын судар"-т несториан шашинтай хэрэйд хүн, Ата малик Жувейнигийн "Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх"-д уйгур гаралтай, мөн зарим хятад сурвалж бичигт "тянь" гэх хятад овогтой гэсэн ялгаатай мэдээлэл байдаг ч, эрдэмтэд хэрэйд эсвэл уйгур гаралтай гэдэг саналыг дэмждэг.

Тэрээр 1169 онд төрж, залуу наснаас Чингис хааны талд зүтгэж байсан. 1203 онд Хэрэйдийн Тоорил ханы удирдсан цэргийн хүч Хамаг Монголд довтлон Чингис хааныг дорно зүгт хөөн явуулж, Чингис хаан цөөн цэргээр зугтаж явсаар Балжун нуурын уснаас ундаалах үед 19 хүн андгай тангараг өргөсний дотор Чингай чинсан байсан.[1] 1210 онд Найманы үлдэгдэлийг дарах аянд явж гавьяа байгуулан, сайн мориор шагнуулсан.[1] 1212 онд Алтан улсын жанжин Хушахутай байлдах үедээ шархадсан ч, хичээнгүйлэн байлдсаар байлдаанд гавьяа байгуулж,[1] мөн татар, кипчак, тангуд, жүйн, кидан, зүрчин гаралтай түм гаруй цэрэг, иргэдийг олзолсныг нь үнэлж, цагаан алт, барын дүрст алтан гэрэгэ, хишигтэн цэргийн чэрби цолоор шагнасан.[1] 1215 онд Жунду хотыг эзлэх тулалдаанд гавьяа байгуулсанд Чингис хаан газар нутаг шагнасан.[1] Хааны зарлигаар Чингай ноён Орхон голын савд цэргийн тариалангийн ажлыг хариуцаж, хот балгас байгуулахаар болсон нь, Алтай нурууны дунд хэсэгт (одоогийн Монгол Улсын Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт) нэгэн хот байгуулсныг түүхэнд "Чингай балгас" гэж нэрлэдэг болсон.

Өгөөдэй хааны төр барьсан үед хааны хасбуу тамга захирсан, төрийн гол сайд болсон. Алтан улсыг мөхөөх дайнд хааныг дагалдан явсан. 1235 онд Өгөөдэй хаан түүнд бөс даавууны гувчуур татах Баодингийн 95 өрх[2], Эньжоугийн (恩州) 1000 өрх[1] айлыг шагнав. Сүн улсын элч Пэн Даяа, Сюй Тин нарын бичсэнээр Чингай нь уйгур үсгээр бичсэн бичиг баримтыг хариуцаж, төрийн бүхий л бичиг хэргийг хянаж хариуцаж, төрийн бүхий л бодлого шийдвэр түүний хяналтаар дамждаг байсан. 1241 онд Өгөөдэй хаан таалал төгссөний дараа Дөргөнэ хатан төрийг самууруулсан үед эрх мэдлээ алдаж, Тангудыг захирч байсан Годан ханхүүгийн нутагт зугтан очиж, амь хоргодож байсан. 1246 онд Гүюг хааны зарлигаар дахин Жуншушэн яамны баруун гарын сайдын албаа хаших болж, хуучин эрх мэдэл нь дахин сэргэсэн. 1251 онд хаан ширээ Өгөөдэйн ургаас Тулуйн удамд шилжсэнийг эсэргүүцсэн тул Мөнх хааны зарлигаар 84 насандаа[1] цаазлуулсан.

Чингай чинсан хоёр эхнэрээс төрсөн арван хүүтэй байснаас Бугус гэх хүү нь цол, өмч хөрөнгийг нь өвлөж авсан. Хубилай хааны үед мянгатын ноён болсон.

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 "元史/卷120 - Юань улсын судар: 120-р дэвтэр". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-07-02.
  2. "元史/卷095 - Юань улсын судар/95-р дэвтэр". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-07-02.