Шашин судлал

Шашин судлал (англи. Religious studies) - шашны итгэл үнэмшил, зан үйл, институцийг судлахад зориулагдсан шинжлэх ухааны салбар юм. Энэ салбар нь аливаа шашныг тодорхойлж, бусадтай харьцуулж, тайлбарлаж, задлан шинжилж, системчилсэн, түүхэн үндэслэлтэй, соёл иргэншил хоорондын хэтийн төлөвт анхаарлаа хандуулдаг.
Шашин судлалд шашны үүсэл, түүхэн хөгжил, үйл ажиллагааны хэв маяг, түүнчлэн түүний бүтэц, янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүд, олон янзын үзэгдлүүд багтдаг.
Шашны судлалыг шашны сургаал, шашны философиос ялгаж салгаж үзэх хэрэгтэй.
Шашин гэж яг юуг хэлээд байгаа талаар нэгдсэн ойлголт байдаггүйн улмаас түүний тодорхойлолт нь маш их маргаантай байдаг. Энэ нь шашныг тодорхойлж, харьцуулж, тайлбарлаж, эмпирик, түүхэнд суурилсан болон соёл хоорондын хэтийн төлөвийг онцолдог юм.
Шашин бол уламжлалт шашны тайлбарын дагуу трансцендентал буюу ер бусын зүйлийг ойлгохыг оролддог бол шашин судлал нь аливаа шашны үзэл бодлоос үл хамааран илүү шинжлэх ухаанч, бодитой хандлагыг баримталдаг. Тиймээс шашин судлал нь угсаатны зүй, социологи, сэтгэл судлал, гүн ухаан, шашны түүх зэрэг олон шинжлэх ухааны салбар, арга зүйд тулгуурладаг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Шашны ерөнхий судалгаа Милетийн Гекатей (МЭӨ 550 оны орчим - МЭӨ 476 оны орчим) болон Геродот (МЭӨ 484 оны орчим - МЭӨ 425 оны орчим) нараас эхтэй гэж үздэг. Хожим нь Дундад зууны үед Ибн Хазм (МЭ 1064 онд нас барсан) зэрэг Исламын эрдэмтэд Перс, Еврей, Христ, Энэтхэгийн шашин зэрэг бусад шашнуудыг судалж байжээ. Шашны анхны түүхийг Исламын эрдэмтэн Мухаммед аль-Шахрастанийн бичсэн "Шашны болон Философийн урсгалуудын тухай туурвил" (МЭ 1127) гэж үзэж болно.
Шашин судлал нь шинжлэх ухаан гэсэн хэлбэрээр 19-р зууны Европт үүссэн бөгөөд Библийн шинжлэх ухаан, түүхийн шинжилгээ цэцэглэн хөгжиж, Хинду болон Буддын шашны ариун бичвэрүүд анх Европын хэл рүү орчуулагдаж эхэлсэн үе юм. Анхны нөлөө бүхий эрдэмтдийн тоонд Английн Макс Мюллер, Нидерландын Корнелис Петрус Тиле нар багтдаг. Гэсэн хэдий ч Макс Мюллер бол шашин судлалын профессор биш, харин филологич байсан, харин Корнелис Тиле бол шашин судлаач байсан юм. Өнөөдөр шашин судлал бол дэлхий даяарх эрдэмтдийн судалдаг шинжлэх ухааны салбар болоод байгаа юм.
Шашин судлалын салбарууд
[засварлах | кодоор засварлах]- Шашны түүх
- Шашны социологи
- Шашны угсаатны зүй
- Шашны сэтгэл судлал
- Шашны үзэгдэл судлал
- Шашны гүн ухаан
- Шашны эдийн засаг
- Шашны бэлэг тэмдэг судлал
Монгол дахь шашин судлал
[засварлах | кодоор засварлах]Төр ба шашны харилцааг Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуддаа тусгаж байсан бөгөөд эхний гурван Үндсэн хуульд шашныг улс төрийн, улсын, төрийн хэрэг болон сургуулиас тусгаарласан заалтууд орж байсан бол 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараагаар үзэл бодол, итгэл үнэмшил, шашин шүтэх эрхийг эрх зүйн хүрээнд хуульчлан баталгаажуулсан юм. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд, төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ, төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэхгүй, төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна хэмээн тодорхой заасан бөгөөд иргэдийн шашин шүтэх, эс шүтэх, мөн итгэл үнэмшлээ өөрчлөх эрх чөлөөг баталгаажуулсан юм.
Монгол Улсад "Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль"-иар шашны асуудал зохицуулагддаг байна. Монгол Улсад 1993 онд улсын хэмжээнд 93 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байсан бол 2004 онд 2252 , 2016 онд 350, 2017 онд 344 сүм хийдийг тоолсон байна. 2017 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагын 52.3% нь христийн, 39.5% нь буддын, 6.1% нь исламын, үлдсэн 2.1 % нь бусад чиглэлийн шашны байгууллага байна.
2017 оны байдлаар улсын хэмжээнд 1529 лам санваартан бүртгэгдсэний 1303 нь буддын, 197 нь христийн, 26 нь исламын, 3 нь бусад буюу бахай, мүүн, бөөгийн шашны санваартан байв.
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Олон Улсын Монгол Судлалын Холбоо хамтран “Монголын бурхны шашин судлал” сэдэвт олон улсын хурал 2024 оны 8-р сарын 26-28-ны өдөр Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуган, МУИС-ийн Номын сангийн өргөөнөө болсон.
Монгол нутагт бурхны шашин дэлгэрэхдээ монголчуудын түүх, соёл, төрт ёс, философи сэтгэлгээнд гүнзгий нөлөөлж, сүм хийд, лам хувраг, дэг жаяг, зан үйлийн онцлог бүхий “Монголын бурхны шашин” болж хөгжсөн юм. Тиймээс монголын бурхны шашин нь шашин судлал, буддын судлал, монгол судлалын хүрээнд тал бүрээр судлагдан хөгжиж байна.
Энэхүү хурлаар Монголын бурхны шашныг судалдаг дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сүүлийн үеийн судалгааны үр дүнг хуваалцах, сурталчилан таниулах, эрдэм шинжилгээний солилцоог дэмжих, монголын бурхны шашин судлалын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, салбарт тулгамдаж буй сорилтуудыг хэлэлцсэн юм.
- Хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ, АНУ, БНПУ, БНСУ, БНУАУ, Швейцарь, Япон, Тайланд зэрэг 11 улсын 60 гаруй эрдэмтэн, судлаач Mонгол дахь буддын мэдлэг ухаан ба эх бичгийн судалгаа;
- Mонголын бурхны шашны түүх, хутагт хувилгаад, буддын мэргэд, сүм хийд, зан үйлийн судалгаа;
- Mонголын бурхны шашин ба улс төр, эрх зүй, гадаад харилцааны судалгаа;
- Mонголын бурхны шашны өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын судалгаа гэсэн 4 салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлжээ.