Шийт урсгал
Шийт урсгал (араб: شيعة, [ˈʃiːʕa] - "дагагч", "талыг баримтлагч", "дэмжигч") нь Али ибн Абу Талиб (Зөнч Мухаммедын үеэл, хүргэн, хамтран зүтгэгч) болон түүний үр удмыг Зөнч Мухаммедын цорын ганц хууль ёсны болон оюун санааны залгамжлагч гэж хүлээн зөвшөөрдөг янз бүрийн нийгэмлэгүүдийг нэгтгэсэн Исламын шашны урсгал юм.
Нарийн утгаараа энэ нэр томьёо нь ерөнхийдөө Иран, Азербайжан, Бахрейн, Ирак, Ливанд голчлон амьдардаг Шийт урсгалыг дагагчдыг хэлдэг юм. Тэд мөн Йемен, Афганистан, Турк, Сири, Кувейт, Пакистан, Арабын Нэгдсэн Эмират болон зүүн өмнөд Тажикистанд тархсан байдаг.
Бүх мусульманчуудын нэгэн адил шийтүүд Зөнч Мухаммедын эш үзүүллэгийн үүрэгт итгэдэг. Шийтүүдийн нэг онцлог шинж чанар нь исламын шашинт нийгэмлэгийн удирдлага нь сонгогдсон халифуудад биш, харин Аллахын үр удам дундаас томилсон имамуудад харьяалагддаг гэдэгт итгэдэг явдал юм. Үүнд Али ибн Абу Талиб болон Мухаммедын охин Фатимагийн үр удам байх ёстой гэж үздэг байна.
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Төрөл бүрийн тооцоогоор Шийтүүд нийт исламын шашинт хүн амын 10-20%-ийг эзэлдэг гэж үздэг. Одоогийн байдлаар бараг бүх ислам шашинт, Европ, Америкийн орнуудад янз бүрийн Шийт урсгалын дагалдагчид байдаг. Шийт урсгалын исламын шашинтнууд гол төлөв Иран, Азербайжан, Ирак, Бахрейн зэрэг улсуудад хүн амын дийлэнх хувийг эзэлдэг. Төрөл бүрийн тооцоогоор Ливаны хүн амын 27-35% нь Шийтийн урсгалыг баримталдаг бол Кувейтэд 30% хүртэл байдаг гэсэн судалгаа байдаг.
Афганистанд Шийтүүд тус улсын хүн амын 15-19%-ийг эзэлдэг бөгөөд үүнд Хазарачууд олноор багтдаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Ислам шашин 7-р зуунд бий болсон юм. Эхний зуунд аль хэдийн нэгдсэн Мусульман нийгэмлэг (умма) нь Суннит, Шийт болон Харижит гэсэн гурван урсгалд хуваагдсан байна. Исламын шашины урсгалуудад хуваагдсан гол шалтгаан нь анх Мусульман улсын дээд эрх мэдлийн асуудал байжээ. Зарим Мусульманчууд нийгэмлэгийн (умма) шийдвэрээр эрх мэдлийг Бошиглогч Мухаммедын харьяалагддаг Курайш овгийн хамгийн хүндтэй Мусульман хүнд шилжүүлдэг гэсэн ойлголтыг боловсруулсан. Бусад Мусульманчууд Бошиглогчийн гэр бүл болон шууд үр удам (Ахл аль-Бейт)-ийг түүний цорын ганц хууль ёсны өв залгамжлагчид болон оюун санааны залгамжлагчид гэж хүлээн зөвшөөрдөгт байсан юм.
Шийт урсгалын үүслийн талаар нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн үзэл бодол байдаггүй. Зарим нь үүнийг Бошиглогчийн үед үүссэн гэж үздэг бол зарим нь түүнийг нас барсны дараа үүссэн гэж үздэг бол зарим нь Алигийн хаанчлалын үед үүссэн гэж үздэг бол зарим нь түүнийг алсны дараа үүссэн гэж янз бүрээр үздэг байна.
Бошиглогч Мухаммед сүүлчийн даяанчлалаасаа буцаж ирээд Мекка, Медина хоёрын хооронд орших Гадир Хуммд Алид тунхаглал дэвшүүлжээ. Мухаммед нь Алиг түүний өв залгамжлагч, ах дүү бөгөөд Бошиглогчийг мавла болгон хүлээн зөвшөөрсөн хүмүүс Алиг мавла болгон хүлээн зөвшөөрөх ёстой гэж мэдэгджээ. Үүнээс улбаалж Шийт мусульманчууд Бошиглогч Мухаммед Алиг залгамжлагчаа болгон зарласан гэж үздэг. Суннит урсгалынхан үүнийг хүлээн зөвшөөрдөг боловч үүнд нэг их ач холбогдол өгдөггүй байна. Шийтүүд харин энэ өдрийг баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэдэг ажээ.
Сөргөлдөөн
[засварлах | кодоор засварлах]1910 оны 1-р сард Бухар хотод шийтүүд болон суннитуудын хооронд томоохон зөрчилдөөн үймээн гарсан. Өвөг дээдэс нь Иран гаралтай Бухарын Эмират улсын тэргүүн Кушбеги Астанкул-бий өмнө нь зөвхөн Ираны хороололд л зөвшөөрдөг байсан Ашура баярыг хотод ил тод тэмдэглэхийг зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч суннитуудын цугларсан олон хүн шийтүүдийн зан үйлийг шоолж, Бухарын гол гудамжаар өнгөрөх шийтүүдийн жагсаалыг шоолж эхэлсэн. Үүний үр дүнд ууртай иранчууд цугларсан олон түмэн рүү дайрч, нэг Бухарын хүн амиа алджээ. Үүний дараа шийтүүдийн үймээн самуун гарч, тэднийг Оросын цэргүүдийн хамгаалалт дор Шинэ Бухар руу зугтахад хүргэсэн.