Шимэгч хог ургамал (Органик хүнсний ногоо тариалах)
Шимэгч ургамал гэдэг нь ургамлын бэлэн нүүрс усыг сорж амьдардаг ургамлыг хэлнэ. Шимэгч ургамлыг дотор нь бүрэн болон хагас шимэгч гэж ангилна. Бүрэн шимэгчийг нь үндэсний болон ишний, хагас шимэгчийг үндэсний шимэгч гэнэ.
Энэ бүлэгт багтдаг ургамлын төрөл зүйл цөөхөн бөгөөд тархалтын хүрээгээр бага юм. Дэлхийд хамгийн их тархсан шимэгч хог ургамал бол наранцэцгийн гувшаахай юм. Энэ нь наранцэцэг тарьдаг бүс нутгуудад тархсан бөгөөд манайд одоогоор тэмдэглэгдээгүй байна. Манай оронд ургадаг шимэгч ургамлын гол төлөөлөгч нь ороонго юм.
Хошоонгорын ороонго /ишний шимэгч/- Cuscutatrifolii
Ороонгын овог. Иш нь маш нарийхан,навч нь дүрс хувирсан жижиг хайрс юм. Үрээр үржих бөгөөд 5 жил хүртэл амьдрах чадвартай. Хошоонгор, царгас зэрэг буурцагт болон бусад таримлыг хогтуулна. Хаа сайгүй тархана. Эзэн ургамлынхаа ишийг ороогоод дээш авирч ургадаг. Зэвхийдүү шаргал юмуу цайвар хүрэн өнгийн утаслаг ишээрээ сордог ургамлаа олон дахин ороож, багласан байдаг. Эзэн ургамлынхаа ишэнд шүргэж буй хэсэгт өргөс маягийн соруул үүсч түүгээрээ шим тэжээлийн бодисыг нь сорж хооллодог. Манай орны Дорнод хэсэгт голдуу тааралддаг, 5-7 сард цэцэглэдэг, 6-9 сард үр нь боловсордог. Одоогоор манайд хөвөн, буурцагт ургамал тариалдаггүй учраас зөвхөн бэлчээрийн буурцагт ургамлаар тархалт нь хязгаарлагдаж байна.
Хонхолдой /хагас шимэгч/- Aleclorolophus major
Хагас шимэгч хог ургамал нь эзэн ургамал нь үхсэн тохиолдолд биеэ дааж амьдраад, үрээ өгөх чадвартай. Энэ ургамал нь үндэсний шимэгч бөгөөд голдуу хиаг мэтийн үет ургамлын үндэснээс шим тэжээлээ сорж амьдардаг байна. Хонхолдойн үндэснээс гарсан соруул хиагны үндсэнд нэвтрэн орж, бэлэн болсон нүүрс усыг нь сорж амьдардаг байна. Ойролцоо ургаж байгаа хонхолдой болон хиагийг гаднаас нь харахад нэг нь нөгөөгөө сорж амьдардгийг мэдэх аргагүй. Гэхдээ хөрсийг 12-14 см гүнд ухаж үзвэл хонхолдойн үндэсний соруул хиагны үндсэнд шивсэн байдаг.