Шинжлэн магадлах ухаан
Шинжлэн магадлах ухаан нь аливаа /үндсэн хуулийн, эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрийн/ хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шинжлэх ухааны болон бусад салбарын мэдлэгийг ашиглах зорилгоор шинжлэн магадлахуйн онол, эрх зүй, ёс зүй дор суурилсан ерөнхий ба тусгай арга, хэрэгслийг боловсруулдаг шинжлэх ухааны салбар. Нэгэнт бий болсон мэдлэгийн салбаруудыг практик зорилтыг шийдвэрлэхэд ашигладгаараа шинжлэн магадлах ухаан нь хэрэглээний шинжлэх ухаан юм.
Үгийн гарал үүсэл
[засварлах | кодоор засварлах]Forensic гэдэг нь Латины forēnsis буюу "хэлэлцүүлгийн өмнө" гэсэн утгатай нэр томъёо юм. Тухайн үед шүүхийн хэлэлцүүлгээс өмнө аливаа зүйлийг магадлах, учрыг нь олох үйл ажиллагаа явагддаг байжээ. Энэ утгаар форенсик гэдэг нэр томъёо хэрэглэгдэж байв. Орчин үеийн ойлголтоор энэ нэр томъёо нь агуулгаараа өөрчлөгдөж, нотлох баримт цуглуулах, шинжлэх гэсэн утга агуулах болжээ. Forensics буюу forensic science гэсэн үгийг баруун европын ихэнх улс, АНУ, Австрали, Канад зэрэг орнуудад тухайн нэршлээр нь ашиглаж байгаа бол Япон болон зүүн өмнөд азийн зарим улсад "police science", ОХУ болон хуучин ЗХУ-аас өрх тусгаарласан зарим улсад "Судебная экспертиза", "Сот сараптамасы" гэх зэргээр өөрийн хэл дээр орчуулан хэрэглэж байна. Харин монгол улсын хувьд "судебная экспертиза" гэсэн нэр томъёог "шүүхийн шинжилгээ", "шүүх шинжилгээ зүй" орчуулсан байдаг. Сүүлийн жилүүдэд "forensic science" гэсэн нэр томъёоны утга, агуулга, тухайн шинжлэх ухааны судлах зүйл, практик үйл ажиллагааны цар хүрээнд дүйцүүлэн "шинжлэн магадлах ухаан", "шинжлэн магадлахуй" хэмээн утгаар нь буулгаж, хэрэглээ болгож байна. Учир нь "шүүхийн шинжилгээ" гэсэн ойлголт нь зөвхөн шүүхийн шинжилгээ хийх үйл ажиллагааны тухай төсөөлөл, түүнээс үндэслэсэн практик үйл ажиллагааг бий болгодог бөгөөд биет баримт /physical evidence/ цуглуулах ажиллагаа, тэрбайтугай шүүхийн бус шинжилгээний талаарх ойлголт бүрэн хамаарагдахгүй байгаа юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Дэлхий дахинд
[засварлах | кодоор засварлах]19-р зуунд Европ дахинд шинжлэх ухааны нээлтийн их тэсрэлт болсон билээ. Энэ үед эмхэлж, цэгцлэгдээгүй олон төрлийн мэдлэгийн учир начрыг олж аливаа зүйлийн зүй тогтлыг таньж мэдэх оргил үе байв. Микроскопыг бүтээж, гэрлийн долгионы учгийг тайлж, гэрэл зураг бий болов. Түүнийг дагаад гэмт хэргийг илрүүлэх, нотлоход эдгээр мэдлэгийг ашиглах оролдогууд шил шилээ даран гарч байлаа. Хүний гарын хээ давтагдашгүй болохыг нотолж, гэрэл зургийг гэмт хэрэг илрүүлэхэд ашиглах болов. Мөн шинжлэх ухааны хөгжлийн хурдцыг дагаж үйлдвэржилт нэмэгдэж, хот суурин газрын хүн ам олширсноор шинэ төрлийн гэмт хэргүүд гарах болсон байна.
Гэрэл зураг гэмт хэрэг илрүүлэхэд...
[засварлах | кодоор засварлах]Гэрэл зургийг 1839 онд Францын Ж.Ньепс, Л.Ж.Дагер нар нээж, бий болгосон түүхтэй. Германы эрдэмтэн Э.Стенгер гэрэл зураг анх бий болсон өдрөөсөө шүүх ажиллагаанд ашиглагдаж эхэлсэн гэж нотолдог. 1854 оноос Швейцарт гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж амжилтанд хүрч байсан бол Орост 1867 онд, Англид 1870 онд гэмт хэрэгтнүүдийн гэрэл зургийн цуглуулгатай болсон байна. 1859 оноос гэрэл зургийг хэрэг болсон газрын байдлыг бэхжүүлэхэд ашиглаж эхэлсэн байна. 1891 онд Прусст үл танигдах цогцос бүрийн гэрэл зургийг заавал авч байх журам тогтоожээ. Бертильон гэрэл зургийн ач холбогдол нь зөвхөн хүнд адилтгал хийх, хэрэг гарсан газрын байдлыг бэхжүүлэхээр хязгаарлагдахгүй, бичиг баримтын үл үзэгдэх бичлэг, хуурамчаар үйлдсэн шинж тэмдгийг шинжлэхэд хэрэг болно гэж үздэг байлаа. Бэхжүүлэх гэрэл зургийн дараагаар криминалистикийн зорилгоор шинжилгээний, тухайлбал солонгологын үл үзэгдэх цацрагт гэрэл зураг авах болжээ. Ингэж гэрэл зураг аажмаар криминалистикийн шинжлэх ухаан, шинжээчийн салшгүй туслагч нь болжээ.
Хүнийг хүнээс ялгах нь
[засварлах | кодоор засварлах]Хүнийг бид дунд зургийн нуруутай, хар үстэй, цайвар царайтай, онигор нүдтэй, монхор хамартай гэх зэргээр өөрийн ойлгоц, баримжаагаар тодорхойлох нь элбэг. Ингэж тодорхойлох нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Зарим хүн цайвар царайтай гэж байхад, зарим хүн шар царайтай гэж нэг хүнийг тодорхойлох аж. Хүнийг тодорхойлох тодорхой дэг гаргаж гэмт хэрэг илрүүлэхэд ашиглаж чадсан хүн бол францын Альфонс Бертильон юм. Бертильоноос бүр өмнө Эртний Энэтхэгт тусгай жагсаалтын дагуу боолчуудын бие эрхтнийг хэмжиж тодорхойлдог, боолчууд оргож боссон тохиололд түүнийгээ ашиглаж таньдаг байсан бололтой. Энэхүү аргыг Кулай-пулай гэж нэрлэх бөгөөд “кулай” гэдэг нь тодорхойлон бичих, пулай нь “товчхон” гэсэн утгатай, өөрөөр хэлбэл “Товч тодорхойлолт” гэсэн утгатай бүртгэл байжээ. Харин Бертильон энэ бүхнийг шинжлэх ухааны мэдлэг болгоод зогсоогүй дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын цагдаагийн практикт нэвтрүүлж чадсан юм. Бертильоны 1879 оны 3 сарын 25-нд Парисын цагдаагийн нэгдүгээр товчоонд бичээчийн ажлаа хүлээн авснаас хойш баривчлагдсан хүмүүсийн чих, хамар, чац, толгойн өндөр, өргөн, гар, хуруу, тавхайн уртыг хэмжээд хооронд нь харьцуулахад биеийн зарим хэсгийн хэмжээ хоорондоо тохирох боловч биеийн 4-5 хэсгийн хэмжээ хэзээ ч адил байдаггүй гэсэн итгэл үнэмшилтэй болов. Хэдийгээр энэхүү судалгаагаа цагдаагийн ажилд даруй нэвтрүүлж болох байсан ч гэсэн түүний ажилд дарга нь үнэмшээгүй учраас цагдаагийн шинэ дарга томилогдтол 10 жил хүлээх шаардлага тулгарсан юм. 1881 оны хоёрдугаар сар гэхэд Бертильон өөрийн аргаар хийсэн 1800 хүний бүртгэлтэй болсон байв. Хоёрдугаар сарын 20-ны нэг өдөр “Дюпин” гэдэг нэртэй 6 дахь хоригдол иржээ. Энэ нэр эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн хайртай нууц нэг байв. Берьтильон түүний биеийн хэсгүүдийг хэмжиж бүртгэлийн картын сандаа шүүгээд “Та арванхоёрдугаар сарын 15-нд хулгайн хэргээр баривчлагдаж байсан Мартин гэгч байна” гэхэд хоригдол ”сайн байна, сайн байна, тэр чинь би байсан юм” гэж хашхирсан гэдэг.
Гарын хээний гайхамшиг
[засварлах | кодоор засварлах]Гарын хээгээр хүний хувь тавиланг тодорхойлох явдал нэн эртнээс улбаатай. Үүнийг бид зурхайн ухаанд хамааруулан ойлгодог.
Гарын хээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ангилан тодорхойлж гэмт хэрэг илрүүлэхэд ашиглах тухай мэдлэгийн салбар нь зурхайн ухаанаас өөр ойлголт юм. Өөрөөр хэлбэл энэ хоёр мэдлэгийн салбар тус тусын замаар хөгжсөөр иржээ. Хүнийг таньж олоход хурууны хээг нь ашиглаж болох талаар хятадын Киа Кунг-йенгийн дурьдаж бичсэн нь харин гэмт хэрэг илрүүлэхэд ашиглаж буй гарын хээ судлалд дөхөж очно. Энэ салбарыг эрчимтэй, шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлсэн нь 19-р зууны дунд үеэс хойш юм. Гарын хээг гэмт хэрэг илрүүлэх, магадлах тоо бүртгэлд ашиглах судалгаанд олон хүн хүч хөдөлмөрөө зориулсан боловч гарын хээний ач холбогдлыг амьдралд нэвтрүүлж, ажил хэрэг болгосон нь У.Хершель, Г.Фоулдс, Ф.Гальтон, Х.Вучетич, Э.Хенри нар билээ. Ялангуяа У.Хершель, Г.Фоулдс нар гарын мөрний дахин давтагдашгүй болохыг нотолсон, Э.Хенри гарын мөрний ангиллын системийг бий болгож олон хүний гарын хээний дундаас нэг хээг таньж олох системийг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн байна.
У.Хершель, Г.Фоулдс нар бие биенийхээ судалгааны талаар огт мэдээгүй байсан юм. Г.Фоулдс судалгааныхаа үр дүнд дэлхийн цагдаагийн ажилд хувьсгал хийснээ мэдэж 1880 оны 10 сарын 28-ны өдөр Английн “Nature” сэтгүүлд кахидал бичиж “Гарын арьсны хээний талаар” нэртэй өгүүлэл нийтлүүлжээ. Үүний дараа У.Хершель “Nature” сэтгүүлийн газар хандаж “би 20 жилийн өмнө хурууны хээний онцлогийг судалж, янз бүрийн зорилгоор адилтгал хийснээ мэдээлсэн боловч тухайн цаг үед дэмжлэг аваагүй” гэдгээ дурьджээ. Хурууны хээгээр гэмт хэргийг илрүүлж болох тухай санаа Фолдст үлдэж, Хершельд үл хамаарчээ. Ф. Гальтон 1892 онд “Гарын хээ” номоо бичиж Английн эрүүгийн тоо бүртгэлд Бертильоны аргын хамт хэрэглэхэд хүргэж чаджээ. Хурууны хээ ашиглах явдлыг өргөн дэлгэрүүлэхэд хурууны хээний жирийн бөгөөд найдвартай ангилал үгүй байсан нь саад болж байв. Энэхүү ангилалыг Аргентины цагдаагийн түшмэл Хуан Вучетич бий болгож чадсан юм.
Шинжлэн магадлахуйн төлөвшил
[засварлах | кодоор засварлах]Шинжлэх ухаан, технологийн ололтыг гэмт хэрэг илрүүлэхэд ашигладгаараа шинжлэн магадлахуйн төлөвшил нь харьцангуй тогтвортой бөгөөд улс орон бүрт нийтлэг хөгжлийн хуультай юм. Учир нь гэмт хэрэг мөрдөхүй нь улс орнуудын эрх зүйн тогтолцоо, нийгмийн байгуулал, хөгжлийн түвшин зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг бол шинжлэн магадлахуй нь шинжлэх ухааны бодит үнэнд захирагдан хөгжиж байдаг онцлогтой. ХХ зууны эхнээс шинжлэн магадлахуй нь криминалистикийн шинжилгээний бие даасан мэдлэгийн салбарыг бий болгосны зэрэгцээ магадлах эмнэлэг, магадлах ня-бо магадлах хими, магадлах хор судлал, магадлах биологи, магадлах ДНХ, магадлах физик, магадлах инженер зүй, магадлах геологи, магадлах ургамал зүй, магадлах дижитал зүй зэрэг салбарыг эгнээндээ багтаан зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх төдийгүй иргэний, захиргааны хэргийг шийдвэрлэхэд голлох үүрэгтэй оролцож, бие даан хөгжих эхлэл тавигдсан байна.
Монгол Улсад
[засварлах | кодоор засварлах]Анхдагчид
1928 онд ДХГ-ын тушаалаар Шифрийн нууц тусгай тасагт гэрэл зурагчны орон тоог шинээр бий болгож бүрэн эрхт төлөөлөгч Басанг томилж байжээ. Мөн онд ДХГ-т гэмт хэрэгтний болон эд мөрийн баримтын зургийг авч угааж боловсруулж байх фото лаборатори байгуулах тухай тушаал гарч Өлзий-Учрал гэдэг хүнийг томилон ажиллуулж байв. Магадлах гэрэл зурагчин 1929 онд нэг байсан бол 1932 онд орон тоог дахин хоёроор нэмэгдүүлж улмаар гэрэл зургийн лабораторийг өргөтгөх арга хэмжээ авч зарим хэлтэс, тасаг, засан хүмүүлжүүлэх хөдөлмөрийн байгууллагын гүйцэтгэх хэлтэс, хязгаарын газрын штабт гэрэл зурагчны орон тоо шинээр бий болгож тоо бүртгэлийн ажлыг хариуцуулж байжээ. Цаашид 1942 оныг хүртэлх хугацаанд Цэндсүрэн, Дариймаа, Даш, Гончигдулам, Цэдэн, Цэнд, Хосхүү, Чүлтэмжамц нар тухайн үеийн нэршлээр “гэрэл зураг авагч, тоо бүртгэгч”-ээр ажиллаж байсан байна. Гэрэл зургийн лаборатори байгуулах, гэрэл зурагчдыг сургаж бэлтгэх, гэрэл зургийн тоо бүртгэл хөтлөхөд зөвлөлтийн мэргэжилтэн Кариуз, Цибиков, Цувяк нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Шинжлэн магадлах техникийн тасаг
[засварлах | кодоор засварлах]ЦСГ-ын Гүйцэтгэх хэлтсийн орон тоог 1944 онд 36 болгон баталсан бөгөөд Дөрөвдүгээр тасаг нь 9 албан хаагчийн орон тоо бүхий шинжлэн магадлах чиг үүрэг бүхий тасаг байв. Энэхүү тасгийг олноо өргөгдсөний 34 дүгээр он буюу 1944 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ДЯЯ-ны сайдын 14 тоот тушаалаар байгуулж, даргаар нь ЗХУ-д явж сэргийлэхийн тусгай сургууль төгсөж ирсэн Доригийн Адилбишийг томилон цагдан сэргийлэх бага лейтенант цол шагнасан байна. Д.Адилбиш урд жил нь буюу 1943 онд ЗХУ-ын Новосибирск хотоос мэргэжилтэн багш урьж зохион байгуулсан нохой хөтлөгчийн нь курст төгссөн анхны төгсөгчдийн нэг юм. Хожим нь Д.Адилбиш ДЯЯ-ны 1946 оны 3 сарын 30-ны өдрийн 126 тоот тушаалаар ахмад цолоор шагнагджээ. Шинжлэн магадлах техникийн тасагт тасгийн даргаас гадна нийт 8 орон тоо баталсан нь хээ шинжлэгч бөгөөд зурагчин, тоо бүртгэлийн жинхэнэ төлөөлөгч, нохой сургагч, нохой хөтлөгч, ахлах нохой хөтлөгч, нохой цэвэрлэгч бөгөөд тэжээгчийн орон тоо байв. Өмнө нь тус тусдаа байсан Криминалистикийн техникийн гурван чухал салбар болох гэрэл зураг, хурууны хээ, эрүүгийн тоо бүртгэлийг нэг байгууллагад нэгтгэсэн нь Монголын криминалистикийн байгууллага төдийгүй шинжлэн магадлах салбарын хөгжилд чухал алхам болжээ. УЦСГ-ын Гүйцэтгэх хэлтсийн Шинжлэн магадлах техникийн энэ бие даасан тасгийг байгуулснаар гэмт хэргийг илрүүлэх, нотлох үйл хэрэгт криминалистикийн арга, хэрэгслээс улам өргөн хэрэглэх нэг нөхцөл болсон байна. Шинжлэн магадлах тасгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь криминалистикийн техникийн хоёр чухал салбар болох гэрэл зураг болон гарын хээг ашиглаж эрүүгийн тоо бүртгэлийг хөтлөх явдал байв. 1928 онд ДХГ-т гэрэл зургийн лаборатори байгуулагдсаныг Монголын криминалистикийн байгууллагын суурь тавигдсан гэж болох боловч 1944 онд ЦСГ-ын Гүйцэтгэх хэлтсийн харьяанд байгуулсан Шинжлэн магадлах техникийн тасгийг Шинжлэн магадлах байгууллагын үндэс суурь гэж албан ёсоор тэмдэглэдэг.
Шинжлэх ухаан техникийн тасаг
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үндсэн дээр 1958 онд ЦбНАХХЭЯамны сайдын “Цагдан сэргийлэх газрын ажиллагаанд шинжлэх ухаан техникийн арга хэрэглүүрийг нэвтрүүлэх ажлыг сайжруулах тухай” 600 тоот тушаал гарч УЦСГ-ын Гүйцэтгэх хэлтсийн бүрэлдэхүүнд Шинжлэх ухаан техникийн тасгийг 1958 оны 10 сарын 1-нээс эхлэн байгуулж орон тоог, тус тасгийн дүрмийг баталсан байна. ШУТ-ийн тасгийн орон тоо нь тусгай тасгийн дарга 1, ахлах шинжээч 3, зурагчин 1, бүртгэл хариуцсан төлөөлөгч 1, лаборант 1, бүгд 7 нэгжтэй байв. Тасгийн даргаар Равдангийн Чойсүрэн, ахлах шинжээчээр Төрийн Мою, Дэмбэрэлийн Дамба, Шаравын Цэдгомбо, зурагчингаар М.Шарав, бүртгэл хариуцсан төлөөлөгчөөр Баярхүүгийн Александр нар томилогдон ажиллажээ.
Шинжлэх ухаан техникийн хэлтэс
Криминалистикийн олон төрлийн шинжилгээ хийх чадвартай болохоо харуулснаар Шинжлэх ухаан техникийн тусгай тасаг нь 1963 оны 1 сарын 1-нээс эхлэн УЦСЕГ-ын Криминалистикийн хэлтэс болж өргөжин, даргаар нь сайдын 1963 оны 1 сарын 8-ны өдрийн тушаалаар хошууч Р.Чойсүрэн томилогдов. Тус хэлтэс нь даргаас гадна криминалистикийн ахлах шинжээч 6, хими, биологийн ахлах шинжээч тус бүр 1, хурууны хээний ахлах шинжээч 1, лаборант 1, сэтгүүлийн нарийн бичгийн дарга 1, бүгд 13 нэгжтэй болж, Хэнтий, Дорнод, Завхан, Төв, Өвөрхангай аймагт криминалист-хэрэг бүртгэгчийн орон тоотой болжээ.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Ном зүй
[засварлах | кодоор засварлах]Т.Очирбат. Шинжлэн магадлахуй. УБ. 2014.