Jump to content

Шууд бус татвар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шууд бус татвар Шууд бус татвар (жишээлбэл борлуулалтын татвар, нэгж бүрийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар [НӨАТ], онцгой албан татвар, хэрэглээний татвар, гаалийн тариф гэх мэт) нь бараа, үйлчилгээ хэрэглэгчдэд хүрэхээс өмнө ногдуулдаг татвар юм. Эцсийн хэрэглэгч уг татварыг бараа, үйлчилгээний зах зээлийн үнэд багтсан байдлаар төлдөг. Нөгөө талаас, хэрэв татвар төлөгч этгээд татварын эрх бүхий байгууллагад татвар төлсний дараа орлогын түвшинд нь ямар нэгэн хохирол үүсэхгүй бол уг татвар нь шууд бус татвар гэж тооцогдоно. Өөрөөр хэлбэл, татварын ачаалал болон татварын нөлөө нь нэг хүн дээр биш, өөр хэн нэгэн рүү шилжиж буй учир ийм төрлийн татварыг шууд бус татвар гэнэ.Шууд бус татварыг зуучлагч (жишээ нь жижиглэнгийн дэлгүүр) дамжуулан хэрэглэгчээс авдаг. Хэрэглэгч худалдан авч буй барааны үнэд багтсан байдлаар татварыг төлнө. Зуучлагч дараа нь уг татварыг төрд тайлан мэдүүлгийн хамт шилжүүлнэ. Ийм утгаар шууд бус татвар нь шууд татвараас ялгаатай бөгөөд шууд татварыг төр нь хувь хүн (эсвэл хуулийн этгээд)-ээс шууд авч байдаг. Зарим шинжээчид шууд татварыг "өөр хүнд шилжүүлж болдоггүй татвар" гэж, харин шууд бус татварыг "өөр хүнд шилжүүлж болдог татвар" гэж тайлбарладаг. Шууд бус татвар нь төрийн нийт татварын орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) гаргасан мэдээллээр 2018 онд гишүүн орнуудын шууд бус татварын орлого нь нийт татварын орлогын дунджаар 32.7%-ийг эзэлж байжээ (стандарт хазайлт нь 7.9%). Хамгийн өндөр хувьтай орон нь Чили байсан бөгөөд 53.2%, хамгийн бага хувьтай нь АНУ байсан бөгөөд 17.6% байв. Сүүлийн жилүүдэд хөгжингүй орнуудад шууд болон шууд бус татварын харьцааны өөрчлөлт ажиглагдаж байгаа ба ерөнхий хандлага нь шууд татварын хувь нэмэгдэж байгаа явдал юм. Хөгжиж буй орнуудад ч ийм хандлага байгаа ч хөгжингүй орнуудтай харьцуулахад энэ нь бага хэмжээнд ажиглагдаж байна.