Эдуар Даладье

Эдуар Даладье (Франц: Édouard Daladier; 1884 оны 6-р сарын 18-нд Францын Воклюз департаментын Карпентрас хотод төрж, 1970 оны 10-р сарын 11-нд Парис хотод нас барсан) - Францын улс төрч бөгөөд төрийн зүтгэлтэн, 1933, 1934, 1938-1940 онд Францын Ерөнхий сайд байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тосгоны талхчны хүү тэрээр Лион хотын лицейд боловсрол эзэмшсэн. Тэрээр янз бүрийн боловсролын байгууллагуудад түүхийн хичээл заадаг байв. Тэрээр улс төрийн карьераа 1912 онд эхлүүлж, төрөлх хотынхоо захирагч болжээ. Э.Даладье 1914 оны 8-р сард Дэлхийн нэгдүгээр дайны үеэр дайчлагдаж, Баруун фронтод тулалдаж, түрүүчээс ахмад хүртэл цолтойгоор ротын командлагч болж дэвшжээ. Тэрээр Хүндэт Легион болон Геррегийн одонгоор шагнагдсан байна.
Эдуар Даладье 1919 онд Радикал ба Радикал Социалистуудын Бүгд Найрамдах Намын гишүүний хувиар Төлөөлөгчдийн танхимд сонгогджээ.
1924-1928 онуудад янз бүрийн сайдын албан тушаал хашиж байсан Даладье Радикал Социалист намд элссэний дараа тэрээр тэдний удирдагчдын нэг болж, улмаар 1933, 1934 онуудад тэрээр ерөнхий сайдаар ажиллаж байв. Түүний засаглалын үед Парист хэт баруун болон хэт зүүний намуудын төлөөлөгчдийн хоорондох зэвсэгт мөргөлдөөн болж тэр огцорсон байна.
1936 оны Ардын Фронтын шинэ засгийн газарт тэрээр Дайны яамыг удирдаж байв. 1938 оны 4-р сарын 10-нд Ардын Фронтын засгийн газар унасны дараа тэрээр дахин ерөнхий сайд болжээ.
1938 оны 9-р сард тэрээр Мюнхений хэлэлцээрт оролцож, Чехословактай тогтоосон холбоотны үүргээсээ татгалзсан. 1940 оны 3-р сард тэрээр ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, батлан хамгаалахын сайдын албан тушаалаа хадгалсан. Францын төлөөх дайны ажиллагаа амжилтгүй эхэлсний дараа тэрээр 1940 оны 5-р сарын 18-нд энэ албан тушаалаасаа огцорсон юм.
1940 оны 6-р сарын 21-нд Францыг Нацист Герман эзлэн түрэмгийлэх үеэр тэрээр Бордо хотын 27 депутат, сенаторын хамт Францын Марокко руу хөлөг онгоцоор зугтаж явсан. 1940 оны 8-р сард түүнийг тэнд баривчилж, Виши засгийн газар шүүхэд өгчээ. Тэрээр 1940 оноос хойш Францад шоронд хоригдож байгаад 1943 оны 4-р сард Герман руу цөлөгдөөд анх Бухенвалдын хорих лагерьт, 1943 оны 5-р сараас Дэлхийн 2-р дайны төгсгөл хүртэл Австрийн Шлосс Иттерт хоригдож байсан.
1946-1958 онуудад тэрээр Францын Төлөөлөгчдийн танхимын гишүүн байгаад Авиньон хотын даргаар (1953-1958) ажиллаж байжээ. 1958 онд Даладье Шарль де Голлийн засгийн газрын сөрөг хүчин байсан боловч парламентын сонгуульд ялагдаад улс төрөөс бүрэн гарчээ.