Jump to content

Эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аргачлалын үндэслэл: Эдэлбэр газар нь түүнийг өмчлөх, эзэмших, ашиглахыг хуулиар зохицуулсан өөрийн гэсэн үнэ цэнэтэй, нөөц баялаг бөгөөд хүн амын сайн сайхан аж амьдрал, эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр билээ. Газар нь хүний аж ахуйн үйл ажиллагаанд өртөж, арилжаалагдаж, үнэ цэнэ нь өөрчлөгдөж байдаг, байгалийн тулгуур шинжийг агуулсан нөөц юм. Газрын гадаргын элэгдэл, эвдрэлээс байгалийн баялаг, ус, хөрс, ургамал, амьтан, шим мандал, агаарын төлөв байдал хамаарах тул орчин зүйн хувьд тэргүүлэх үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 181-р тогтоолоор “Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал”-ыг баталсан бөгөөд энэ тогтоолын 13.1-рт, Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор 5 жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр 3 жил тутам шинэчилж байхаар заасан. Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 182-р тогтоолоор Монгол Улсын нийт нутгийг газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс)-ээр ангилж, эдийн засгийн суурь үнэлгээг газрын үнэлгээний тойрог, зэрэглэлээр, ашиглалтын зориулалтаас хамааруулан тогтоосон юм. Газрын эдийн засгийн суурь үнэлгээ нь түүний чанар, эдийн засгийн үр өгөөж, байгаль орчин, инженерийн хангамжийн нөхцөл, хотжилтын төлөв, байршил, зах зээлийн үнэ, газар ашиглалтын зориулалтыг харгалзаж тогтоогдсон.

Аргачлалыг хэрэглэх зарчим: Эдэлбэр газарт хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг тодорхойлж, экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход нэг талаас ландшафтын2 тогтвортой байдлыг, нөгөө талаас тухайн газрын төлөв байдал буюу газрын эвдрэл, талхагдлын зэргийг тодорхойлох шаардлагатай. Газрын тогтвортой байдлыг хөрс, ургамал зэрэг байгалийн бусад нөөцийн чанар, үнэ цэнэтэй байдлаар тодорхойлох бол эвдрэлийн зэрэглэлийг нөлөөллийн цар хүрээ-хил хязгаар, эвдрэлийн төрөл ангиллаар хээрийн судалгаагаар тодорхойлно. Экологи-эдийн засгийн үнэлгээнд байгаль орчны инженерүүд, мэргэжлийн экспертүүд, геоэкологич, ландшафтын судлаачид зэрэг холбогдох чиглэлийн мэргэжилтнүүдийг татан оролцуулж болно.