Экологи-эдийн засгийн үнэлгээ
Байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүн зах зээлд чөлөөтэй худалдаалагдаж байх нөхцөлд олонх тохиолдолд зах зээлийн үнэ нь түүний үнэ цэнийн хамгийн өндөр нарийвчлал бүхий индикатор болох боломжтой. Гэсэн ч зах зээлд огт худалдагддаггүй, эсвэл зах зээлийн үнийн хувьд экологийн үнэ цэнээсээ доогуур үнэлэгддэг, эсвэл үнийн хэт их хэлбэлзэлтэй субъект болдог, эсвэл зах зээлд тохиромжтой байдлаар хуваарилах, үнэлэх боломжгүй нийтийн буюу нийгмийн бараа бүтээгдэхүүний шинж чанарыг агуулсан байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүн олон байдаг.
Уламжлалт өнцгөөс нь харвал, эдийн засагчид байгаль орчны үнэ цэнийг зөвхөн арилжааны зорилгоор олборлон ашиглагддаг биет бүтээгдэхүүний утгаар нь ойлгож ирсэн бол сүүлийн үед байгаль орчныг амьдрах орчин, хүрээлэн буй орчны чанар, үнэ цэнийг үнэлэх үүднээс тайлбарлаж ойлгох болсон нь үнэлэх боломжгүй нийтийн буюу нийгмийн бараа бүтээгдэхүүний шинж чанарыг агуулсан, орлуулашгүй, давтагдашгүй байгалийн нөөцийн хомсдол, доройтолтой холбоотойгоор авч үздэг болсон.
Байгаль орчны эдийн засгийн нийт үнэ, үнэлгээг байгаль орчны үнэ цэнийг тооцсоноор тодорхойлох, түүнийг мөнгөн хэлбэрээр илэрхийлэх явдал ч дээрх нөхцөл байдлуудаас хамааран тавигдаж байгаа асуудал бөгөөд үүнийг “Байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ” хэмээн тодорхойлон аргачилж ирсэн.
Монгол Улсын Засгийн газар 2006 онд 309 дүгээр тогтоолоор “Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах” хөтөлбөрийг баталсан нь байгаль орчныг экологи-эдийн засгийн аргаар үнэлэх, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох тухай асуудлыг хөндсөнөөр “Ашигт малтмал олборлох, боловсруулах явцад үүсэх хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирол тооцох аргачлал”-ыг Байгаль орчны Сайд (хуучин нэрээр)-ын 2008 оны 207 дугаар тушаалаар батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн дагуу улсын нэгдсэн бүртгэлийн 2947 дугаарт бүртгүүлсэн.
Энэхүү аргачлалыг 2008 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай мөрдүүлэхээр батлан хэрэглээнд оруулсан бөгөөд уг аргачлалын шинэчлэн боловсруулсан хувилбарыг “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал” болгон өөрчилж БОАЖ- ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баталснаар өдгөө байгаль орчинд учруулсан хохирол тооцох ажилд өргөн хэрэглэх болсон.