Элдэв навчит улиас(Тоорой)
Populusdiversifolia: Нэн ховор, үлдвэр мод. Өтгөн саглагар титэмтэй, 8-10м өндөр мод. Хагарч цуурсан цайвар саарал холтос бүхий бүдүүн иштэй. Нэгэн жигд бүдэг ногоовтор цэгээн сарьслагдуу навчистай. Өргөн дугуй, эсвэл тайрмал юмуу зүрхэн хэлбэрийн суурьтай, хотон шүдлэг, хоёр талдаа 4-5 шүдэнцэртэй, залуу найлзуурын навч нарийн юүлдэрхүүгээс өндгөрхүү юлдэн, бараг бүтэн захтай. Баг цэцэг уртавтар, унжмал. Үр жимс хонхорцог хэлбэртэй, шилбэнээсээ 2 дахин урт, нүцгэн үрчгэрдүү гадаргуутай, үр жижиг.
Говь-Алтай, Зүүнгар, Алашаа, Алтайн өвөр говиудын тойргийн бага хэмжээний талбайд тохиолдоно. Тархац нутгийн баруун зах Аж богдын нурууны өмнөд хормойн Элст мянганд тэмдэглэгдсэн бөгөөд, зүүн зах Тост, Ноён богд, Нэмэгт уулсаар хязгаарлагдаж, Монгол Алтайн нуруунаас урагш Эзний голын сав нутгийн адаг хүртэлх газрыг хамардаг. Цөлийн Захуй, Багануур, Эхийнгол, Тооройн булаг, Шархулс, Цагаанбургас, Чонын боом, Эхэн зулганай, Зуунмодны баян бүрдэд шугуйлан ургана. Говийн баян бүрдүүдэд сайрын үйрмэг чулуу, хайргат хурдас, хужирлаг газруудын захаар цуварч урган бага хэмжээний тармаг, төгөл ой үүсгэдэг.
Цөл, цөл хээрийн нөхцөлд олон жил дараалан ган болж, хөрсний чийг багасаж хуурайшилт эрчимжиж байгаагаас үрээр үржих явц удааширч байгаа. Ус чийглэг цөөн тооны газруудаар хааяа үрээс нялх тоорой цухуйхад болон үндэсний салмайнаас залуу найлзуур гарахад түүнийг мал, зэрлэг амьтан идэж гэмтээснээс ургалтанд муугаар нөлөөлж байна. Тооройг түлшинд хэрэглэх, малын хашаа барихад болон гэр ахуйн модон хэрэглэл хийхэд ашиглаж байгаагаас тооройт талбай дахь модны тоо цөөрч, тархац нутаг хумигдан устах аюулд орсон. Өнө эртний үлдвэр зүйл учир нөхөн төлжих чадавхи зогсонги байдалд орсон.