Jump to content

Элтэрэс хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Элтерес хаан-с чиглүүлэгдэв)

Элтэрэс хаан (Орхон-Руни бичиг: 𐰃𐰠𐱅𐰼𐰾:𐰴𐰍𐰣‎, галиг: Elteris qaγan) (682-693) бол Түрэгийн хаант улсыг сэргээн байгуулан, Хожуу Түрэгийн хаант улсыг 682-693 онд захирч байсан анхны хаан нь юм. Жинхэнэ нэр нь Ашина Кутлук (хятадаар:阿史那骨篤祿, пиньинь:Ā shǐ nà gǔ dǔ lù) гэдэг. Сэли хааны отгон хүү Этмиш бегийн хүү.

681 онд Ашина Фуняний бослого дарагдсаны дараа, Кутлук нь Говийн өмнөх нутагт байсан Түрэг аймгуудаас 700 цэрэг хуралдуулан Тан улсын эсрэг бослого эхлүүлсэн. Хамгийн эхэнд есөн Уйгур аймгийг дайлж, их хэмжээний морьд, цэрэг, ардын олзтой болсон. Өмнөх бослогыг амжилттай дарсан Тан улсын хилийн цэргийн захирагч, Иньшань уулаар тэнэж яваа, дээрэмчин байдалтай цэргүүдийг эхлээд нэг их тоогоогүй нь Кутлукт боломж олгосон. Анх 27 нөхрийг дагуулан шэли тойргоос оргож боссон тэр удалгүй 700 цэрэгтэй болов. 683 оны зун гэхэд түүнийг дагагчдын тоо 5000 хүрчээ. Энэ үед Кутлукын талд ашидэ овгийн Тоньюкук түүнтэй нэгдснээр төр улсыг тогтоон барих чадвартаныг өөртөө элсүүлж, ашиглаж чадсан. Аажмаар Тан улсын харьяаны бусад Түрэг овгийн ноёд, язгууртад тэдэнтэй нийлэх болсон. Күлтегиний бичээсийг үзвэл Элтэрэс хаан улс орноо эцэг өвгөдийн төр ёсоор эмхэлж, төлис, тардуш, ябгу, шад тушаалтаныг томилжээ. Кутлукийн цөөн цэрэг эхэндээ Тан улс руу цөөн хүний хүчээр бага хэмжээний дайралт хийж байсан нь хоол хүнс, агт морьд, зэр зэвсгийг аль болох хохирол багатай олзлоход оршиж байлаа. Бусад хүчирхэг овгийн толгойлогчид түүнийг дэмжиж, цэргийн тоо өссөний дараа түрэгүүд Тан улс руу харьцангуй их хүчээр халдах болов. 683 оны 4 сарын сүүлээс 6 сар дуустал хоёр сар үргэлжилсэн Тан улстай хийсэн байлдааны дараа түрэгүүд Иньшань уулын өвөр бэлээрх Тан улсын хэд хэдэн тойргийг довтолж, захирагч түшмэдийг нь алж устгаснаар өөрсдийн мэдэлд Иншань уулаас Хатан гол, цагаан хэрэм хүртэлх зурвас нутгийг тусгаарлаж авчээ. Найман жилийн дотор (682-689 он) Кутлук нарын түрэг босогчид Тан улстай 24 удаа их бага хэмжээгээр зэвсэг зөрүүлжээ. Энэ бүх зэвсэгт мөргөлдөөнд Кутлук бүгдэд нь оролцоогүй бололтой. Учир нь Күлтегиний бичээст Кутлук Тан улсаас гадна Тогуз огуз, Китан, Татаби зэрэг хөршүүдтэйгээ байлдаж, 47 удаа цэрэглэж, 20 д нь ялсан гэжээ. Тоньюкукийн бичээсийн 49-р мөрд харин Кутлукийг 17 удаа Тан улстай хатгалдсан гэж бичжээ. Тан улс баруун хилээсээ Чан Жи жанжинг дуудаж хойд хил рүүгээ илгээв. Чан Жи анх 686 онд түрэгүүдтэй тулалджээ. Тэр жил Тан улсын хилд халдсан түрэгүүдийг хатан хааны зарлигаар мөшгиж явсан Чан Жи, Лянцин гэдэг газар гэнэт түрэгийн 3000 цэрэг байр хийсэнтэй таарчээ. Чан Жи 200 морьтны хамт шууд түрэгийн байлдааны жагсаалын төв рүү довтлон орж тулалдах зуураа нар шингэхийн хамтаар буудалласан хүрээндээ түүдэг гал асааж туслах цэрэг ирсэн мэт дүр эсгэжээ. Үүнд хууртсан түрэгүүд ухрав.[1] Дараа жилийн 3 сард Кутлук, Тоньюкук нар Чанпинийг довтолжээ. Тэднийг Чан Жи үлдэн хөөжээ. Мөн 7 сард түрэгүүд Шожоу тойрог руу довтлов. Чан Жи тэднийг Хуанхуадуй ууланд довтолж ихэд ялж, 40 ли (17.8 км) газар хөөжээ. Ялагдсан Түрэгүүд говийн ард ухран гарав. Чан Жи-гийн нэгэн туслах Цюань Баоби 13000 шилдэг цэрэг авч түрэгийг мөшгөжээ. Тэрээр урьдаар туршуулуудыг газар орон болгонд тараан явуулж, дайсныхаа байрлалыг илрүүлсэн байна. Улмаар цэргээ авч Кутлук, Тоньюкук нарын хүрээнд мэдэгдэлгүй дөхөж чадав. Түрэгүүд тангийн цэргийг олохгүй гэдэгт итгэж, харуул манаа тавилгүй амгалан сууж байсан гэдэг. Гэвч түрэгүүд Тангийн цэрэг ойртож буйг мэдмэгцээ байлдаанд бэлтгэж амжсан төдийгүй омог бардам Цюань Баоби-гийн цэргийг хиартал цохижээ. Тэр цөөн морьтны хамт зугтав. Зугтсан Тангийн захирагч шийтгэл хүлээж, хилэгнэсэн хатан хаан Кутлукт Буцулу гэх хоч өгчээ.[2] Иньшаний ар бие, их говь хүртэлх зурвас нутагт үргэлжлүүлэн нутаглах аваас тэд хэзээ нэг цагт Тан болон Уйгур нар довтлуулан устах болно гэдгийг Кутлук, Тоньюкук нар сайн ойлгож байлаа. Тиймээс тэд аймаг олноо дагуулан тэртээ Буман хаан нүүн очиж нутаглаж байсан Өтүгэнд шилжин суурьших нь зүйтэй гэж шийджээ. Кутлук одоогийн Монгол нутагт ирээд хоёр гурван жил хаанчилж, төрөө төвшитгөн тохинуулж байгаад 693 онд нас баржээ.

Өмнөх
Байхгүй
Хожуу Түрэгийн хаант улсын хаан
682-693
Дараах
Капаган хаан
  1. http://sunnson.blogspot.com/2020/01/blog-post_31.html
  2. http://sunnson.blogspot.com/2020/01/blog-post_31.html