Jump to content

Эмиль Зола

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эмиль Зола, 1898 он

Эмиль Зола (франц. Émile Zola; 1840 оны 4-р сарын 2-нд Парис хотод төрж, 1902 оны 9-р сарын 29-нд Парис хотод нас барсан) — Францын зохиолч, жүжгийн зохиолч болон нийтлэгч. 19-р зууны хоёрдугаар хагаст реализмын хамгийн чухал төлөөлөгчдийн нэг, уран зохиол дахь натуралист гэж нэрлэгддэг хөдөлгөөний удирдагч, онолч. Тэрээр Францын хоёрдугаар эзэнт гүрний үеийн нийгмийн бүхий л давхаргыг дүрсэлсэн "Ругон-Макварт" хэмээх 20 боть том цувралаараа алдартай. Түүний бүтээлүүдээр кино, телевизийн кино олон хийсэн байдаг юм.

Эмиль Зола 1840 оны 4-р сарын 2-нд Парист Францын иргэншилтэй болсон итали гаралтай инженер Франсуа Зола (итали. Francesco Zolla) болон франц эмэгтэй нарын гэр бүлд төржээ.

Эмиль Зола, 1870 он.

Нөхрөө 1847 онд нас барсны дараа Эмилийн эх маш их гачигдаж, бага хэмжээний тэтгэврээр амьдардаг байв. 1851 онд эх нь талийгаач нөхрийнхөө компанийн эсрэг зээлдүүлэгчдийн гаргасан нэхэмжлэлийг хариуцахаар хүүгийнхээ хамт Парист буцаж иржээ. 1852 онд компани нь дампуурчээ. Эмиль тэр үед харьцангуй хожуу буюу долоон настайдаа боловсрол эзэмшиж эхэлжээ. Эх нь түүнийг Экс-ан-Прованс дахь Бурбон коллежийн дотуур байранд оруулж, тэнд таван жил сурав. Прованс хотод Зола шашны боловсрол эзэмшсэн байна.

Зола анх 1860-аад онд бүтээлүүдээ туурвиж эхэлжээ — «Ниноны үлгэрүүд» (Contes à Ninon, 1864), «Клодын гэмшил» роман (La Confession de Claude, 1865), «Нас барсан эмэгтэйн захиас» роман (Le vœu d’une morte, 1866), «Марселийн нууцууд» роман (Les Mystères de Marseille, 1867).