Jump to content

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл (ЭЭХ) буюу жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл (ББЖСХ) нь гол төлөв эсвэл зөвхөн эрэгтэйчүүд нь эмэгтэйгээ аль эсвэл хөвгүүд нь охидын эсрэг үйлддэг хүчирхийллийн хэлбэр юм. Ийм хүчирхийллийг эмэгтэй хүн, охин гэдэг шалтгаанаар нь үйлддэг тул үзэн ядалтад суурилсан гэмт хэргийн нэг хэлбэр гэж үзэх нь бий бөгөөд энэ нь олон хэлбэрээр илэрч болно.

ЭЭХ нь урт түүхтэй ч тохиолдол, цар хүрээ, эрчим нь цаг хугацаа болон нийгэм бүрээс хамааран харилцан адилгүй байсан. Ийм хүчирхийллийг нийгэмд бүхэлд нь эсвэл хувь хүмүүсийн харилцаанд эмэгтэйчүүдийг эрхшээлдээ байлгах, захирагдсан байр сууринд оруулах механизм гэж үздэг.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаглал"-д:

"Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд түүхийн туршид оршсоор ирсэн эрх мэдлийн тэгш бус харилцааны илрэл бөгөөд эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс доогуур, захирагдсан байр сууринд байлгахад хүргэдэг нийгмийн хамгийн чухал механизмын нэг мөн." гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан 2006 онд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан (UNIFEM)-гийн цахим хуудсанд нийтлэгдсэн илтгэлдээ:

"Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийлэл нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрсэн асуудал юм. Дэлхий даяар гурван эмэгтэй тутмын дор хаяж нэг нь амьдралынхаа туршид зодуулж, бэлгийн харьцаанд хүчээр оролцуулагдсан эсвэл өөр хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Ихэнх тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч нь тухайн эмэгтэйн танил хүн байдаг." гэж онцолсон байна.