Jump to content

Эномото Такэаки

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эномото Такэаки, 1869 он.

Эномото Такэаки (япон: 榎本武揚, 1836 оны 8-р сарын 25-нд төрсөн - 1908 оны 8-р сарын 26-нд нас барсан) нь Бошин дайн буюу Луу жилийн дайны үеэр Токүгава шогуны үнэнч ван, Японы усан цэргийн адмирал байсан. Шогуны засаглалыг эзэн хааны цэргүүд ялагдсаны дараа тэрээр Хоккайдо руу зугтаж, орчин үеийн Азид анхны Бүгд Найрамдах Эзо улсыг байгуулж, 1868 онд тус Бүгд Найрамдах Улсын анхны ардчилсан сонгуулиар ерөнхийлөгч болжээ. Дараа жил нь эзэн хааны цэргүүд Эзо арлыг (өнөөгийн Хоккайдо) довтлон эзэлж Бүгд Найрамдах улс оршин тогтнохоо больж, Эномото Такэакиг баривчилж, эх орноосоо урвасан хэргээр ялалж шоронд хорьжээ. 1872 онд хуучин адмирал өршөөгдөж, Мэйжийн засгийн газарт алба хааж байжээ. Үүний дараа Эномото Такэаки Орос улсад суугаа Японы Элчин сайд, Японы Тэнгисийн цэргийн яамны даргаар ажиллаж байжээ.

Эномото Такэаки нь Токиогийн Токүгава овогийнханд алба хааж байсан самүрай гэр бүлээс гаралтай. 26 настайд нь түүнийг Нидерланд руу илгээж, тэндээ Барууны тэнгисийн цэргийн техникийг судалжээ. Такэаки 1862-1867 онуудад Европт амьдарч, англи, нидерланд хэлийг эзэмшсэн байна.

Эномото Такэаки шогунатын Нидерландаас худалдаж авсан уурын хөдөлгүүртэй байлдааны хөлөг онгоц болох Кайёо Мару хөлөг онгоцоор Японд буцаж ирэв. Гадаадад байх хугацаандаа Эномото цахилгаан холбооны боломжийг ойлгож, буцаж ирснийхээ дараа Токио, Ёкохама хоёрын хооронд цахилгаан холбоо барих төлөвлөгөө боловсруулжээ. Японд 31 настай Эномотог Флотын дэд командлагч (япон: 海軍副総裁, kaigun fukusōsai) цолд дэвшүүлэв.

Мэйжийн сэргээн босголтын үеэр, 1868 онд Бошин буюу Луу жилийн дайнд Эдо бууж өгсний дараа Эномото бууж өгөхөөс татгалзаж, Токүгава флотын үлдэгдэл болон Жюль Брунэгийн удирдсан Францын хэд хэдэн цэргийн зөвлөхийн хамт хөлөг онгоцоороо Хакодатэ (өнөөгийн Хоккайдо) руу зугтжээ. Түүний 8 тэнгисийн цэргийн усан онгоцноос бүрдсэн флот нь тухайн үед тус улсын хамгийн хүчирхэг флот байв.

Эномото Хоккайдод Токүгава гэр бүлийн захирдаг бие даасан улс байгуулахыг хүсэж байв. 12-р сарын 25-нд Токүгава гэр бүлийн дэмжигчид Бүгд Найрамдах Эзо Улс байгуулагдсаныг зарлаж, үүний дараа Эномотог тус улсын ерөнхийлөгчөөр сонгосон байна. Гэсэн хэдий ч Мэйжийн засгийн газар улс орны хуваагдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад дараа жил нь Хоккайдог эзэлж, Хакодатэгийн тулалдаанд Эномотогийн хүчийг ялав. 1869 оны 5-р сарын 18-нд Хоккайдо арал эзэн хаан Мэйжийн мэдэлд орсон байна.

Такэаки бууж өгсний дараа түүнийг эх орноосоо урвасан хэргээр буруутгаж, шоронд хорьсон. Гэсэн хэдий ч Мэйжийн засгийн газар (ихэвчлэн Күрода Киётакагийн тууштай байдлын ачаар) Эномото их мэдлэг, ихээхэн авьяастай болохыг ойлгосон. Түүнийг суллаж, шинэ засгийн газарт элссэн Токүгавагийн цөөн хэдэн үнэнч дэмжигчдийн нэг болжээ.

1874 онд Эномото Японы Эзэнт гүрний Тэнгисийн цэргийн дэд адмирал цол хүртсэн бөгөөд дараа жил нь Санкт-Петербургийн гэрээний хэлэлцээр хийхээр Оросын эзэнт гүрэнд Элчин сайдаар томилогджээ. Гэрээ амжилттай болж Японы засгийн газар сайшааж, Такэакигийн нэр хүнд өссөн байна.

1880 онд Эномото Тэнгисийн цэргийн сайд (海軍卿, kaigun kei) болжээ. 1885 онд Эномотогийн дипломат ур чадвар дахин ашиглан Ито Хиробүмитэй хамт Чин улстай Тиэнциний гэрээ байгуулахаар илгээжээ. Үүний дараа Эномото төрийн албанд хэд хэдэн чухал албан тушаал хашиж байжээ. Тэрээр 1885 онд Засгийн газрын тогтолцоог нэвтрүүлсний дараа Шуудангийн анхны сайд (1885–88) байв. Тэрээр мөн 1894-1897 онд Хөдөө аж ахуй, худалдааны сайд, 1889-1890 онд Боловсролын сайд, 1891-1892 онд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байжээ.

Эномото Такэаки 1908 онд 72 насандаа таалал төгссөн байна.