Энэтхэг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Энэтхэг Улс
Бнэу мб.png
भारतीय गणराज्य → Паарэт Гэнэрааже
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: диваа самгардиар सत्यमेव जयते →
Сатьюмеэв жаяатий → «Үнэн ялгарна»
Төрийн дууллын нэр:
जन गण मन → Жана гана мана → «Түмний сэтгэл»

Нийслэл Шинэ Дели (250 мянга)
Том хот Мумбай (12.5 сая)
Албан хэл Хинди хэл, Англи хэл
Олон түмэн Энэтхэгийнхэн
Төр засаг Ардчилсан дэглэм, холбоот
байгууламж
, парламентийн
бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Пранаб Кумар Мукержи
 -  Дэд ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари
 -  Ерөнхий сайд Нарендра Дамодардас Моди
Улсын хурал «Энэтхэг улсын хурал»
← Паарэт ки саньсад
 -  Дээд танхим «Улсын чуулган» Рааже сабхаа
 -  Доод танхим «Ардын чуулган» Лүүк сабхаа
Их Британиас тусгаар тогтносон түүх
 -  1947-08-15 Тусгаар тогтносон 
 -  1950-01-26 БНУ-аа тунхагласан 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 3,287,263 км2 (7)
 -  Гадаргын ус (%) 9.56
Хүн ам
 -  Тооцоо (2011) 1,210,193,422 (2)
 -  Нягт сийрэг 366.2 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $4.469 их наяд (3)
 -  Нэг хүнд $3,703 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $1.843 их наяд (10)
 -  Нэг хүнд $1,527 
ОТББИ (2004) 36.8 (79)
ХХИ (2011) 0.547[1] (дундаж) (134)
Мөнгөний нэгж Энэтхэг рупи (Энэтхэг рупи ₹) (INR)
Цагийн бүс +05:30
Замын хөдөлгөөн зүүн
Домэйн нэр .in
Утасны томьёо 91

Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ) (хинд. भारत गणराज्य, Bhārat Gaṇarājya, Бхарәт Гәнәражй), Энэтхэг бол Өмнөд Азийн Энэтхэгийн хойгт орших бүрэн эрхт улс юм. Мөн дэлхийн долоодугаар том газар нутагтай орон, хоёрдугаар олон хүн амтай, дөрөвдүгээр их эдийн засагтай гүрэн гэгдэнэ. Пакистан, Хятад, Балба, Бутан, Бангладеш, Мьянмар зургаан улс оронтой газраар хил залгаж, Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Бас Энэтхэгийн далайд Мальдив, Шри Ланка, Индонез гурван улстай усаар хиллэдэг бол Пакистаны хянаж буй нутгийг Жамму-Кашмир мужийнх гэж зүтгэдгээр болвол Афганистантай бас хиллэнэ[2].

Энэтхэгийн хойг, Энэтхэг орон бол Индийн соёл иргэншил болон бусад эртний соёл иргэншил үүсэн цэцэглэсэн өлгий нутаг бөгөөд түүхийн ихэнх үед худалдааны замын зангилаа болж, суурин иргэншил, соёл, шашин цэцэглэн хөгжиж байжээ[3].Энэтхэгт Хиндү, Будда, Сикхи, Жайна дөрвөн шашин үүсч хөгжиж байв.

18-р зууны эхнээс 20-р зууны дунд үе хүртэл алхам алхмаар Британийн колони орон болсоор л байсан. 1947 онд тусгаар тогтносны дараа эдийн засаг, цэргийн хүчин маш ахицтайгаар хөгжсөн, одоо нэрлэсэн үнээр дэлхийн 12-р, худалдан авах чадвараар тэгшитгэснээр дэлхийн 4-р их жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй улс болжээ. Гэхдээ тэрбум илүү хүнтэйн хувьд ядуурал, бичиг үсэг тайлагдалтын хувь доогуур зэрэг сул талуудтай байсаар байгаа[4].

Нэр[засварлах | edit source]

Тус орны Энэтхэг (мо.б энэдхэг, enedkeg) гэсэн монгол нэр дундад зууны согд хэлний yntk'k гэсэн үгнээс гаралтай.[5] Энэ нь цаашилбал эртний перс хэлнээ «хиндү» гэснээс гаралтай. Хиндү гэдэг бол «Инд мөрний газар орон» гэсэн утга юм. Самгардиар үүнийг «синдү» гэдэг байв. Өрнөдөд перс, араб, грек, латинаар дамжин «инд-ия» гэсэн бүтэцтэй түгсэн. Их Могол улсын хаад газар орноо лалын шашинтнаа өргөн тархсан дагавар залгаж «индү-стан» гэж байв.

Бас нэгэн монгол нэр Жагар (мо.б. жагар, jayar) юм. Энэ нь төвөд хэлний rgyadkar үгнээс гаралтай бөгөөд «цагаан хятад» гэсэн утгатай. «Арван цагаан буянт номын цагаан түүх» номонд Энэтхэгийг «Замбуутив» гэсэн.[5]

Өдгөө Энэтхэгт улсаа भारत бхарата [паарэт] гэдэг. Энэ нь эрт цагаас эхлэн самгардиар бичигдэн үлдсэн нэр билээ.

Газар зүй[засварлах | edit source]

Физик газар зүйн зураг

Энэтхэг орон 3,287,590 км² нутаг дэвсгэртэй, дэлхийн 7-р том орон юм.

Байрлал[засварлах | edit source]

Энэтхэг Өмнө Азид хамаарна. Энэтхэгийн техтоник хавтангийн зааг болсон Энэтхэгийн хойг дээр хойд өргөргийн 8° — 38°, зүүн уртрагийн 68° — 98° дотор багтан байрладаг. Өрнө умард талаараа Пакистан (2910 км), умард талаараа Хятад (3588 км), Балба (1751 км), Бутан (699 км), дорнод талаараа Бангладеш (4097 км), Бирм (1643 км) гэсэн зургаан улстай хуурай газраар хиллэнэ. Хилийн нийт урт — 15106 км. Умард талаараа Памир, Хималайн нуруунд тулж, өмнөд талаараа Энэтхэгийн далайн Бенгалын булан, Лаккадивын тэнгис, Арабын тэнгис хүрнэ. Арлуудын эргийг оролцуулаад эргийн нийт урт — 7517 км. Далай тэнгисийн усаар зааглагдаж Мальдив, Шри-Ланк, Бирм, Тайланд, Индонезтэй ойр байрлана.

Түүх[засварлах | edit source]

ЭРТНИЙ ҮЕ – МАУР, ГУПТА ЭЗЭНТ ГҮРЭН

Өмнөд Азид 30.000 жилийн өмнөөс анх хүн төрөлхтөн суурьшиж байсан олдворууд олдож байжээ. Чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг Энэтхэгийн олон газраас олддог. МЭӨ 7000 оны үед анхны Шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүс суурьшиж байсан газар одоогийн Пакистаны баруун хэсгээс олдож байв. Эдгээр нь аажмаар МЭӨ 2500-1900 оны үед Өмнөд Азид тавигдсан анхны соёл болох Индус хөндийн соёл иргэншил болж хөгжжээ. Тухайн үед хүмүүс гар урлал, өргөн хүрээний худалдаа наймаа эрхэлж амжиргаагаа залгуулан, соёл иргэншил ихээхэн хөгжиж байв. МЭӨ 2000-500 оны үе буюу Төмөр зэвсгийн үеэс Хиндуизмийн хамгийн эртний гар бичмэл болох Ведас зохиогдож, тэр үеэс Ведийн соёл үүссэн гэж үздэг. Хуврага, цэрэг, худалдаачдын дотор шатлан захирах ёсыг бий болгох зорилгоор Кастын систем энэ үед үүссэн ба яваандаа уугуул иргэд болон хаадын угсааныхны дунд түгсэн юм. Ведийн үеийн сүүлч МЭӨ 6-р зууны үед жижиг овгуудыг 16 цөөнх болон хаант засагт болгон нэгтгэж, хотжилт үүсэн бий болж мөн Буддизм, Жайнизмын шашны шинэчлэлийн хөдөлгөөн өрнөж, эдгээр нь бие даасан шашин болов. Жайнизм Махавирагийн номлолоор дэлгэрч, харин Буддизм дунд давхаргаас бусад бүх нийгмийн давхрагын Буддагийн шавь нараар түгэн дэлгэрч байв. Бурхан багшийн амьдралын зам мөр Энэтхэгийн эхэн үеийн түүхийн хуудаснаа томоохон байр суурийг эзэлжээ. Улс төрийн хувьд МЭӨ 3-р зуунд Магадхагийн хаант улс бусад бүх салангид ханлигуудыг нэгтгэн, асар өргөн газар нутгийг анх удаа нэгдсэн захиргаанд оруулснаар аугаа Маурын эзэнт гүрний суурийг тавьсан юм. Маурчууд анх эзэнт гүрний шинжтэй болсноороо зүүн хойд нутагт төвлөрсөн газар нутгаа тэлж Энэтхэгийн хойгт бүхэлд нь давамгайлах болов. Энэ улс Ашока хааны үед хамгийн өргөн уудам нутаг дэвсгэртэй болж, соёл юугаа хөгжүүлэн цэцэглүүлсэн юм. Буддын шашин өсөн дэлгэрэхэд Ашока хаан гол үүрэг гүйцэтгэжээ. МЭӨ 321 оны үед Нандагийн династыг хожим Маурын аугаа Эзэнт гүрэнийг (МЭӨ 321-185) үндэслэгч Чандрагупта Маур унагав. Эзэн хаан Чандрагупта жижиг ханлигуудыг нэгтгэн нийлүүлэх замаар асар өргөн газар нутгийг анх удаа нэгтгэн нэг захиргаанд оруулжээ. Эзэнт гүрэнд Энэтхэгийн хойгийн ихэнх хэсэг, Афганистаны зарим хэсэг багтаж байв. Түүний байгуулсан энэ гүрний гол зүрх нь өнгө зассан нийслэл Паталипутра (одоогийн Патна хот) байлаа. Чандрагуптагийн итгэлтэй гарын доорх цэргийн хүч болон идэвхитэй ажилладаг нууц албаны үр дүнд хөдөө аж ахуй, худалдаа хөгжин цэцэглэсэн билээ. Тэрээр хэт мацаг барьсны улмаас МЭӨ 297 оны үед нас барав. Жайнизмыг шүтэх болсон Чандрагупта амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд ард түмэндээ тохиолдсон аймшигт өлсгөлөнгийн үеэр юу ч хийж чадаагүйдээ ихэд гашуудан даяанч маягаар нүглээ наминчилж байжээ. Энэ улсын хоёрдахь хаан Биндусара юм. Түүний хүү Ашока 3дахь хаан (МЭӨ 265-232) болсон бөгөөд Маурын динаслтын сүүлчийн гол захирагч юм. Тэрээр эртний дэлхий дахины түүхийн аугаа хүмүүсийн нэг мөн билээ. Ашока хаан эзэнт гүрнийг хамгийн том газар нутагтай болгож тэлсэн юм. Асар их цуст тулаан хийж эзлэгдээгүй үлдээд байсан Калингаг нэгтгэв. Уг тулалдааны дараа Даяа гол улаанаар урсаж байсан гэлцдэг. Ашока хааныг Энэтхэгийн алтан эрин үеийн эхлэлийг тавьсан гэдэг. Эзэнт гүрэн цэцэглэхийн хэрээр урлаг, шинжлэх ухааныг хөгжүүлж, их барилгын ажлыг эхлүүлжээ. Үүнд бөмбөгөр оройт барилгууд орно. Ашока өөрийн засаглалын жилүүдэд түргэн хурдацтай хөгжиж байсан Буддын шашныг шүтэх болсон. Өвөг эцгийнхээ наминчлалын түүхтэй адил Калингагийн дайны үед их цус асгаруулсандаа гэмшиж, хүчирхийллээс холдон тайван амгалан Буддист замыг сонгосон юм. Тэр Буддизмыг дэлгэрүүлэхийн тулд хуврагуудыг Ази даяар илгээж байлаа. Мөн өөрийн зарлигийг Энэтхэг, Балба, Пакистан, Афганистан даяар чулуун дээр сийлж тарааж байв. Ашокийн үеийн хөгжил цэцэглэлт, тайван амгалан байдал түүнийг нас барсны дараа тийм ч удаан үргэлжилсэнгүй. Хаан ширээ залгамжлагдын дунд хэрүүл маргаан тасарсангүй. Маурын сүүлчийн эзэн хаан Брихадрата МЭӨ 185 оны үед шадар туслагчийнхаа нэг Пусиямитрад алуулав. Пусиямитра Энэтхэгийн төв хэсгийг МЭӨ 73 он хүртэл захирч байсан Сунгагийн династыг үндэслэжээ. Энэтхэг одоо Маурын өмнөх үе шиг хуваагдмал, эмх замбараагүй байдалд эргэн орлоо. Хойд Энэтхэгт жижиг хант улсууд бий болж “Энэтхэг-Грек” хэмээн нэрлэгддэг захирагч нар гарч ирэв. Тэднээс хамгийн алдартай нь Мэнандэр (МЭӨ 115-130) юм. Хойд Энэтхэгт Хиндиузм гэр бүлүүдэд эцгийн эрхт ёс бат бөх болж байсан нь эмэгтэйчүүдийн хараат байдлыг улам нэмэгдүүлж байв. 4-5-р зуун гэхэд Гупта эзэнт гүрэн Энэтхэгийн хожмын дүр төрхийн эхлэлийг тавьж, засаг захиргааны болон татварын цогц системийг анх нэвтрүүлэв. Гупта гүрний хаадын үед шашныг зан үйлээс илүү сүсэг бишрэл талаас нь шүтэх шинэчилэлтийг хийж байв. Уг шинэчлэл нь нутгийн элитүүдийн ивээн тэтгэлэгээр бүтээгдсэн уран баримал, архитектурт цэцгэн хээгээр илэрхийлэгдсэн байдаг. Санскрит сонгодог уран зохиолууд мөн цэцгэн хээгээр чимэглэгдсэн байдаг. Мөн энэ үед Энэтхэгийн шинжлэх ухаан, одон орон судлал, анагаах ухаан, математикийн шинжлэх ухаан шинэ түвшинд хүрч хөгжжээ.

1) МАУРЫН ЭЗЭНТ ГҮРЭН (МЭӨ 321-183)

1. Чандрагупта хаан

Бүх салангид ханлигуудыг нэгтгэн, асар өргөн газар нутгийг анх удаа нэгдсэн захиргаанд оруулсан.

2. Хүү Биндусара

Эцгийнхээ эзэлсэн газар нутгийг бага зэрэг тэлсэн.

3. Хүү Ашок (МЭӨ 265 - 323)

- Эзэнт гүрнийг хамгийн том газар нутагтай болгосон – асар их цуст тулаан хийсэн. - Урлаг, шинжлэх ухаан хөгжсөн - Их барилгын ажил өрнөсөн (dome-shaped temples) - Буддын шашныг Ази даяар түгээсэн Ашок хааныг таалал төгссөний дараа хаан ширээний тэмцэл эхэлж, Маур гүрэн задарч, дахин ханлиг улсуудад хуваагдав.

2) ГУПТАГИЙН ГҮРЭН (МЭ 320-540)

1. Гандра Гупта

2. Хүү Самудра Гупта

Энэтхэгийн соёл ялангуяа Хинду, Буддын урлагийн сонгодог гэж үздэг. Гупта нар хатуу Хинду үнэмшилтэй байсан боловч энэ улсад Жайнизм, Буддизм хөгжсөөр байв. Бутралт - Хэпалитийн нүүдэлчдийн буюу Цагаан Хүннү довтолгоотой давхцсан.

3) ХАРШАГИЙН ГҮРЭН (МЭ 606)

4) ЧОЛАГИЙН ГҮРЭН (МЭ 805-1200)


ДУНДАД ҮЕ – ДЕЛИЙН СУЛТАНТ УЛС

Энэ үед Энэтхэг салгуу бутархай ханлигууд болж эргэн задарч, дахин нэгтгэх удирдагч гарч ирэхгүй байлаа. Уламжлалт зарим хөдөө аж ахуй эрхлэгчид газраа ашиглан өсөн хөгжиж байсан газар тариаланг түшиглэх болсон нь кастын дахрага дунд явагдаж байлаа. Улмаар кастын системд газар нутгийн ялгарал гарч эхлэв. Төв Ази болон Персээс ирсэн дүрвэгсэд хот босгож, эзэнт гүрнүүдийн бүтээн байгуулалтуудыг хийж байлаа. Нүүдэлчин муслим овог 1193 оноос Делиг удаа дараа дайран довтолж, дээрэмдэн тонов. Мухамед Гүрийг нас барсны дараа 1206 онд түүний жанжнуудын нэг, урьд нь боол байсан Кутб-уд-дин Айбэк Энэтхэгт түүний эзэлж байсан байр суурийг булаан авч Делийн Султант улсыг байгуулав. Үүнийгээ тэмдэглэж мөн Исламийн ертөнцөд шинэ газар нутгийг нэтгэсэний бэлгэ тэмдэг болгон дэлхийн хамгийн өдөр Ислам шашны гонх болох Гутаб Минарыг бариулсан байна. Энэхүү 72.5м цамхаг нь Энэтхэг дахь Султант улсын бэлгэ тэмдэг болжээ. Эзэнт гүрэн өргөжин тэлэхийн хэрээр баян чинээлэг султанууд уг гонхыг тойруулан асар том хөшөө дурсгалууд барив. Энэ үед хаан ширээг үе залгамжлах ёсыг халж, хааны титэмийн төлөө өрсөлддөг болсноор маш олон Султанууд солигдож байв. Муслим биш хүмүүсийг Исламийн төрд татвар төлөхийг шаарддаг байв. 14-р зуунаас эхлэн Делийн султант улс тарж бутарч эхлэв. 1398 оноос эхлэн Монголын Төмөр хаан удаа дараа дайралт хийх болж, 1525 онд түүний хүү Бабур сүүлчийн Султаныг дийлж, Могулын эзэнт гүрнийг байгууллаа. МОГУЛ ГҮРЭН (1525 – 1858 он) 1. 1527 он – Бабур Энэтхэг улсыг бүрэн эзэлсэн. 1530 онд нас барсан. 2. Хүү Хумаюн – эцгийн эзэнт гүрнийг бага зэрэг тэлсэн 3. Хүү 12 настай Акбар – газар нутгийг асар өргөн тэлсэн. Засаглалын төвлөрсөн тогтолцоо бий болгосон. Олон шашны эвлэрэнгүй бодлого баримталдаг байсан. Акбар Аграгийн ойрхи Фатепур Сикри дэх шинэ ордондоо шүтээний өргөө бариулж тэндээ шашны хэлэлцүүлэг өрнүүлдэг байв. Акбар хөгжим, урлагийг сонирхдог байв. Фатепур Сикрид могол зургийн сургууль байгуулсан нь урсгалын хувьд Перс, Энэтхэгийн нөлөөг тусгаж байсан бөгөөд тэр нь 4. түүний хүү Жахангирын үед оргил үедээ хүрч хөгжив. 5. Хүү Жах жахан (1628-1658) нь Аград Таж Махал, Делид Улаан хэрэм, Жама Масжид зэргийг бариулсан. Эдгээр нүсэр төслүүд нь Моголын үед цэцэглэж байсан ХАА, худалдаанаас хамааралтай баялгийн бэлэгдэл, илэрхийлэл байв. 6. Сүүлчийн хаан Ауранзэв 1658 онд хаан ширээнд сууснаар тус гүрний тэлэлт дээд цэгтээ хүрч мөн уналтын эхлэл болов. Аян дайнд улсын сан хөмрөгөө шавхсан, ислам номлолыг уян хатан бус тайлбарлаж байснаараа хамтрагчид болох ражпүдчүүд болон хинду албатуудаа өөрөөсөө хөндийрүүлсэн гэж үздэг. 1739 онд түүнийг нас барсны дараа эзэнт гүрний хаадууд ойр ойрхон солигдож эцэст нь 1857 онд Бринтаничууд Моголын эзэнт гүрний сүүлчийн хаан Бабадур шахыг хаан ширээнээс нь зайлуулав.

БРИТАНИЙН РАЖ

Европчууд хоолны амтлагч сонирхож эхэлснээр Энэтхэг рүү ихэд татагдах болжээ. 15-р зуунд Португальчууд худалдааны өндөр ашигтай хоол амтлагч хайж, Энэтхэгт хамгийн анх ирэв.Тэдний араас Англи болон бусад зарим Европын орнууд худалдаа наймааны ашиг хайж Энэтхэгт очжээ. Португальчуудтай өрсөлдөх зорилгоор Англи, Нидерландчууд тус тусдаа East India компаниудыг (1600 он) байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байв – эхэндээ худалдааны зорилготой байгууллагдсан ба яваандаа өөрийн гэсэн цэрэг армитай болов. Энэтхэгийн өнөөгийн хөгжлийн суурийг 1848-1885 оны үед тавигдсан гэж үздэг. Ист Индиа компаний захирагч Лорд Далхуиз 1848 онд Энэтхэг дахь орчин үеийн бүтээн байгуулалтын хийж эхэлжээ. Төмөр зам барьж, цахилгаан холбоо суурилуулж, иргэдэд Английн боловсролын системийг нэвтрүүлсэн байна. Гэвч 1858 онд Ист Индиа компаний эсрэг уугуул иргэдийн Англи загварын нийгмийн шинэчлэл, газрын өндөр татварын бодлогыг эсэргүүцсэн дургүйцэл Хойд Энэтхэгээс эхлэн Төв Энэтхэг хүртэл газар авч байв. Энэ бослогыг түүхэндээ тусгаар тогнолын төлөөх анхны дайн гэж нэрлэдэг. Гэвч уг бослогыг 1 жилийн дотор Англичууд таслан зогсоосон бөгөөд Энэтхэг дахь хяналтаа улам чангатгаж, Энэтхэг дахь Ист Индиа компаний удирдлагын оронд Британийн засгийн газрын шууд удирдлага дор оруулав. Түүнээс хойш хэдэн арван жилийн турш нийтийн улс төрийн хөдөлгөөн Энэтхэг даяар аажмаар бүрэлдэж, улмаар Энэтхэгийн Үндэсний Конгресс 1885 онд байгууллагдав. 19-р зууны 2-р хагас гэхэд технологи, газар тариалангийн худалдааны холын зах зээлтэй хамааралтай хэт хязгаарлагдмал байдал нь Энэтхэгийг хүнсний хомсдолд оруулж, ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж байлаа. Харин Англичуудын барьсан төмөр замын сүлжээ ашиглалтанд орсноор Энэтхэгийн дөнгөж хөгжиж эхэлж байсан үйлдвэрлэлүүдэд ихээхэн дэмжлэг болж, хүнсний үнэ буурснаар ард иргэдэд нүүрлээд байсан өлсгөлөнгийн асуудал багасав. 1 сая гаруй Энэтхэгчүүд оролцсон Дэлхийн 1-р дайн дууссаны дараагаас Энэтхэгт шинэ үе эхлэв. Энэ бол Британий Энэтхэг дахь хараа хяналтаа сулруудах шинэчлэл ба Энэтхэгийн үндэсний түүхэн удирдагч Махатма Гандигийн эрх чөлөөний төлөө тайван хөдөлгөөн эхэлсэн үе юм. 1930 оны үед Английн шинэ хууль журам батлагдав. Үүнээс хойшхи 10 жил Энэтхэг Дэлхийн 2-р дайнд оролцож, ард иргэдийн дунд Муслим шашинтнуудын үндсэрхэг үзэл улам хүчээ авч байсан хүндхэн үе байв. 1945 онд Дэлхийн 2-р дайны төгсгөлд Британичууд бүх эрх мэдлээ хүлээлгэж өгөхийг зөвшөөрч, урт удаан хугацааны эрх чөлөөний тайван тэмцлийн үр дүнд 1947 онд Энэтхэг тусгаар тогтнолоо олсон боловч шашны үзэл сурталын хагаралдаанаас үүдэн Энэтхэг болон Пакистан улс болж хоёр хэсэг хуваагджээ. Энэ үеэр хилийн хоёр талд үлдсэн хүмүүсийг газар нутгаасаа хөөсөн 2 сар гаруй үргэлжилсэн шашны үймээн самуун дэгдэв. Нийт 12 сая орчим хүн хилийн наана, цаана гарч шилжин суурьшсан ба 1 сая гаруй хүн амь үрэгджээ. 1950 оны 1 сарын 25-нд Энэтхэг улс үндсэн хуулиа батлаж парламент бүхий Энэтхэг улсыг байгуулсан юм.Эдийн засгийн чөлөөт зах зээлд 1990-ээд онд шилжсэнээс хойш Энэтхэг дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй улс болон хувирсан байна.

КАШМИРЫН ҮҮДЭЛТЭЙ МӨРГӨЛДӨӨН

Хүн амын олонхи нь Мусулман шашинтай Кашмирын муж улсыг Энэтхэгт өгсөнөөс хойш тус мужийг эзэмшихийн төлөө Энэтхэг, Пакистаны хоорондоо өрөлдөж иржээ. Тухайлбал, 1947-1948 болон 1965 онд тус тус дайтаж байв. Энэтхэг дахь Кашмирын Мусулманчуудыг 2001 онд Парлементын ордон руу, 2008 онд Мумбай дахь зочид буудал руу террорист халдлага хийсэн хэмээн буруутгав. 1998 онд Энэтхэг, Пакистан 2 улс цөмийн туршилт хийв. НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл цөмийн туршилт хийсэнд тус 2 улсыг шүүмжлээд, зэвсгийн бүх хөтөлбөрөө зогсоохыг шаардав. 1999 онд Энэтхэг, Пакистан 2 маргаантай асуудлаа шийдвэрлэх хүчин чармайлтаа идэвхижүүлэх тухай тохиролцсон Лахорын тунхаглалд гарын үсэг зурав. Гэсэн хэдий ч 2 улсын хооронд цөмийн мөргөлдөөний аюул оршсоор байна. 20-р зууны 2-р хагаст хөрш зэргэлдээ орнуудтай хил тойрсон байнгын маргаантай тулгарч эхэлсэн ба Хятад улстай 1962 онд дайтаж байсан ч өнөөг хүртэл зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Харин Пакистан улстай 1947, 1965, 1971 онуудад тус тус дайтаж байжээ.

Улс төр[засварлах | edit source]

Шинэ Делид засгийн газрын чухал салбарууд байрладаг.

Улс төрийн тухайд Энэтхэгийн Үндэсний Конгрессын нам голлох үүргийг гүйцэтгэх бөгөөд энэ намын лидерүүд нь Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсан үеэс эхлээд одоог хүртэл улс орныг удирдан залж яваа юм. Энэтхэг улсад үйл ажиллагаагаа явуулж буй намуудыг жагсаавал:

  • Энэтхэгийн Үндэсний Конгресс - Энэ нам нь хэдийгээр 100 гаруй жилийн түүхтэй ч хэд хэдэн удаа уналтанд орж байсан түүхтэй. Индира Гандийн Энэтхэгийн Үндэсний Конгресс ч гэж нэрлэгдэж явсан үе бий. Зүүнийг тэргүүлэгч энэхүү нам нь 1947—1977, 1980—1989, 1991—1996 болон 2004 оноос өнөөг хүртэл бусад намуудын тэргүүнд явж байна.
  • Бхарати Джанатын Нам (Энэтхэгийн Ардын Нам) - Энэхүү баруун хэсгийг тэргүүлэгч намыг 1980 онд Атал Бихари Ваджпаи, Лал Кришной Адвани нар байгуулсан бөгөөд хиндуизмыг баримтлагч нам юм. Улс орныг 1996 болон 1998-2004 онуудад тус тус удирдаж байсан.
  • Үлдсэн намууд нь ердөө 2-3 жижиг улсуудын хүрээнд хүчтэй байр суурь эзэлдэг байсан ба ийм намуудын тоонд

1991 оноос эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтийн ачаар энэтхэг улс хөгжиж буй орнуудын нэг болжээ. Өөрчлөлт шинэчлэлтийг 1996 онд Атала Бихари Ваджпаигийн удирдсан засгийн газар, 2004 онд Соня Гандигийн удирдсан Энэтхэгийн Үндэсний Конгресс сонгуульд ялж засгийн газрын тэргүүнээр нэрт эдийн засагч Манмохан Сингх томилогдон үргэлжлүүлж байна.

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Энэтхэг бол холбооны байгууламжит улс. Энэтхэгийн холбооны байгууламжид 28 муж улс (англ. state) болон холбооны 7 нутаг (англ. union territory) хамрагддаг.[6] Муж улсууд доод тал нь нэг албан ёсны нутгийн хэлтэй байдгаас гадна холбооны хоёр нутгийн адил (Пүдүчэрри, нийслэл Дели) өөрсдөө засгийн газраа сонгон байгуулах эрхтэй. Үлдэх холбооны таван нутаг улсын ерөнхийлөгчийн шууд хяналтанд байж төвөөс засаг даргыг нь томилдог. 1956 онд хүн амын зонхилох хэлийг харгалзан муж улсуудыг өөрчлөн байгуулсанаас хойш бараг өөрчлөгдөөгүй байна.[7] Холбооны нэгж тус бүр дотроо дүүргүүдэд (хинд. ज़िला zilā, англ. district; орос. округ) хуваагддаг. Өнөө үед улсын хэмжээнд 642 дүүрэг байна.[8] Цаашилбал, дүүргийг хэд хэдэн техсил болгон хуваадаг.

Энэтхэгийн холбооны 35 нэгжийн байршил (жагсаалтын дугаар, үсгийн дагуу)

28 муж улс

  1. Андрапрадеш
  2. Аруначал Прадеш
  3. Ассам
  4. Бихар
  5. Чаттисгар
  6. Гоа
  7. Гужарат
  8. Харьяна
  9. Химачал Прадеш
  10. Жамму-Кашмир
  1. Жарканд
  2. Карнатака
  3. Керала
  4. Мадярадеш
  5. Махараштра
  6. Манипур
  7. Мегхалая
  8. Мизорам
  9. Нагаланд
  1. Орисса
  2. Панжаб
  3. Ражастан
  4. Сикким
  5. Тамилнаду
  6. Трипура
  7. Уттар Прадеш
  8. Уттараканд
  9. Баруун Бенгал

Холбооны 7 нутаг

  1. Андаман-Никобарын арлууд
  2. Чандигарх
  3. Дадра-Нагар Хавели
  4. Даман-Диу
  5. Лакшадвип
  6. Нийслэл Делийн нутаг
  7. Пүдүчэрри

Эдийн засаг[засварлах | edit source]

Энэтхэг нь 20-р зууны дунд үе хүртэл Британы эзэнт гүрний колони байгаад 1947 онд тусгаар тогтнолоо олж авч эдийн засаг болон цэрэг дайны салбар хүчтэй хөгжиж ялангуяа сүүлийн 20-д жилийн хугацаанд дээрх салбаруудад ихээхэн амжилт гарсан ажээ.

Энэтхэгийн эдийн засаг нь номиналь ҮНБ-р тооцвол 12-т, худалдан авах чадварын паритетаар тооцвол дөрөвт жагсдаг. Эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд өсөлтөөрөө дэлхийд хоёрт ордог боловч ядуурал, бичиг үсэгт тайлагдахгүй байх, хоолны хомсдол зэрэг нь элбэг байна.

Эдийн засгийн хувьд амьжиргааны түвшнээс доогуур хүн ам 25% (2002), инфляци 4,2% (2004), хөдөлмөрийн чадвартай хүн ам 482,2 сая (2004), ажилгүйдэл 9,2% (2004), аж үйлдвэрийн өсөлт 7,4% (2004), цахилгаан энерги үйлдвэрлэл 547,2 миллиард. кВт.цаг (2002), цахилгаан энергиин хэрэглээ 510,1 миллиард. кВт.цаг. (2002) байна.

Экспорт[засварлах | edit source]

Нийт экспорт нь 2012 оны байдлаар 69,18 миллиард доллар. Үүнээс АНУ — 20,3%, Хятад — 6,3%, Их Британи — 5,2%, Хонг Конг — 4,7%, Герман — 4,3%.

Импорт[засварлах | edit source]

Нийт импорт нь 2003 оны байдлаар 89,33 миллиард доллар. Үүнээс АНУ-аас — 6,7%, Бельгиэс — 5,9%, Их Британиас 5%, Хятадаас — 4,5%, Сингапураас — 4,2%.

Хүн ам[засварлах | edit source]

Инд-Гангын нам доор газраар
хүн ам шигүү суурьшдаг.

Дэлхийд Хятадын дараа хоёрдугаар олон хүн амтай улс бол Энэтхэг. 2010 оны тооллогоорх хүн амын тоо - 1 тэрбум 210 сая.[9] Үүнээс 70% нь хотод бус хөдөө нутагтай. 2011 онд 53 саятан хоттой байгаагаас[10] Мумбай (хуучнаар Бомбей), Дели, Бангалор, Хайдарабад, Ахмадабадад хамгаас олон оршин суугчтай. Хүн амын 64.8% бичиг үсэг тайлдагдсанаас хамгийн ихдээ Керала муж улсад 91%[11], хамгийн багадаа Бихарт 47% байна.[12]

Энэтхэг бол олон хэлтний өлгий. Үндсэндээ Энэтхэг-Ари (хүн амын 74%), Дравид (24%) хоёр хэлний бүлэгт хамаардаг. Энэтхэг-Ари бүлгээс Хинди (41.0%), Бенгал (8.1%), Маратхи (7.0%), Урдү (5.0%), Гужарат (4.5%), Ория (3.2%), Панжаб (2.8%), Дравид бүлгээс Тэлүгү (7.4%), Тамил (5.9%), Каннада (3.7%), Малаялам (3.2%) хэлнүүд түгээмэл тархжээ.[13]

Энэтхэгийн хүн амын 80.5% нь Хиндү, 13.4% нь Ислам, 2.4% нь Христ, 1.8% нь Сикх, 0.7% нь Будда, 0.4% нь Жайна шашны шүтлэгтэй юм байна.[14]

Мөн үзэх[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Human Development Report 2011. United Nations (2011). 5 November 2011-д хандсан.
  2. Примечание: Индийское правительство считает, что Индия также граничит с Афганистаном, так как рассматривает весь штат Джамму и Кашмира индийской территорией, включая ту его часть, которая граничит с Афганистаном. Граница между Индией и Пакистаном была заморожена в 1948 году, после прекращения огня, произошедшему по инициативе ООН. Вследствие этого регион, граничащий с Афганистаном, оказался на территории, подконтрольной Пакистану
  3. Oldenburg, Phillip. 2007. "India: History, " Microsoft® Encarta® Online Encyclopedia 2007© 1997—2007 Microsoft Corporation.
  4. Poverty estimates for 2004-05, Planning commission, Government of India, March 2007. Accessed: July 29, 2008
  5. 5.0 5.1 О.Сүхбаатар - Монгол хэлний харь үгийн толь. 1997 он.
  6. Country Profile: India (PDF). Library of Congress - Federal Research Division (December 2004)
  7. States Reorganisation Act, 1956. Constitution of India. Commonwealth Legal Information Institute. the original on 2011-08-22-с архивлагдсан. 2007-10-31-д хандсан.
  8. Districts of India. Government of India. National Informatics Centre (NIC). 2007-11-25-д хандсан.
  9. "Provisional Population Totals – Census 2011", Office of the Registrar General and Census Commissioner (Ministry of Home Affairs, Government of India)
  10. "Cities having population 1 lakh and above". censusindia. The Registrar General & Census Commissioner, India. Retrieved 18 October 2011.
  11. Kerala's literacy rate. kerala.gov.in. Government of Kerala. 2007-12-13-д хандсан.
  12. Census Statistics of Bihar: Literacy Rates Literacy rate of Bihar. Government of Bihar. 2007-12-13-д хандсан.
  13. SCHEDULED LANGUAGES IN DESCENDING ORDER OF SPEAKERS' STRENGTH — 2001
  14. 2001 оны Энэтхэг улсын хүн амын тооллогын дүн

Гадаад холбоос[засварлах | edit source]

Викимедиа дуу дүрсний сан भारत.