Jump to content

Энэтхэгийн парламент

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энэтхэгийн парламент (Сансад, хинди. भारतीय संसद, Bhāratīya saṃsad) - Энэтхэг улсын хууль тогтоох, Холбооны дээд байгууллага юм. Түүний бүтцэд Энэтхэгийн Ерөнхийлөгч болон хоёр танхим багтдаг. Үүнд: Лок Сабха (хинди. लोकसभा — Ардын танхим, англи. Lok Sabha) гэж нэрлэгддэг доод танхим, Ражя Сабха (хинди. राज्य सभा, англи. Rajya Sabha) гэж нэрлэгддэг дээд танхим байдаг юм. Парламентын байр нь Шинэ Дели хотод байрладаг бөгөөд Сансад Бхаван (хинди. संसद भवन, орч. Парламентын байр) гэж нэрлэгддэг. Хууль тогтоомжийн төслийг хоёр танхим баталж, дараа нь Ерөнхийлөгч баталгаажуулснаар хүчин төгөлдөр болдог. Парламент дахь төв танхимыг парламентын доод болон дээд танхимын хамтарсан хуралдаан чуулахад ашигладаг уламжлалтай.

Доод танхим-Лок Сабха

[засварлах | кодоор засварлах]

Парламентын доод танхим нь Лок Сабха (Ард түмний танхим) юм. Гишүүд нь мажоритар тогтолцооны үндсэн дээр бүх нийтийн нууц санал хураалтаар шууд сонгогддог. Энэ нь ач холбогдол, эрх мэдлээрээ дээд танхимаас давсан илүү нөлөөтэй байдаг. Энэтхэгийн Үндсэн хуульд (81-р зүйл) зааснаар Лок Сабха нийт 552-оос дээшгүй гишүүнтэй (муж улсаас 530 хүртэл, холбооны нутаг дэвсгэрээс 20 хүртэл гишүүн байх ба хоёр гишүүнийг Ерөнхийлөгч британи гаралтай энэтхэгчүүдийн эрх ашгийг төлөөлөхөөр томилж болдог) байх ёстой.

Лок Сабха 5 жилийн хугацаатай сонгогддог хэдий ч тус улсад онц байдал зарлавал бүрэн эрхийг нь нэг жилээр сунгаж болно. Энэтхэгийн Ерөнхийлөгч аль ч нам олонх бололгүй, намууд эвсэл байгуулж чадахгүй бол танхимыг хугацаанаас нь өмнө тараах эрхтэй. Лок Сабхагийн гишүүнээр сонгогдохын тулд нэр дэвшигч нь Энэтхэгийн иргэн, 25-аас доошгүй настай, эрүүл саруул, дампуурал зарлаж байгаагүй, эрүүгийн хэрэгт холбогдоогүй байх ёстой.

Дээд танхим-Ражя Сабха

[засварлах | кодоор засварлах]

Парламентын дээд танхим нь Ражя Сабха (Мужуудын Зөвлөл) юм. Түүний гишүүдийг холбооны бүрдүүлэгч байгууллагууд болох Энэтхэгийн муж, холбооны нутаг дэвсгэрийн хууль тогтоох байгууллагын гишүүд шууд бусаар сонгодог.

Дээд танхим Ражя Сабха нийт 250 гишүүнтэй. Танхимыг татан буулгах боломжгүй бөгөөд гишүүд нь урьдчилан тогтоосон ротацийн хуваарийн дагуу сонгогддог. Танхимын гишүүнийг 6 жилийн хугацаатай сонгогддог бөгөөд хоёр жил тутамд танхимын гишүүдийн гуравны нэгийг сонгох сонгууль явуулдаг. Ражя Сабхагийн дарга мөн Энэтхэг улсын Дэд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэдэг.

Танхимыг бүрдүүлэх бүтцийг Энэтхэгийн Үндсэн хуулийн 80-р зүйлээр зохицуулдаг:

  • 12 гишүүнийг утга зохиол, шинжлэх ухаан, урлаг, нийгмийн ажилд тусгай мэдлэг, туршлагатай хүмүүсээс Ерөнхийлөгч томилдог.
  • Мужийн төлөөлөгчдийг муж улсын хууль тогтоох байгууллагын гишүүд пропорциональ тогтолцооны дагуу нэг саналын системээр сонгодог.
  • Холбооны нутаг дэвсгэрийн төлөөлөгчдийг тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн коллегийн гишүүд шууд бусаар, мөн пропорциональ тогтолцооны дагуу сонгодог.

Ражя Сабха нь тус улсын Холбооны тогтолцоог хадгалах зорилготой юм. Муж бүрээс сонгогдсон танхимын гишүүдийн тоо мужийн хүн амаас хамаарна (жишээлбэл, Уттар Прадешаас 31, Нагаландаас 1).

Дээд танхимд нэр дэвших гишүүний насны доод хязгаарыг 30 нас гэж тогтоосон байна.

Энэтхэгийн парламентын ордон

[засварлах | кодоор засварлах]

Энэтхэгийн парламентын чуулдаг байр нь 1912-13 онд Британийн архитектор Эдвин Лютиенс, Герберт Бейкер нарын бүтээсэн дугуй хэлбэртэй "Сансад Бхаван" юм. Барилгын гадна цагаригийн дээврийг 144 ширхэг боржин чулуун баганаар бэхэлсэн. "Энэтхэгийн хаалга" (хинди. इंडिया गेट, урду. باب ہند‎, англи. India Gate) хөшөөнөөс Парламентын ордны сайхан үзэмжийг харах боломжтой.

Энэтхэгийн Дээд шүүх 1958 оноос хойш Парламентын ордны Хунтайжийн танхимд байрлаж үйл ажиллагаа явуулж байна.