Jump to content

Энэтхэгийн Үндсэн хууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энэтхэгийн Үндсэн хууль (англи. Constitution of India, хинди: भारतीय़ संविधान) Энэтхэг улсын дээд гол хууль юм. Үндсэн хууль нь Энэтхэгийн улс төрийн үндсэн зарчмуудыг бий болгох, төрийн бүтэц, журам, эрх мэдэл, үүргийг тогтоох, иргэдийн үндсэн эрх, үүргийг тусгах үндэс суурь болдог. Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авснаас хойш хоёр жилийн дараа Үндсэн хуулийг 1949 оны 11-р сарын 26-нд Энэтхэгийн Үндсэний Ассамблейгаар баталж, 1950 оны 1-р сарын 26-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Энэ үндсэн хуульд Энэтхэг улсыг тусгаар тогтносон, ардчилсан бүгд найрамдах улс хэмээн тунхаглаж, иргэддээ шударга ёс, тэгш эрх, эрх чөлөөг баталгаажуулдаг ажээ.

Жавахарлал Неру 1950 онд Үндсэн хуулийг баталгаажуулж гарын үсэг зурж буй мөч.

Энэтхэгийн Үндсэн хуулийн үндсэн агуулга нь нийгэм, төрийн тогтолцооны хамгийн чухал зүйл болох хувь хүний ​​эрх зүйн статустай холбоотой байдаг. Энэтхэгийн Үндсэн хуулийг зохиогчид бусад улс орнуудын үндсэн хуулийн бүхий л ололт амжилтыг тусгах гэж оролдсон байна. Тодруулбал, Энэтхэгийн Үндсэн хууль нь Их Британийн Үндсэн хуулийн үндсэн хуулийн актууд, түүнчлэн ЗХУ, АНУ, Канад, Япон, Австралийн үндсэн хуулиас хэд хэдэн заалтыг тусган авсан гэдэг.

Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдөр нь Энэтхэгт албан ёсны амралтын өдөр бөгөөд жил бүрийн 1-р сарын 26-нд Бүгд найрамдах улсын баяр болгон тэмдэглэдэг. Энэтхэгийн Үндсэн хууль нь дэлхийн хамгийн урт үндсэн хууль бөгөөд 448 зүйл, 12 үндсэн хуваарь, 103 нэмэлт өөрчлөлтөөс бүрдсэн бөгөөд англи хэлээрх 117,369 үгээс бүрдсэн бөгөөд үүний албан ёсны хинди орчуулгатай байдаг ажээ. 1950 оны Үндсэн хуулийн эхийг Шинэ Дели дэх Парламентын номын сангийн байранд гелиэр дүүргэсэн хайрцагт хадгалдаг.

Энэтхэгийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц нь маш хялбар бөгөөд энгийн байдаг учраас үүсээд буй нөхцөл байдалд илүү дасан зохицохын тулд түүний олон зуун заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Үндсэн хуульд 80 орчим зүйл шинээр нэмж, 20 орчим заалтыг хасаж нийтдээ таван зуу гаруй зүйл заалтыг нэмж оруулсан байна. Нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн эх бичвэрт шууд оруулж, өөрчилдөг, эсвэл хавсаргадаг. Зарим нэмэлт, өөрчлөлтүүд нь АНУ-ын Үндсэн хуультай их ойр байдаг.