Jump to content

Эрвээхий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол оронд 1000 орчим зүйлийн эрвээхий бий хэмээн бүртгэсэн байдаг боловч өнөөг хүртэл дагнасан судалгаанууд хийгдээгүй байна. Эрвээхий олон янзын гоёмсог хээ бүхий хос далавчтай хээнцэр ганган шавьж ажээ. Далавч нь хайрсаар хучигдсан байдаг учраас хайрсан далавчтаны багт хамаарна. Гэвч огт далавчгүй ч төрөл зүйл бий. Эрвээхийнд урт нарийн хоолой маягийн өвөрмөц эрүүтэй, тэр нь хуйлж цагирагласан хэлбэртэй. Энэ төрх нь бусад шавьжнаас онцгой ялгарна. Биеийн хэмжээ болон далавчны хэмжээ харилцан адилгүй. Тогосон нүдэт, бүгэг зэрэг төрлийн эрвээхийнүүдийн далавчны дэлгэц 30 гаруй мм-т хүрдэг байхад хивэн эрвээхийнийх 3-хан миллиметр байдаг байна. Одот эрвээхий далавчаа дэлгэсэн үед хамгийн хээнцэр гоё бөгөөд далавчны дэлгэц 7-9 сантиметр болно. Эрвээхийн авгалдайн хөгжил нь түүний амьдралын ихэнх хэсэг бөгөөд далавч ургаж ниссэнээс хойш 24-хөн цаг болоод амьдралынх нь хугацаа дуусаж үхдэг эрвээхийн төрлүүд олон байдаг байна.

“Одот” эрвээхий хамгийн үзэсгэлэнтэй

Монголд амьдардаг хамгийн үзэсгэлэнтэй эрвээхий бол “Одот” юм. Тэрээр далавчаа дэлгэсэн үедээ хамгийн гоёмсог, хээнцэр харагддаг аж. Далавчны урт нь 70-90 мм байдаг юм байна. Одот эрвээхийн далавч гялтганасан цагаан болон тод хар өнгийн толботой. Тэд манай орны ойт хээрийн нутагт тархан нутаглажээ. Тэд ч нэг зуны настай бөгөөд долдугаар сарын дундуур үзэсгэлэнтэй төрхөө гайхуулаад наймдугаар сарын дундаас үзэгдэхээ больдог аж.

Хүр эрвээхий хамгийн аюултай Манай улсад хамгийн ихээр тархсан төрөл бол Хүр эрвээхий юм. Түүнийг том цагаан далавчаар нь ялгаж болно. Энэ эрвээхий нь намрын улиралд авгалдайгаа шахах гэрэлтэй, дулаан газар хайн нүүдэллэдэг. Үүний тулд 150 км-ийн цаанаас нисч ирэх нь бий. Нийслэлд үзэгдэж буй эрвээхийнүүд нь Сэлэнгэ, Төв, Улаанбаатар хотын ногоон бүс дэх ой хөвчөөс ирдэг ажээ. Хүр эрвээхий нь хар модонд авгалдайгаа шахдаг. Намар гарсан авгалдай нь хавар бүрхүүлээсээ гардаг гэнэ. Үүнийг хүрэнцэр гэж нэрлэдэг юм байна. Хүрэнцэр нь хаврын турш модоор хооллож, модыг ихээр нь сүйтгэдэг аюултай. Гэхдээ хавраас намар хүртэл хооллоод бусад үед хооллодоггүй. Хүрэнцэр долдугаар сараас хүүхэлдэй шатандаа орж, улмаар наймдугаар сард эрвээхий болдог. Энэ үед эрвээхий нь эвцэлдэж, авгалдайгаа шахах тохиромжтой газрыг хайн нүүдэллэдэг. Харин авгалдайгаа шахсан эрвээхий шууд үхдэг ажээ.

Торгоны хүр эрвээхий хоёр сарын настай

Торгоны хүр хорхой гэгч нисдэггүй эрвээхий хоёрхон сар насалдаг бөгөөд ямар ч амьтны үнэрийг 11 км холоос ялгаж мэдэрдэг хорвоод хосгүй чадвартай аж. Эхлээд тэрээр өндөг гаргана. Өндөг нь удалгүй хагарч дотроос нь бяцхан авгалдай гарч ирнэ. Өнөөх авгалдай ургамлын навчаар хооллож, уран гоёмсог бат бэх үүрээ нэхдэг. Дараа нь түүн дотроо өнгө зүсээ хувиргаад нас гүйцсэн эрвээхий болдог аж. Эрэгчин эрвээхий нь эмэгчнээ тансаг үнэрээр нь таньж олдог аж. Тэд нэгэн төрлийн модны навчаар нь хооллодог. Энэ мод нь Зүүн Ази, Хятад улсын хойд хэсэгт ургадаг юм байна. Анх 5000 жилийн тэртээгээс Хятадад хүр хорхойг үржүүлж эхэлжээ. Бие гүйцсэн эрвээхий далавчаа дэлгэсэн үедээ 6см урттай болдог.