Эрдэм шинжилгээний ном зохиол гэж юу вэ?
Шинэ санаа, мэдээлэл, шинэ баримт, концепц, арга зүй, онол, тайлбартай бичвэрийг эрдэм шинжилгээний гэж хэлж болно. Тэрхүү бичигдсэн зүйл нь дахин шалгаж, сорьж, ажиглаж, шинжлэхэд нээлттэй, боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн судалгаа, туршилтыг бусад хүн давтан хийхэд ижил үр дүн гарах ёстой гэсэн үг. Хэрэв тийм биш бол няцаагдана. Мөн уг судалгаа хэвлэгдэхийн тулд тухайн судалгааны салбарын 2-7 мэргэжилтнээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн байх ёстой. Тиймээс эрдэм шинжилгээний ажил нь тодорхой сэдвээр нарийн мэдээлэл өгдөг, нэг үндсэн санаан тулгуурлан, нэг зүйлээ олон давтахгүй, сэдвээс хазайгаагүй байх ёстой болно. Бичвэрийн хэсэг бүр нь гол санааг бататгах аргумент, мэдээлэл агуулж, үнэн зөв, оновчтой үгсийг сонгон бичсэн байвал сайн. Судалгааны өгүүллийг тухайн салбарт мэргэшсэн судлаачид бичдэг. Өгүүлэлд салбарын бусад мэргэжилтэн хөндлөнгийн үнэлгээ өгч, хянана. Бичлэгийн хэлбэр нь албан; тухайн салбарт нийтлэг хэрэглэгддэг үг, хэллэгийг ашиглана. Ашигласан материалын жагсаалтын заавал хавсаргана. Шинжлэх ухааны ном зохиол гэж байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны салбарт хийсэн онолын судалгааны ажлыг нийтлэн хэвлэсэн хэлнэ. Судалгааны бүтээлийг хэвлэн нийтэлснээр судлаачийн хийсэн судалгааны үр дүнг нийтэд хүргэдэг тулд хөндлөнгийн үнэлгээ заавал хийх шаардлагатай. Шинжлэх ухааны сэтгүүлд анх удаа хэвлэгдсэн оригинал судалгааг (оriginal research) анхдагч сурвалж гэж нэрлэдэг. Хоёрдогч сурвалжид шүүмжийн өгүүлэл, ном зэрэг багтана. Судалгааны бүтээлийн шүүмж гэж тухайн судалгаа үнэхээр шинжлэх ухаан хувь нэмэр оруулж буй эсэхийг, гол санаа нь батлагдаж буй эсэхийг, шинэ тутам мэдлэг бүтээж буй эсэхийг гэх мэт эрдэм шинжилгээний судалгаанд зайлшгүй байх ёстой шалгуурыг давах эсэхийг үнэлж буй үнэлгээ гэж болно. Жишээ нь, миний ээж “Трой, чиний өгүүлэл чинь хэт их онол, тоон баримттай хэр нь түүх, хүүрнэлээр дутмаг болж. Чи уул нь сонирхолтой түүх бичдэг дээ, сая яагаа вэ? Дахиад нэг үз дээ” гэж хэллээ гэдэг эрдэм шинжилгээний шүүмжид орохгүй. Гэвч энэ шүүмжид тодорхой үнэ цэн байгаа гэвэл бий. Магадгүй ихэнх хүн “...судалгааны бүтээл бичих бол уйтгартай зүйл... Хэт их мэдээлэлтэй хэр нь түүх, хүүрнэл багатай... Сонин эсвэл TikTok шиг анхаарал татсан биш... Ойлгомжгүй, чамин үг олонтой...” гэх мэтээр шүүмжилдэг. Харин судлаачид өөрсдийн ажлаа “...Судалгааны зохиол мэдлэг тэлдэг...
Шинэ түүх бус, шинэ мэдээлэл өгдөг... Мэдлэг бий болгодог болохоос зугаацуулах албагүй... Мэргэжилтэн, шинжээч гээд тодорхой уншигчдад зориулан бичдэг... Нийгмийг ирээдүй рүү хөтөлдөг...” гэх зэргээр өмгөөлдөг.