Jump to content

Эрик Лу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрик Лу, 2021 он.

Эрик Лу (англи. Eric Lu; 1997 оны 12-р сарын 15-нд АНУ-ын Массачусеттс мужид төрсөн) - Америкийн сонгодог төгөлдөр хуурч юм. 2025 онд Варшавт болсон Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээн, 2018 онд Лийдсийн олон улсын төгөлдөр хуурын тэмцээний ялагч тэрээр Лондоны симфони найрал хөгжим, Чикагогийн симфони найрал хөгжим, Бостоны симфони найрал хөгжим, Хааны филармонийн найрал хөгжим, Лос Анжелесийн филармонийн найрал хөгжим, Хааны Стокхольмын филармонийн найрал хөгжим, Ослогийн филармонийн найрал хөгжим зэрэг дэлхийн олон тэргүүлэгч найрал хөгжимтэй хамтран тоглож, Лиллийн үндэсний найрал хөгжимтэй аялан тоглолт хийж байжээ.

Эрик Лу зөвхөн "Warner Classics" дуу бичлэгийн компанид онцгой эрхтэй бичлэг хийдэг бөгөөд тэндээ алдарт Людвиг ван Бетховен, Иоханнес Брамс, Фредерик Шопен, Франц Шуберт, Роберт Шуман нарын хөгжмүүдийг шүүмжлэгчдийн өндөр үнэлгээтэй бичлэгүүдийг гаргасан юм. Тэрээр 19 дэх удаагийн Шопены олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд түрүүлснийхээ дараа "Deutsche Grammophon" өөрийн ялалтын тоглолтуудын онцлох хөгжмүүдийг багтаасан амьд цомог гаргахаар төлөвлөж байна.

Эрик Лу 1997 оны 12-р сарын 15-нд Массачусетс мужид тайвань гаралтай эцэг, хятадын Шанхайгаас гаралтай эх хоёроос төрсөн. Тэрээр Массачусеттс мужийн Бедфорд хотод өсөж, зургаан настайдаа Бостоны Дороти Ши (хятад: 杨镜钏)-гээс төгөлдөр хуур сурч эхэлсэн. Тэрээр хожим нь Шинэ Английн Хөгжмийн Консерваторид төгөлдөр хуурч Александр Корсантиа, А. Рамон Ривера нараас суралцсан байна. 2013 онд тэрээр Кертисийн Хөгжмийн Дээд Сургуульд элсэн орж, төгөлдөр хуурч Жонатан Бисс, Роберт Макдональд нарын сурагч байжээ. Эрик мөн сонгодог төгөлдөр хуурч хатагтай Данг Тай Соны шавь юм.

2015 онд 17 настайдаа Эрик Лу Варшавт болсон 17 дахь олон улсын Шопены төгөлдөр хуурын тэмцээнд 4-р байр эзэлж, тэмцээний түүхэн дэх хамгийн залуу ялагчдын нэг болжээ. 2016 оны 1-р сард тэрээр Варшавын филармонитой хамтран бусад тэмцээнд ялагчдын хамт Япон, Солонгосоор аялан тоглолт хийсэн байна.

2025 онд Эрик Лу 19 дахь Олон Улсын Шопены төгөлдөр хуурчдын тэмцээнд түрүүлсэн.