Jump to content

Эрэлхэг тугалган цэрэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«Эрэлхэг тугалган цэрэг» (дани. Den standhaftige tinsoldat) — Данийн зохиолч Ханс Христиан Андерсены зохиож 1838 онд анх хэвлэгдсэн дэлхий даяар алдартай хүүхдийн үлгэр.

Эрт урьд цагт 25 тугалган цэрэг байж гэнэ. Тэднийг цөмийг нь нэгэн хуучирсан халбаганы тугалгаар цутгаж хийсэн тул ёстой л амь нэгтэй ахан дүүс байжээ. Улаан, хөх өнгийн дүрэмт хувцас өмссөн тэрхүү тугалган цэргүүд буугаа мөрөвчлөөд цэх ширтэн жагсаж зогсох нь үнэхээрийн цог жавхлантай төгс үзэгддэг байжээ. Энэ л цоглог дайчин тугалган цэргүүдийг нэгэн жаалхүүд аав нь төрсөн өдрөөр нь бэлэг болгон өгчээ. Жаалхүү хайрцгийг яаран нээж үзээд “Ура. Энэ чинь тугалган цэргүүд байна шүү дээ” гэж баярлан дуу алджээ.

Тэгж л тугалган цэргүүд анх удаа хүүхдийн баяр хөөртэй, цовоо цолгин дууг сонссон юм санж. Хүү тэднийг шалавхан л хайрцагнаас нь гаргаад ширээн дээрээ өрж гэнэ ээ. Хоорондоо андуурмаар адилхан тэр тугалган цэргүүдээс харин нэг нь л өрөөсөн хөлтэй байх юм гэнэ. Түүнийг хамгийн сүүлд цутгасан болохоор тугалга нь хүрээгүй юмсанж. Гэвч тэр цэрэг үүндээ огтхон ч гутарсан шинжгүй бусдын л адилаар, мөрлөсөн буугаа чанга атгаад бат суурьтай зогсож байлаа. Ганц хөл дээрээ ийнхүү зогсож байгаа нь харин ч түүний эрэлхэг зоригтойг илтгэж байв.

Ширээн дээрх олон тоглоомоос хатуу цаасаар урласан нэгэн гоё тоглоомон шилтгээн л мөнөөх тугалган цэрэгт нэн содон харагджээ. Үзэмжит тэр л ордны бяцхан цонхоор өрөө тасалгаанууд нь ч ив илхэн үзэгдэх юм гэнэ. Ордны яг өмнө нэг бяцхан толь хэвтэж байх нь цэнгэг сайхан нуурыг санагдуулна. Тэрхүү нуурын мандалд лааны тосоор хийсэн цав цагаан хунгууд өөрсдийгөө тольдон сэлж, хөвөөгөөр нь нов ногоон модод эгнэжээ. Энэ бүхэн эрэлхэг тугалган цэргийн харааг булаавч түүний зүрх сэтгэлийг шилтгээний нээлттэй хаалганы өмнө зогсох үзэсгэлэнт цаасаар хийсэн охин л туйлаас догдлуулан баясгажээ. Тэр охин хоёр гараа урагш сунган, өрөөсөн хөл дээрээ дэгэнцэн зогссон нь бүжиглэж буй бололтой. Дээш өргөсөн хөл нь даашинзных нь хормойд далдлагдаад тугалган цэрэгт харагдсангүй. Үүнийг тугалган цэрэг анзаараад, над шиг өрөөсөн хөлтэй юм гэж боджээ. Хүмүүс ч унтахаар хэвтэцгээж гэнэ. Харин эрэлхэг тугалган цэрэг маань нэг хөл дээрээ тэвчээртэй зогсон цонхоор тусах сарны гэрэлд үзэсгэлэнт бүсгүйгээ харсаар л байжээ. Үдшийн нам гүм болмогц ширээн дээрх тоглоомууд бие биенийхээрээ зочлон дараа нь байлдаж, бас багт наадам зохиож тоглоцгоов. Тугалган цэргүүд тоглохсон гэж хүсэвч хайрцагныхаа тагийг нээж хүчирсэнгүй.

Өглөө болж жаалхүү сэрээд өнөөх тугалган цэргийг цонхны тавцан дээр аваачиж тавьжээ. Тэгтэл гэнэт салхи хөдөлж цонх дэлгэгдэж гэнэ. Салхинд цохигдов уу? Бяцхан чөтгөр түлхчихэв үү? Тулгалган цэрэг маань гурван давхрын цонхны тавцан дээрээс годройдон унахдаа цардмал зам дээр бууныхаа жадаар зоогдож орхижээ. Жаалхүү эгчтэйгээ түүнийг хайхаар гарч гэнэ.

Тэд тугалган цэргийг бараг л гишгэчих шахаад яваад байсан боловч олсонгүй. Хэрвээ тугалган цэрэг “Би энд байна” гэж хэлсэн бол тэд дор нь л олчих байлаа. Гэвч “Дүрэмт хувцас өмссөн цэргийн хүн байж гудамжинд хашгираад байх нь эвгүй юм” гэж бодоод тэрээр таг дуугүй л байж гэнэ. Тэгтэл бороо орж, удалгүй бүр хувингаар цутгах мэт асгарч гэнэ. Харин түр зуурын ширүүн бороо арилсны дараа л түүгээр тоглож явсан хоёр хүүхэд зам дээр мөнөөх тугалган цэргийг олж харжээ.

Хоёр хүүхэд үүнийг чинь завинд суулгаад шуудууны усаар хөвүүлчихье. Сайхан аялал болно доо гэжээ. Ингээд тэд сонин нугалж завь хийгээд тугалган цэргийг суулгаад явуулчихжээ. Тугалган цэрэг буугаа чанга атган хараа дээгүүр, нуруу цэх, зоригтой явсаар байж гэнэ. Гэтэл хажуухнаас нь үлэмж том биетэй усны харх үсрэн гарч ирээд:

-Хөөе, цэрэг эр хүлээ. Үнэмлэх бичгээ үзүүл! гэж хашхирчээ. Харин тугалган цэрэг хариу ч хэлэлгүй буугаа чанга атгасаар яваад л өнгөрч гэнэ. Мөнөөх харх түүний хойноос ус үсчүүлэн, шүдээ хавирсаар нэхэн хөөж “Хөөе, зомгол сүрэлнүүд ээ. Наадахаа бариад ав. Наадах чинь бичиг баримтгүй яваа юм шүү” гэж хашхирч байжээ.

Тэр л хархны хашхирахыг сонссон юм шиг усны урсгал ч бүр ширүүсэж, завь ч улам хурдалсаар гүүрэн дороос гарч ирэхэд эрэлхэг тугалган цэргийг гэрэл гэгээ угтжээ. Одоо л нэг сайхан аялах нь дээ гэж бодтол ямар ч зоригтой дайчин эр айн сүрдмээр их чимээ гарч гэнэ. Ингээд тугалган цэрэг завьтайгаа борооны усны шуудуунаас жинхэнэ урсгал ус руу шилжин хөвж орох нь тэр ээ. Гэвч завийг зогсоох ямар ч арга байсангүй. Завь их ус руу хөвөн орж хүрхрээ рүү шидэгдэн дороо хэдэн удаа эргэлдсэнээ живж эхэлжээ. Хөөрхий тугалган цэрэг эцсийн мөчид үзэсгэлэнт бүжигчин бүсгүйгээ дурсан “Түүнийг дахин хэзээ ч харахгүй нь дээ” гэж боджээ. Ингэж зүтгэж байтал араа шүд нь арзайсан аварга загас дайран хүрч ирээд түүнийг залгиж орхижээ. Аварга загасны гэдсэн дотор аймшигтай харанхуй, цухалдмаар давчуу ажээ. Гэнэт нүд гялбам гэрэл гарч, цахилгаан цахих шиг болоход тугалган цэрэг сэржээ. Тэгтэл тугалган цэргийг залгисан аварга загасыг загасчин барьж аваад зах дээр зарж орхисон юмсанж. Захаас загасыг худалдаж авсан эзэгтэй гал тогоондоо авчран хутга сэрээ гялалзуулан ходоод гэдсийг нь цэвэрлэжээ. Ингэж цэвэрлэж байхдаа тугалган цэргийг олж гэнэ. Сэтгэл нь догдолсон тугалган цэрэг маань баярласандаа золтой л тугалган нулимс унагачихсангүй. Цэргийн хүн уйлж болохгүй гэсэндээ л тэсэж өнгөрөөжээ. Бүжигчин охиныг тэрбээр хайрын нүдээр ширтэхэд, цаадах нь ч бас түүн рүү инээмсэглэн харсаар байж гэнэ.

Гэтэл уяралтай энэ агшинд хаалга сэвхийн онгойгоод, тасалгаа нэвт үлээх салхинд бүжигчин охин хийсэн агаарт бүжиглэх мэт эргэлдсэнээ онгорхой байсан пийшингийн амаар орчихож гэнэ. Тугалган цэрэг араас нь үсрэн пийшингийн амаар орсон боловч хожимджээ. Дүрэлзэн асах галын дөл бүжигчин охиныг хоромхон зуур үнс болгон хувиргасан байлаа. Хайр дурлалдаа шаналсных ч юмуу хамаг бие нь халуу шатсан тугалган цэргийн өнгө будаг нь хууран унаж байв. Тэр ч бас хайлж эхэлжээ.

Маргааш нь тэр айлын охин пийшингээс үнс гаргахдаа зүрхэн хэлбэртэй хэсэгхэн цагаан тугалга бас түлэгдэж харласан цэцгэн зүүлт олжээ. Эрэлхэг тугалган цэрэг болоод үзэсгэлэнт бүжигчин охин хоёроос үлдсэн юм ердөө л тэр байжээ.

Билгүүн номч мэргэн Бямбын Ринчен гуай аль 1935 онд Данийн их зохиолч Х.Андерсены үлгэрүүдээс эх хэлнээ уран тансаг хөрвүүлснээс хойш Монголын хэдэн үеийн уншигчид "Нугасны муухай дэгдээхэй"-г өхөөрдөн хайрлаж, "Эрэлхэг тугалган цэрэг"-ийн нүдэнд асан дүрэлзэх зориг золбоогоор урамшиж, "Шүдэнз худалдагч охин"-той хамт шаналж, "Лусын дагина"-ын мөрөөдлийг бахархсаар иржээ. Аль 1950-иад оноос эхлэн Хүүхэлдэйн театрт түүний үлгэрээс нь сэдэвлэсэн жүжиг тавьж, Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөртөө оруулж ирсэн ба өнөөдөр ч хүүхэд залуусын заавал унших учиртай номын жагсаалтад зүй ёсоор ордог.