Эсфахан

Эсфахан (перс. اصفهان ) — Иран улсын Заянде голын эрэг дээр орших хот бөгөөд нийслэл Тегеран хотоос өмнө зүгт 340 км зайд оршдог. Энэ нь Эсфахан мужийн нийслэл бөгөөд Ираны гурав дахь том хот (Тегеран, Машхадын дараа) юм. Хүн ам нь 1,547,164 (2006).
Тус хот нь 11-19-р зууны үеийн олон тооны Исламын архитектурын дурсгалт газруудтай. Ялангуяа Дэлхийн өвийн дурсгалт газрууд болох Имам талбай буюу Накш-и Жахан талбай (орч. "Дэлхийн хагас") болон "Баасан гаргийн сүм" буюу Жами сүм нь алдартай.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эсфахан нь Ираны буюу Персийн бусад хотуудын нэгэн адил Аббасидын эрин үе хүртэл Арабын мэдэлд орж байсан. 10-р зуунд Буидын үед Эсфахан дахин ач холбогдлоо олж авсан. Султан Малик Шахын (1072–1092) үед Эсфахан нь Селжүкийн эзэнт гүрний нийслэл хот байсан. 11-р зуунд Персийн алдарт философич Авиценна Эсфахан хотод амьдарч, сургаал айлдаж байсан түүхтэй.
13-р зуунд энэ хотыг монголчууд эзэлж байсан. Дараа нь 1387 онд Доголон Төмөр довтлов. Хотыг эзэлсэн боловч бараг тэр даруй төмрийн дархан Али Кочапын удирдлага дор бослого гарчээ. Ард түмний уур хилэн Төмөрийн цэргүүд болон татвар хураагчдын эсрэг байв. Бослогыг дарах үеэр Төмөр туйлын харгислал үзүүлж хотын 70,000 хүртэлх иргэнийг алж, толгойг нь цамхаг барихад ашигласан гэж ярьдаг. Гэсэн хэдий ч газар зүйн давуу талтай байршлынхаа ачаар Сафавидын үед Эсфахан хотыг хурдан сэргээн босгосноор цэцэглэн хөгжсөн байна.
Эсфаханы хөгжлийн алтан үе нь 16-р зуунд Шах I Аббас (1587–1629)-ын үед эхэлсэн бөгөөд тэрээр хотыг Сафавидын нийслэл болгож, зуу гаруй жилийн турш эзэмшиж байжээ. Аббасын хаанчлалын үед Эсфахан нь европчуудыг гайхшируулсан цэцэрлэгт хүрээлэн, номын сан, сүм хийдүүдээрээ бахархдаг байв. Персүүд энэ хотыг "дэлхийн хагас" гэсэн утгатай "Накш-и-Жахан" гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ нь Эсфаханыг үзэх нь дэлхийн талыг үзсэнтэй адил гэсэн утгатай юм. Энэ нь ойролцоогоор 600,000 хүн амтай дэлхийн хамгийн том хотуудын нэг байсан. 163 сүм, 48 медресе, 1801 дэлгүүр, 263 нийтийн халуун усны газартай байв.
1722 онд Эсфаханыг удаан бүслэлтийн дараа Афганистан эзлэн авч, дээрэмдэж, хотын ихэнх хэсгийг балгас болгосон. Энэ нь худалдааны хямд далайн зам нээгдсэнтэй зэрэгцэн аажмаар хотын бууралтад хүргэсэн. Эсфахан хот 18-р зууны дунд үед Ираны нийслэл гэсэн статусаа алджээ.
Өнөөдөр Эсфахан хот нь Ираны гурав дахь том хот бөгөөд хивс, нэхмэл эдлэл, ган, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эсфахан нь туршилтын цөмийн реактор болон цөмийн түлш үйлдвэрлэх дэд бүтцийн төв юм. Эсфаханы гангийн үйлдвэр нь тус бүс нутгийн хамгийн том үйлдвэрүүдийн нэг юм.
Эсфахан хотод томоохон газрын тос боловсруулах үйлдвэр, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар баригдсан металлургийн үйлдвэр, агаарын цэргийн бааз, мөн Украин-Ираны хамтарсан, 2014 он хүртэл Ан-140 онгоц угсардаг байсан HESA нисэх онгоц үйлдвэрлэх үйлдвэр байрладаг.