Юань улсын хууль цаазын бичиг

Их Юань улсын богд засагт төрийн хууль цаазын бичиг[1] (хятадаар: 大元圣政国朝典章, пиньинь: Dà yuán shèng zhèng guó cháo diǎnzhāng, англи нэр: Statutes and Precedents of the Sacred Administration of the Great Yuan Dynastic State[2]), товч нэр нь "Юань улсын хууль цаазын бичиг" (хятад: 元典章, пиньинь: Yuán diǎnzhāng, англи нэр: Statutes and Precedents of the Yuan[2]) нь Монголын Их Юань улсын Шадбал Гэгээн хааны үед 1322 онд зохиогдсон 60 дэвтэр 10 анги 2539 зүйлээс бүрдсэн хуулийн эмхэтгэл юм. Уг хуулийг 1260-1320 он хүртэлх хаадын зарлиг, шүүхийн шийдвэр, хуулийн бодит тохиолдсон тэмдэглэлүүдийг багтаасан хуулийн эмхэтгэл бөгөөд монгол хаадын зарлиг, төрт ёс, төр засах хөтөлбөр, засаг явуулах ёс, шүүх явдлын яам, түшмэдийн явдлын яам, цэргийн явдлын яам, өрхийн явдлын яам, үйлдэх явдлын яам зэргээр ангилалд хуваажээ.
Түүхийн тойм
[засварлах | кодоор засварлах]Энэхүү хуулийг 1322 онд зохиосноос хойш олон удаа хуулбарлан янз бүрийн ном зохиолд багтсан байдаг. Орчин үед Юань улсын хууль цаазын бичгийн үндсэн хоёр эх үлдсэн.
- Бээжингийн Хориотой хотод хааны сан хөмрөгт хадгалж байсан Юань улсын хууль цаазын бичгийн модон барын эх. 1925 онд хааны номын сангаас олсон ч, өдгөө Тайванийн Үндэсний ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа. 1972-1976 онд БНХАУ-д уг эхийг ашиглаж эмхэтгэж найруулан гурван ботиор хэвлүүлснийг 1998, 2002 онд дахин шинэээр хэвлүүлжээ. 2011 онд Хятадын хэсэг эрдэмтэн уг бүтээлийг дахин хянаж, судлаад 2637 зүйлтэй болгож хэвлүүлжээ.
- 1906 онд Ханжоу хотын Дин овогтын (丁氏) гэрт хадгалагдаж байсан хуулбар эхийг олж, Шэн Жябэнь (沈家本) гэх түшмэл харгуулсан тайлбар хийж 1908 онд Чин улсын хууль цаазыг засан тогтоох газарт хэвлүүлсэн Шэнь Жябэний хуулбар эх.[1] Хятадын эрдэмтэн Чэн Юан (陈垣) 1931 оноос модон барын эхтэй харьцуулан судлахад 12000 гаруй алдааг илрүүлж, алдааг нь засч тайлбар хийж "Юань улсын хууль цаазын бичгийн хянан шалгасан нь" (元典章校补), 1934 онд "Юань улсын хууль цаазын бичгийн хянан шалгалтын жишээ тайлбар" (元典章校补释例) гэх бүтээлийг хэвлүүлжээ. Шэнь Жябэний эхийг Б.Алтанбагана гуай 1948-1953 онд энэ эхийг ашиглаж монгол хэл рүү орчуулсан.[1]
Уг хуулийг монгол хэл рүү орчуулах ажлыг 1948-1953 онд БНМАУ-ын ШУА-ын эрдэм шинжилгээний ажилтан Батын Алтанбагана хийж, 4 дугтуй 24 дэвтэр 10 бүлэг бүгд 446 зүйлтэйгээр[1] орчуулсан нь ШУА-ын Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн гар бичмэлийн санд хадгалагдаж байна. 2024 онд тус хүрээлэнгээс эхний арван дэвтрийг нэг ботиор "Юань улсын хууль цаазын бичиг (I-X)" нэрээр хэвлүүлж, худалдаанд гаргасан.
Гарчаг
[засварлах | кодоор засварлах]Уг цаазын бичиг нь дараах арван бүлэгт хуваагддаг.
- Хааны зарлиг
- Богд засаг
- Төрийн хэлхээ
- Юй Ши Тай яам
- Түшмэлийн явдлын яам
- Сангийн явдлын яам
- Ёслолын явдлын яам
- Цэргийн явдлын яам
- Шүүх явдлын яам
- Үйлдэх явдлын яам
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Түүх, угсаатны зүйн хүрээлэн (2024). Юань улсын хууль цаазын бичиг (I-X) (1st хэвлэл). Улаанбаатар: Удам соёл ххк. х. 7–8.
{{cite book}}: CS1 maint: multiple names: authors list (link) - ↑ 2.0 2.1 Cambridge, University (2023). Biran, Michal; Kim, Hodong (eds.). The Cambridge history of the Mongol empire (Англи хэлээр). Vol. 2 (1st хэвлэл). Cambridge: Cambridge University Press. х. 942.