Jump to content

Юрий Головкин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гүн Юрий Головкин (орос. Ю́рий Алекса́ндрович Голо́вкин, 1762—1846) — Оросын Эзэн хааны хууль тогтоох байгууллагын болон Төрийн зөвлөлийн гишүүн, Хятад бөгөөд Австрид суусан Оросын Элчин сайд. Төрийн канцлер Гавриил Головкины элэнц хүү. Оросын Головкин угсааны сүүлчийн хүн.

Юрий Головкин Францад 1762 онд төрсөн бөгөөд Европод боловсрол эзэмшсэн байна. Сүүлд Оросын эрх баригчдын урилгаар Оросын төрийн албанд зүтгэсэн ажээ. 1787 онд Юрий Головкин хатан хаан II Екатеринаг Крым руу аялахад дагалдан явжээ. Тэрээр хэд хэдэн дипломат үүрэг гүйцэтгэсэн. 1796 оны 12-р сард эзэн хаан I Павел түүнийг сенатороор томилжээ. Дараа нь I Александр түүнийг Худалдааны сайдаар (1800-1820) томилон ажиллуулсан байна. 1804 оны 2-р сарын 27-ноос 2-р зэргийн төрийн албан хаагч байсан бөгөөд 1805 оны 2-р сарын 17-нд Хятадад суух онцгой эрхт Элчин сайдаар томилогдон явсан байна. Элчин сайдын яамны бодит зорилго нь Орос, Хятадын хооронд худалдааны харилцааг тогтоон хөгжүүлэх, Амар мөрнийг Орост авах явдал байжээ. Элчин сайдын яам нь маш олон, 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд үүнд цэргийн хүмүүс, албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид, үнэн алдартны шашны лам нар байв. Уг элч төлөөлөгчдөд зориулж тусгай дүрэмт хувцас бий болгосон байна. Гадаад харилцааны яамны дүрэмт хувцас нь мөнгөн хатгамалтай, цэргийн сэлэм зүүсэн, дуулга хэлбэртэй малгай зэрэгтэй байжээ.

Юрий Головкины тэргүүлсэн элч төлөөлөгчдийн үйл хэрэг бүтэлтэй болоогүй юм. Оросын элч төлөөлөгчдийн тоо хэтэрхий их олон байгааг Хятадын засгийн газраас эсэргүүцлийн бичиг өгсөн тул цөөлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Элч төлөөлөгчид Ар Монголын Өргөөд хүрч ирэхэд Ю.Головкиныг хүлээн авах ёслолын журмаар Эзэн хааны өмнө газар сөгдөж мэхийн ёслох шаардлага тавьсан тул түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзээд Сибирь руу буцсан түүхтэй. Энэ бүтэлгүйтэл нь эзэн хаан I Александрын дургүйцлийг төрүүлж, гүн Юрий Головкиныг жил орчим хугацаанд буюу 1806 оны 12-р сард хүртэл Санкт-Петербург руу ирүүлэхгүй Эрхүү хотод байлгасан байна.

1816 он хүртэл Ю.Головкин ажлаас чөлөө авч, гадаадад амьдарч байжээ. Ажилдаа буцаж ирээд тэрээр Штутгарт, Венад (1819-1822) элчээр ажиллаж байсан бөгөөд дараа нь дахин 9 жилийн чөлөө авсан байна.