Jump to content

Юрий Дроздов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Юрий Дроздов (орос. Юрий Иванович Дроздо́в, 1925 оны 9-р сарын 19-нд ЗХУ-ын Минск хотод төрсөн — 2017 оны 6-р сарын 21-нд Оросын Москва хотод нас барсан) — Зөвлөлтийн тагнуулч, хошууч генерал. Далд тагнуулын албаны удирдагч. ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах хороо (КГБ)-ны Нэгдүгээр ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Далд тагнуулын газрын "С" хэлтсийн дарга (1979-1991).

Юрий Иванович Дроздов 1925 онд Оросын армийн артиллерийн офицер Иван Дмитриевич Дроздов (1894-1978), сүүлд Зөвлөлт Беларусийн Дотоод яамны ажилтан болсон, Лепил хотын гаралтай Анастасия Кузьминична Панкевич (1898-1987) нарын хүү болж Минск хотод төржээ. 1940 онд Харьков хотын 14-р тусгай сургуульд элсэн орж, дайны эхэн үед Актюбинск руу нүүлгэн шилжүүлж танкны үйлдвэрт ажиллаж байгаад 1943 оны 7-р сараас Улаан армид цэргийн алба хаажээ.

1944 онд тэрээр Ленинградын 1-р артиллерийн сургуулийг төгсөөд Энгельс хот руу нүүлгэн шилжүүлэгдсэн байна. 1945 оны 1-р сарын 1-ээс Аугаа эх орны дайнд оролцож, 1945 оны хавар Берлинийг довтлоход оролцов. Ю.Дроздов 1945 оны 6-р сарын 13-ны өдрийн 28/н тоот тушаалаар Батлан ​​хамгаалахын 57-р ангийн командлагч болжээ. Тэрээр дэслэгч цолтой дайныг дуусгасан юм.

Дайны дараа тэрээр Герман дахь Зөвлөлтийн цэргийн бүлэгт, Балтын цэргийн тойрогт 1952 он хүртэл артиллерийн дэглэмийн даргын туслахаар ажиллаж, сургалтад хамрагджээ.

1956 онд Цэргийн гадаад хэлний дээд сургуулийг төгсөж, Улсыг Аюулаас хамгаалах хороонд (КГБ) шилжэн оржээ. Тэрээр ЗХУ-ын КГБ-ын албан ёсны төлөөлөгчийн газраас Берлин дэх Штази-БНАГУ-ын Төрийн аюулгүй байдлын яаманд ажиллаж эхэлсэн (1957 оны 8-р сараас). Тэрээр Зөвлөлтийн тагнуулч Рудольф Абелийг Америкийн тагнуулын нисгэгч Фрэнсис Гари Пауэрсээр солих ажиллагаанд оролцсон.

1963 онд Германд албан үүргээ гүйцэтгэсний дараа түүнийг үйл ажиллагааны боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар явуулсан. 1964 оны 8-р сараас 1968 оны хооронд тэрээр Хятадад "Соёлын хувьсгал"-ын үеэр КГБ-ын гадаад тагнуулын алба хашиж байжээ. 1968-1975 онд Тэргүүн газрын төв албанд ажиллаж, "С" газрын орлогч даргаар ажиллаж байсан.

1975 онд тэрээр АНУ-ын Нью-Йорк хотод (Б.А. Соломатины оронд) гадаад тагнуулчаар томилогдсон бөгөөд 1979 он хүртэл ЗХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогчоор ажиллаж Нью-Йорк дахь тагнуулын газрыг удирдаж байжээ.

ЗХУ-ын Афганистаны дайны ахмад дайчин. Тэрээр 1979 оны 12-р сарын 27-нд Амины ордонд халдлага үйлдсэн удирдагчдын нэг бөгөөд ЗХУ-ын баатар цолд нэр дэвшсэн юм. Тэрээр шагналаас татгалзаж, оронд нь халдлагад оролцсон офицеруудын нэгийг шагнаж өгөхийг хүссэн байна. Тэрээр "Вымпел" тусгай хүчний анги байгуулах санаачлагч бөгөөд ахлах командлагч байжээ.

Тэр герман хэлээр чөлөөтэй ярьдаг байсан.

  • Ю. И. Дроздов. Нужная работа. Записки разведчика. — М.: ВлаДар, 1994. — 196 с.
    • Ю. И. Дроздов. Вымысел исключен. Записки начальника нелегальной разведки. — М.: Вымпел, 1996. — 352 с.
    • Ю. И. Дроздов. Записки начальника нелегальной разведки. — М.: ОЛМА-Пресс, 2000. — 416 с. — (Досье). — 9000 экз. — ISBN 5-224-00750-0.
    • Ю. И. Дроздов. Вымысел исключён. Записки начальника разведки. — Артстиль-полиграфия, 2005. — 608 с. — 3000 экз. — ISBN 5-9900610-1-3.
    • Ю. И. Дроздов. Вымысел исключён. Записки начальника нелегальной разведки. Части 1, 2. — Артстиль-полиграфия, 2009. — 608 с. — 1000 экз. — ISBN 978-5-9900610-7-1.