Jump to content

Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн
Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах хөшөө нь
Явуухулангийн хөшөө

Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн - Улаанбаатар хотын төвд Чингэлтэй дүүрэгт байрладаг, дорнын их яруу найрагчийн нэрэмжит хүрээлэн. Тус цэцэрлэгт хүрээлэнг 2000 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 57-р тогтоолоор "Б.Явуухулангийн цэцрлэгт хүрээлэн" гэж нэрийдсэн байна. 2009-2011 оны хооронд бүтээн байгуулж, 2011 оны 7-р сарын 8-ны өдөр нээсэн байна.

Дэлгэсэн ном шиг хэлбэртэй тус цэцэрлэгт хүрээлэн нь үндэсний архитектурын өвөрмөц хэв загварыг хадгалсан, цогц шийдэл бүхий зохиомжтой бөгөөд нийслэл хотод нэгэн шинэ өнгө төрхийг бий болгосон юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойморт Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухуланг сандал дээр сууж буйгаар дүрсэлсэн хөшөө, баруун хойд хэсэгт Монгол орны газрын зургийг байрлуулж, дээр нь монгол бичгээр их найрагчийн алдарт “Би хаана төрөө вэ” шүлгийн нэрийг таталгажээ.

Ахмад, дунд, залуу үе, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг бэлгэдсэн гурван мөнгөн аяга бүхий усан оргилуурыг хүрээ хийцийн хээгээр хээлж, усан хээгээр чимэглэсэн. Цэцэрлэгийн урд хэсэгт хар чулуугаар модерн маягаар зассан усан оргилуур Хар ус нуурын шагшуургыг бэлгэддэг. Мөн бичил задгай театр бий. Цэцэрлэг хүрээлэнг байгалийн 7-8 төрлийн чулуугаар чимэглэж, нарс, гацуур мод тарьж тохижуулжээ.

Уг цэцэрлэгт хүрээлэнгийн Ерөнхий инженерээр барилгын инженер Шижирийн Амгалан ажилласан байна.

Энэ цэцэрлэгт хүрээлэнд жилийн турш олон үйл ажиллагаа зохион байгуулагддаг:

  • Б.Явуухулангийн нэрэмжит “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” яруу найргийн утга уянгын их наадам 2012 оны 6-р сарын 1-ны өдөр найрагчийн нэрэмжит хүрээлэнгийн задгай талбайд болсон.
  • 2022 оны 5-р сарын 27-29-нд "Хүрээ үдэш" арга хэмжээ зохион байгуулж яруу найрагчид уран бүтээлээ сонирхуулсан.
  • Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд 2023 оны 9-р сарын 13-нд номын баяр болсон.
 Commons: Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан