Ямамото Исорокү

Ямамото Исорокү

Төрсөн газар Японы эзэнт гүрэн, Нийгата аймаг, Нагаока
Нас барсан газар Шинэ Гвинейн нутаг дэвсгэр, Бугенвиль, Пангунагийн орчим
Эх орон  Японы Эзэнт Гүрэн
Ажиллагаа/салбар Naval flag of Японы Эзэнт Гүрэн Японы Эзэн Хааны Флот
Албан үүргийн он жилүүд 1904–1943
Тулалдаанууд/дайнууд Орос-Японы дайн
Цүшимагийн тулалдаан

Дэлхийн хоёрдугаар дайн

Ямамото Исорокү (Япон: 山本 五十六) Их Наран Улсын тэнгисийн цэргийн адмирал, флотын командлагч.

Японы тэнгисийн цэргийн академийн төгсөгч Ямамото 1904 онд Орос-Японы дайны цөм хэсэгт оролцож байжээ. Япончуудын ялалтаар дууссан Цүшимагийн тулалдаанд Ямамото шархдаж зүүн гарыхаа хоер хурууг алдав. Шарх нь түүнийг цаашид цэргийн албаа гүйцэтгэхэд саад болоогүй ч цэрэг дайны ажиллагаанд дургүй болсон байна. Ямамото бүх асуудлыг цэрэг дайны аргаар бус, ширээний ард шийдэх ёстой гэж үздэг байв. Японд боловсрол эзэмшсэнийхээ дараа АНУ дахь Элчин сайдын яаманд тэнгисийн цэргийн ажиглагчаар ажиллаж байв. 1939-1934 онд Лондонд болсон Тэнгисийн цэргийн чуулганд оролцож байлаа. Тухайн үед Японд милитарист үзэл ид хүчээ авч байсан учир Ямамото тэдний дунд жинхэнэ цагаан тагтаа нь байлаа. Тэрбээр Манжуур луу хийсэн довтолгоо, Хятадтай хийсэн цэрэг дайны ажиллагааг дэмжээгүй. Үүгээр барахгүй нацист Германы милитарист Японтой хийсэн гэрээг эсэргүүцдэг байж. Тиймээс Японы дайнч хүчин Ямамотогийн үзэлд нэн уцаартай хандаж, илтээр заналхийлж байв. Хариуд нь тэрбээр Эзэн хаан хийгээд ард түмэн эх орныхоо төлөө амиа өргөх нь цэргийн хүний хамгийн дээд нэр хүнд мөн хэмээж байв. 1939 онд Ямамотог Нэгдсэн тэнгисийн хүчний ерөнхий командлагчаар томилжээ. Албан тушаал ахиулсны гол зорилго нь Ямамотог Токиогоос холдуулах байлаа.

Тэрбээр дайны төгсгөлийг мэдэж байв. 1941 онд АНУ руу дайрах шийдвэр гарсан байв. Яг энэ үед олон хүмүүс адмирал Ямамотог албан тушаалаа орхино гэж бодсон боловч тийм зүйл болсонгүй. Адмирал өргөсөн тангарагтаа үнэнч байж үзэл бодлоо огоорон, авсан тушаалаа биелүүлхээр болов. Үүнээс гадна Тэнгисийн хүчинд уг тушаалыг биелүүлэх түүнээс илүү нэртэй найдвартай хүн байсангүй. Ямамото Сувдан эргийг довтлох төлөвлөгөөгөө боловсруулж, үүнийгээ ч алдаа мадаггүй биелүүлсэн юм. Гэсэн хэдий ч тэр цаашид юу болохыг маш сайн мэдэж байв. Бид хамгийн ихдээ бүтэн жил зогсолтгүй довтолж чадна. Гэхдээ би дайны хоёр дахь, гурав дахь жилүүдийн тухайд баталгаа өгч чадахгүй хэмээн адмирал дайны явцын тухай мэдээлэхдээ хэлж байжээ. Ямамото АНУ-ыг ялахын тулд Японы арми Вашингтон хүртэл хүчирхэг довтолгоо хийж бууж өгөх явцыг Цагаан ордонд хийх естой гэж үзэж байсан юм. Манай улс төрчид ямар ч санаа зоволгүйгээр Япон – Америкийн дайны талаар ярих юм. Тэд ялалтдаа итгэлтэй байж ямар ч золиос гаргахад бэлэн гэж байгаа нь миний санааг зовоож байна хэмээн хэлж байв. Ямамотогийн таамаг бүрэн батлагдав. Дайны эхний 2 сард амжилттай давшсаны дараа Японы хүчин давуу байдлаа алджээ. Гэсэн хэдий ч Тэнгисийн хүчний командлагч байдлыг эргүүлэхийн төлөө бүх хүчээ зориулж байв. Тэрээр амжилтад хүрэхгүйгээ мэдэж байсан ч үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн юм. 1943 оны 12-р сард Японы арми Гуадалканалын төлөөх тулалдаанд ялагдсанаар дайны стратегийн байдлаа бүрэн алдав. Адмирал Ямамото эл ялагдлын дараах цэрэг офицеруудын сэтгэл зүйн байдлыг сайтар ойлгож байсан учир Өмнөд номхон далайн цэргийн нэгдлүүдийг шалгахаар очжээ. 1943 оны 4-р сард болсон уг шалгалтын талаарх мэдээллийг Америкийн тагнуулчид олж мэдэв. Тэд Ямамотог Рабаулаас 4-р сарын 18-ны өглөө Соломоны арлуудад байрлах Баллала онгоцны буудал руу нисэхийг мэдэж байв. Түүнийг замд нь барихаар АНУ-ын агаарын хүчний 347 болон 339-р сөнөөх баг агаарт хөөрчээ. Нисгэгчид өндөр албан тушаалтныг барихаар явж байсан ч хэн гэдгийг нь баттай мэдсэнгүй. Япончууд Ерөнхий командлагчийнхаа нисэх маршрутыг дайсанд алдсанаа мэдээгүй ч түүний аюулгүй байдалд санаа зовж байсан учир адмиралд нислэгээ өөрчлөхийг санал болгож байв. Гэвч Ямамото зөрж Бетти гэх бөмбөгдөгч онгоцонд нисгэгчийн хажууд суун 400 гаруй км зам туулах нислэгээ хуваарийн дагуу эхэлсэн байна. Гуадалканалаас Беттиг сөнөөхөөр тусгай тоноглол бүхий нэмэлт шатахууны нөөцтэй Р-38 төрлийн 19 онгоц хөөрөв. Гэвч 3 онгоц нь эвдрэлээс болж газардав. Үлдсэн онгоцнууд нь баригдахгүйн тулд доогуур радио холбоонд чимээ өгөлгүй нисчээ. Онгоцнууд устгагчдын, хамгаалалтын гэсэн хоёр багт хуваагджээ. Устгагчдын бүлгийн дөрвөн онгоц ямар ч тохиолдолд адмирал Ямамотогийн онгоцыг сөнөөх ёстой. Харин үлдсэн онгоцууд хамгаалах үүрэгтэй Японы онгоцуудын учрыг олох үүрэгтэй байв. Устгагчдын бүлэгт дэслэгч Томас Ланфьер, Рекс Барбер, Жо Мур, Жим Макланаган нар байв. Гэвч дэслэгч Мур Макланаган нарын онгоцны түлш дамжуулах хоолойд гэмтэл гарсан учраас буцахаас өөр аргагүй болжээ. Тиймээс энэ бүлэгт дэслэгч Бесби Холмс, Рей Хайн нарыг нэгтгэв. Токиогийн цагаар өглөөний 9:30-д хоёр талын онгоцууд Бугенвиль арлын дээр уулзав. Адмирал Ямамотог хамгаалж Зеро хэмээх 6 сөнөөгч онгоц дагалдаж явсан байна. Р-38 онгоцнуудын хамгаалалтын баг Японы сөнөөгч онгоцнуудыг холдуулах үед устгагчид бөмбөгдөгч онгоц руу довтлох тушаал авав. Даалгавраа амжилттай биелүүлжээ. Эхний Бетти ширэнгэн ойд унасан бол 2 дахь нь усанд ослын буулт хийв. Довтолгооны үед америкчууд хохирол амсаагүй ч буцах замдаа Японы сөнөөгчдын дайралтад өртөж Рэй Хайны онгоц сүйрч нисгэгч нь нас баржээ. Усанд буусан Беттигээс гурван хүн амьд гарсны дунд дэд адмирал Үгаки Матомэ байв. Тэрбээр дараа нь камиказегийн дайны үзэл суртал хариуцагч болсон юм. Үгаки 1945 онд өөрөө камиказе болж Окинава арлын ойролцоо тулалдаж байсан Америкийн хөлөг онгоцнуудыг сөнөөгч онгоцоороо мөргөж Эзэн хаандаа амиа зориулжээ. Адмирал Ямамотогийн онгоц ширэнгэн ойд сүйрсэн бөгөөд аврах баг дараа өдөр нь олжээ. Онгоцонд сууж байсан, явж байсан хүмүүсээс нэг нь ч амьд гарсангүй. Адмирал Ямамотогийн цогцсыг онгоцныхоо суудлын даруулгатай хэвээр нь олжээ. Тэрбээр гартаа сэлэмнийхээ ишийг атгасан чигээр нас барсан нь жинхэнэ эр цэрэг байсныг нь нотолдог. Адмирал газарт унахаас өмнө суманд оногдож нас барсныг шинжээчид тогтоосон байна. Адмиралын цогцсыг чандарлаж эх оронд нь хүргэсэн бөгөөд нэр төртэй оршуулжээ. Ямамото Исорокүд Флотын Адмирал цол болон Япон улсын хамгийн дээд шагналыг нөхөн олгосон түүхтэй.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]