Ямаүчи Хироши
Ямаүчи Хироши (япон. 山内 溥, англи. Hiroshi Yamauchi, 1927 оны 11-р сарын 7-нд Японы Киото хотод төрсөн — 2013 оны 9-р сарын 19-нд нас барсан) Японы бизнесмэн. Тэрээр 1949 оны 3-р сараас 2002 оны 5-р сарын 31 хүртэл Нинтэндо компанийн 3 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Ивата Саторүд ажлаа залгамжлуулж өгсөн. Энэ хугацаанд Ямаүчи Нинтэндог жижиг ханафүда тоглоомын хөзрийн компаниас олон тэрбум долларын борлуулалттай, олон улсын видео тоглоомын компани болгон хувиргаж чадсан байна.
2008 онд Ямаүчи Хироши Японы хамгийн баян гурван хүний нэг байсан бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 149-р байранд, 7.8 тэрбум долларын хөрөнгөтэй орж байв. 2012 онд Forbes сэтгүүлийн "Японы хамгийн баян 40 хүн"-ий жагсаалтад Ямаүчи 11-р байранд орсон байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эцэггүй өссөн Хирошиг эх, өвөг эцэг нь хүмүүжүүлсэн байна. Тэрээр 18 настайдаа Инаба Мичикотой гэрлэж 1945 онд Васэда их сургуульд хуулийн чиглэлээр сурчээ.
1948 оны сүүлээр Хироши их сургуулиа дуусгаж амжаагүй байтал өвөг эцэг Секирёо хүнд өвдөж, 66 насандаа хэвтэрт орсон байна. Компанийн удирдлагыг ач хүүгээсээ өөр хэнд ч даатгаж чадаагүй Секирёо Хирошиг Токиогоос Киото руу яаралтай дуудаж, одоо Хироши удирдах болно гэж мэдэгджээ. Эхэндээ Хироши компанийг удирдахаас татгалзаж байсан ч хэсэг хугацааны дараа 1949 оны 3-р сард захирлын албан тушаалд томилогджээ. Өвөг эцэг Секирёо 1951 оны зун нас баржээ. Секирёо сайн хүмүүжилтэй, эелдэг хүн байсан бол ач хүү нь хайхрамжгүй, их зантай байв. Түүний хувьд амьдрал тоглоом шиг санагддаг байсан бөгөөд хүүхэд байхдаа эдэлж байсан эрх чөлөө нь түүний дараагийн карьерт эерэг нөлөө үзүүлжээ.
Хироши компанийг удирдах үед 100 орчим ажилтантай байсан бөгөөд зөвхөн ханафүда тоглоомын хөзрийг хөгжүүлэх, үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг байв. Ямаүчигийн удирдлага дор тус компани удаан оршин тогтнохгүй гэж олон хүн санаа зовж байв. 1951 онд тэрээр өвөөгийнхөө үүсгэн байгуулсан "Марафүкү" болон "Ямаүчи Нинтэндо" гэсэн хоёр компанийг нэгтгэж "Нинтэндо Коппай" ("хөзөр" эсвэл "мажонг хавтан" гэсэн утгатай) нэртэй нэг компани болгож, олон нийтэд нээлттэй болговол илүү динамикаар өсөх болно гэдэгт итгэлтэй байжээ.
1953 онд залуу ерөнхийлөгчийн хүчин чармайлтын ачаар "Нинтэндо" компани Японд зориулж цоо шинэ бүтээгдэхүүн болох бүхэлдээ хуванцраар хийсэн тоглоомын хөзрүүдийг худалдаанд гаргасан. Ямаүчи Хирошийн хэрэгжүүлсэн эдгээр болон бусад олон зохион байгуулалтын шинэчлэлүүд нь компанийн эргэлтийг 1959 он гэхэд 600 сая иенд хүргэсэн (өмнө нь 150 сая иен байсан). Улмаар Ямаүчи "Уолт Дисней" компанитай гэрээ байгуулж, бүтээгдэхүүндээ тэдний дүрүүдийг ашиглах эрхийг олж авчээ. Энэхүү алхам нь компанид бүр ч их ашиг авчирсан бөгөөд 1964 он гэхэд компанийн цэвэр ашиг 600 сая иенд хүрсэн байна.