Jump to content

Ямиш бэхлэлтийн тулалдаан буюу Бухгольцийн хэрэг явдал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ямиш бэхлэлтийн тулалдаан буюу Бухгольцийн хэрэг явдал гэж Зүүн гарын хаант улс - Хаант Оросын хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн юм.. Монголын Зүүнгарын хаант улс цэцэглэн мандаж байсан нэгэн мянга долоон зуун арван зургаадугаар он буюу XVIII зууны эхээр Сибирийн хамгийн том, чухал хот нь Тобольск байв. Харин өнөөгийн Омск хот оршиж буй газар тухайн үед Обь, Камышловка голын дагуу, оросууд болон нүүдэлчин Зүүнгарын монголчуудын нутаг дэвсгэрийн зааг байжээ. Тэр үед Сибирийг нэгдүгээр Пётр хааны ойрын итгэлт хүн, гүн Матвей Петрович Гагарин захирч байсан бөгөөд түүний тушаалаар шинэ суурингууд байгуулагдаж, худалдаа, үйлдвэрлэл хөгжин тэлж байлаа. Шведүүдтэй хийсэн дайны үед Пётр хаанд их хэмжээний мөнгө санхүү нэн хэрэгтэй болов. Энэ үед гүн Гагарин хаанд Дундад Азийн алслагдсан Яркенд хэмээх хотын орчмоос олдсон гэх алтан гулдмайнууд бэлэглэжээ. Уг хот нь эртний Их Торгоны зам дагуу, цөл нутгийн дунд, уулсын цаана оршдог хэмээн яригддаг байжээ. Үүний дараа Пётр I хаан өөрийн үнэнч, сахилга баттай офицер, дэд хурандаа Иван Дмитриевич Бухгольцод Тобольскоос Иртыш голын дагуу урагш (гол нь хойш урсдаг тул урсгалын эсрэг) явж, Ямыш нуур хүрэх, тэнд өвөлжөөд цааш Яркенд хүрч алт олборлох, буцах замдаа цайз барих үүрэг өгчээ. Энэ зам бол Зүүн гарын хаант улсын газар нутгаар дайрч өнгөрөх зам байлаа. Эзэн хаанаас зарлиг хүлээн авсан Бухгольц 1714 оны наймдугаар сард Санкт-Петербургаас Тобольск руу 15 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлж, арваннэгдүгээр сарын сүүлээр хүрч ирэв. Гүн Гагарин түүний мэдэлд 1500 цэрэг өгч, экспедицийн бэлтгэл эхэлжээ. 1715 оны 7 сард экспедици 32 дарвуулт хөлөг, 27 том завинд суун хөдөлсөн байна. Нийтдээ явган цэргийн 2 хороо, 700 морин цэрэг, артиллерийн анги, 70 гар урчууд нийлсэн 2932 хүн зэвсэг, хүнс, хэрэгслийн хамт замд гарчээ. Экспедицэд худалдаачдын 12 хөлөг нэгдсэн нь Ямышийн давст нуур руу явж давс тээвэрлэх нь Сибирьт ашигтай бизнес байсантай холбоотой. Тара хотоос 1500 орчим агт мориор хүчээ зузаатган, морьтон цэргүүд голын эргээр замчлан хөдөлжээ. 1715 оны 10 дугаар сарын 1-нд отряд Зүүнгарын нутаг дэвсгэрт орших Ямышийн давст нуурт хүрч ирэв. Энд Бухгольц Ямышийн цайзыг барьж эхэлсэн бөгөөд цайзын ихэнх нь шороон байгууламжтай байлаа. Зарим хөлгийг задлан, модоор нь барилгын дээвэр хийжээ. Цайзыг олзлогдсон швед офицерийн зураг төслийн дагуу, Францын бэхлэлт барилгын дүрмээр барьсан байна. Өвөл ойртож байсан тул Бухгольц харуул хамгаалалтыг сайжруулж, барилгын ажлыг цас орохоос өмнө дуусгахыг хичээв. Гэвч 1715 оны 12-р сарын 26-нд тэрээр хүн хүч нэмэх хүсэлттэй захидлыг Гагаринд илгээжээ. Бухгольцын экспедици Ямышийн давст нуурын орчимд цайз байгуулж эхэлсэн нь Зүүнгарын хувьд ил тод цэргийн заналхийлэл үзүүлсэн хэрэг байлаа. Оросын тал үүнийг “судалгаа шинжилгээ, худалдааны ажил хэрэг” гэж тайлбарлаж байсан ч жунгаруудын нүдээр бол Харийн гүрэн зэр зэвсэгтэй цэргээр хил давж, байнгын бэхлэлт байгуулж байна гэсэн үг байлаа. Иймд Цэвээнравдан хаан эхлээд дипломат шаардлага тавьж, нутаг дэвсгэрээс явахыг шаардсан нь олон улсын харилцааны хэм хэмжээний хэвийн алхам байв. Харин татгалзсан хариу авмагц цэргийн хүчээр асуудлыг шийдэхээр хан хөвүүн Галданцэрэнд 1 түмэн цэрэг өгч илгээжээ. Удалгүй Монголчууд цайзын орчимд цугларч, Цэвээнравдан хаан Оросын цэргийг нутгаасаа явахыг шаардсан ч Бухгольц татгалзав. Үүний дараа 1716 оны 2-р сарын 10-нд Зүүнгарчууд 10 мянган цэрэгтэйгээр шөнөөр дайрч, цайзын гадна байсан бүх агтийг булаан авчээ. Монголчууд заль хэрэглэн Оросын харуулын цэргийг устгаж, тэдний дүрэмт хувцсыг өмсөн цайз руу нэвтрэхийг оролдсон ч бөмбөрчин Пётр Ремезов аюулын дохио өгч, цайзыг аварсан юм. Өөрөө амь үрэгдсэн ч түүний баатарлаг үйлдэл цайзыг аюулаас аварчээ. Монгол цэрэг хэрэм цайз эвдэх олигтой их буугүй, галт зэвсэг муу тул тул орос цэргийн бэхлэлтийг бүслэн хаасан нь өвөлжин үргэлжлэв. Бүслэлт Оросуудын хувьд төсөөлөшгүй хүнд хэцүү байж өлсгөлөн, өвчин зовлонд нэрвэгдэж эхлэв. Оросуудад туслахаар ирсэн нэмэгдэл хүч, хүнсний хангалтыг ойрадууд тухай бүрт нь олзлон авч байсан тул бэхлэлтийг сахин суугсад өлсгөлөн, өвчинд нэрвэгдэж, бие бүрэлдэхүүний дийлэнх нь буюу 2300 хүн нас баржээ. Орос, Зүүнгарын хилийн хот Тобольскоос ирсэн 700 хүнтэй цуваа, Ямышаас урагш аялж ойрадуудтай арилжаа хийхээр ирсэн 600 худалдаачин, их хэмжээний хүнс, орос цэргийн цалин тавих 20 мянган рубль бүгд монголчуудын гарт орсон байна. 1716 оны 4-р сарын 28-нд Иртыш мөрний мөс хайлмагц Бухгольц цайзыг орхиж, завинд суун буцахаар шийдсэн байна. Амьд үлдсэн цэргийн тоо 700 орчим бөгөөд ихэнх нь өвчтэй байлаа. Ингэж И.Бухгольц Цэвээнравдангийн цэрэгт буун өгч гэдрэг буцав. Ойрадууд оросуудын барьсан хүрээ хороо, орон байшинг юу ч үгүй устгаж газартай тэгшлээд, эд юмыг нь 18 онгоцонд ачуулан нутаг буцаажээ.