Jump to content

Янжинлхам бурхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Янжинлхам бурхан - Эртний Энэтхэгийн хиндү шашны гол шүтээн байсныг Буддын шашин үүсэхдээ авч хэрэглэсэн байна. Улмаар Төвөд, Монголд буддын шашин нэвтрэхэд дамжин шүтэгдсэн бөгөөд яруу найраг, урлагийн авъяас чадварыг тэтгэсэн үүргийг даасан шүтээн болжээ. Хинди. “Сарасвати”, төвөд. “Янжинлхам”, монголоор “Эгшигт охин тэнгэр” хэмээн нэрлэж ирсэн.

Яруу өгүүлэхийн ид шидийг хайрлагч бурхан хэмээн яруу найрагчид, өгүүлэхүйн урлагийн жүжигчид эрхэмлэн шүтэж иржээ. Намрын дунд саран лугаа адил цагаан өнгийн лагшинтай, амирлангуй агаад сүр жавхлан төгөлдөр үзэсгэлэнт царайтай, баясгалантай ширтэх мэлмийгээр сэтгэлийн гүнийг сэрээсэн, тансаг сайхан цээжийг товойлгосон, нарийн сайхан бэлхүүсийг хотос хийлгэсэн, гил хар өнгийн гэзгийг мөр даган намируулсан, яруу найраг, урлагийн авъяас хөглөх биндэръяа эрдэнийн бийваа хуурыг барьж цомцойн сууж заларсан байдаг.

Янжинлхам бурханд залбирахдаа “Барагдашгүй яруу хэлний цогийг хайрлагч эх та байнга миний хоолойд цэнгэн оршиж, балай мунхагийн харанхуйг арилган соёрх, бахтай өгүүлэхүйн эрх баялгийг хайрлан соёрх” хэмээн сүсэглэдэг. 

“Ми сад аги бал дэрма, Ми брал дэнла равдү шүг, Ма риг мүн ба сал дү сол, Ма риг мүн ба сал дү сол” хэмээн түвдээр хэлэх залбирлын тарнитай.

“Янжима” хэмээн өргөмжлөгдөн нэрлэгдэж ирсэн тус шүтээнийг Энэтхэгийн Галидас, Төвөдийн Шон багш, Доржжанцан, Сажа бандид Гунгаажалцан, 5-р Далай лам, Чоглайнамжил мэргэн, Монголын Сүмбэ хамба, Ишбалжир, Халхын Зая бандид Лувсанпэрэнлэй, Ханчин хамба Жамъянгарав, Зава Дамдин нарын эрдэмтэн мэргэд, уран зохиолч, яруу найрагч нар шүтэж байжээ. Мөн 18-р зууны Төвөдийн гүн ухаантан Жамъяншадвин нь оюун ухааны Шар Манзушир, Цагаан Манзушир, Янжинлхам бурхан гурвыг өөрийн шүтээн болгон шүтэж байсан гэдэг. Төвөдийн Чоглайнамжил мэргэн нь Янжинлхам бурханыг илтээр хөхүүлэн магтсан 100 гаруй боть зохиолыг туурвисан байдаг бол Монголын Их хүрээний Хамба номун хан Агваанхайдав “Эгшигт охин тэнгэрийг баясгагч магтаалын үүлэн далай” хэмээх зохиол туурвижээ. “Үүлэн далай” зохиолын төгсгөлд “Ганшиг зэнжин логво до еий идла Янжин нүр жүг шог” гэж бичээд “Хэн сэтгэлдээ ургуулан бодож уншина, түүний оюун ухаанд Янжин түргэн орох болтугай” хэмээн ерөөж өндөрлөсөн байдаг.

Энэтхэг, Төвөд, Монгол хэмээх Номт гурван улсын ном эрдмийн мэргэд “Дуун ухаан”, “Зохист аялгууны шастир” зэрэг бага 5 ухааны чиглэлээр олон арван боть, ном зохиол туурвиж ирсэн баялаг уламжлалтай. Шар Манзушир, Цагаан Манзушир, Янжинлхам бурханы магтаалыг “Дод брин жамц” буюу “Үүлэн далай” хэмээдэг. Энэхүү гурван бурханы магтаалыг Богд Зонхов, Гүнтэн гэгээн, Агваанхайдав хамба нар зохион бичжээ. Агваанхайдав хамба Янжинлхам бурханы жинанг хүртэж, Янжинлхам бурханы бясалгалыг үйлдэж, 5-р Далай лам “Янжимаг баясгах эгшиг” хэмээх зохист аялгууны онолыг судалдаг уламжлалтай байжээ.

Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт нийт 2 ширхэг Янжинлхам бурхан хадгалагдаж байна. Үүнээс үзэхэд Янжинлхам бурханыг түгээмлээр бүтээж, шүтэж байгаагүй боловч орчин үед урлаг соёлын байгууллага, зохиолч, уран бүтээлчид “Яруу найраг, дуу хөгжим, урлагийн охин тэнгэр” хэмээн дээдлэн шүтэх болсон байна.